БНСУ гадаад ажилчдын ажиллах хугацааг нэмжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

БНСУ гадаад ажилчдын ажиллах хугацааг нэмжээ

БНСУ гадаад ажилчдад ажил олгох журамдаа өөрчлөлт оруулж, хөлсний ажилчдыг дээд тал нь 10 жил найман сар ажиллуулах эрхийг ажил олгогчдод өгчээ.

Тус улсын Хөдөлмөрийн яам өнгөрсөн хоёрдугаар сард ажил олголтыг зөвшөөрөх журамд өөрчлөлт оруулах санал оруулсан юм байна.

Одоо мөрдөж буй ажил олголтыг зөвшөөрөх журмын дагуу тус улсад гадаад ажилчид дээд тал нь дөрвөн жил, арван сар ажиллах эрхтэй аж.

БНСУ-ын парламент Хөдөлмөрийн яамнаас санал болгосон гадаад ажилчдад ажил олгох шинэ журмыг өнгөрсөн долоо хоногт баталсан байна.

“Korea Times”-д мэдээлснээр дээрх журмыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх гэнэ.

Эхний шатанд ирэх долдугаар сарын 2-ноос Вьетнам, Тайланд, Филиппин, Пакистан зэрэг орноос ирсэн гадаад ажилчдад дээрх эрхийг олгох юм байна. Харин ирэх аравдугаар сард Непаль, Монгол, Узбекистан, Бангладеш, Камбож зэрэг орнуудаас ирсэн ажилчдыг хамруулах гэнэ.

БНСУ гадаад ажилчдад ажил олгох журамд хоёр шалтгааны улмаас өөрчлөлт оруулсан бөгөөд нэг нь чадварлаг ажилчдыг үлдээж, хараар ажиллагсдын тоог цөөлөх зорилготой аж.

БНСУ-ын Хөдөө аж ахуй, гар урлалын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шинэ журам ашигтайгаар эргэсэн аж. Тус улсын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр 30-аас дээшгүй хөлсний ажилтантай хөдөө аж ахуйн фирм эрхлэгч болон 50-аас дээшгүй ажилтантай жижиг үйлдвэр эрхлэгчид гадаад ажилчдынхаа ажиллах хугацааг нэмэх боломжтой гэнэ.

БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн 2011 оны сүүлээр тус улсад 167,000 хууль бус хөлсний гадаад ажилчид бий гэсэн судалгаа гаргасан юм.

БНСУ хууль бус хөлсний ажилчдын тоог 2012 онд дор хаяж 15,000-аар бууруулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ тавдугаар сараас баривчилгааг шуурхай явуулж, нутаг буцааж эхэлсэн гэнэ. Одоогийн байдлаар 300-аад хууль бус гадаад ажилтнуудыг баривчлаад байгаа бөгөөд тэдний 50 нь Непалиас ирсэн иргэд аж. 

БНСУ-ын ажил олгогчид гадаадын хөлсний ажилчдад нэг сард 1,000 ам.долларын цалин олгодог нь Непаль гэх мэт ядуу буурай орны иргэдийн хувьд татгалзахын аргагүй цалин аж. Ийм хэмжээний хөлс нь Малайз, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират  зэрэг орнуудад хөлсний ажилчдад олгодгоос дөрөв дахин их аж.

Тэдгээр орнуудад хөлсний ажилчдад сард дунджаар 250 орчим ам.долларын цалин олгодог гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж