Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Испани Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Иугенио Бреголат Овиолис, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланка Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ранжит Уянгода болон Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Латиф Сейф Аддин нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Дараа нь Элчин сайд нарыг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр БНИУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд И.Б.Овиолис хэлэхдээ “Би 1978 онд Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Хуан Антонио Самаранчийн туслахаар ажиллаж байхдаа анх удаа Монгол Улсад хөл тавьж байлаа. Түүнээс хойш Монгол Улс маш их өөрчлөгдөж хөгжин дэвшсэн байна” хэмээгээд хоёр улсын хоорондох дипломат харилцааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийг зорьж ирсэн, цаашид ч хичээн ажиллахаа илэрхийлэв. Ноён И.Б.Овиолис нь анх 1971 оноос эхлэн Испанийн гадаад харилцааны салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд Индонез, БНХАУ, Канад, ОХУ-д тус тус Элчин сайдаар ажиллаж байсан. Монгол Улс БНИУ-ын хооронд 1977 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ноён И.Б.Овиолис нь 1992-1997, 1999-2003 онуудад Монгол Улсыг хамааран суух Элчин сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд энэ удаа тэрбээр Монгол Улсад суух гуравдах удаагийн Итгэмжлэх жуух бичгээ барьж буй онцлогтой.      

Дараа нь БНАСШУ-аас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Р.Уянгода Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан “2012 онд хоёр улсын хооронд диломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор ийнхүү Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйдаа баяртай байна. Манай хоёр орон буддын шашны уламжлалаараа нэн эртнээс холбоотой, найрсаг ард түмнүүд юм. Цаашид энэ харилцааг гүнзгийрүүлэхийн тулд идэвхитэй хамтран ажиллах болно” хэмээв. Элчин сайд Р.Уянгода нь 1985 оноос Шри-Ланкын гадаад албанд ажиллаж эхэлсэн бөгөөд Малайз, Энэтхэг, Канад, Япон зэрэг улсуудад дипломат алба хашиж Нью-Йорк дахь НҮБ-д суух Шри-Ланка Улсын Элчин сайдаар хоёр удаа ажиллаж байсан. Буддын шашин Монголд дэлгэрэх үеэс Монголчуд ном судраас тус улсын талаар анхны мэдээлэл авч “Арслан тив” хэмээн нэрлэж ирсэн бөгөөд хоёр улсын хооронд 1962 оны 2 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон байна.

Түүний дараа Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Л.С.Аддин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Итгэмжлэх жуух бичгий нь хүлээн авсанд талархал илэрхийлэв. Элчин сайд Аддин хэлэхдээ Азербайжан Улс нь Монгол Улстай бүхий л талаар найрсаг түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж ирлээ. Бид цаашид махны импортлох болон нефтийн салбарт илүү түлхүү хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Хуучин ЗХУ-ын үед тус улсад монгол оюутнууд олноор суралцаж байсан бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой нь энэ онд тохиож буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж улс орноо төлөөлөн Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Элчин сайд нарт баяр хүргээд эдгээр улстай дипломат харицлаагаа улам бүр гүнзгийрүүлэн хамтын ажиллагаагаа олон салбарт өргөжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэгэн чухал хэсэг гэдгийг онцлож байв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж