Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхгүй байх үндэслэлгүй гэв

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн батламжийг Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хорооноос олгоогүй тул тус сонгуульд нэр дэвшсэн АН-ын бусад 44 гишүүн батламжаа авахаас татгалзсан юм.

Нийслэлийн АН-ын дэд дарга Н.Батаа, Ц.Энхцэнгэл, П.Батчимэг, Ц.Баатархүү, Д.Пүрэвдаваа, Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр, Э.Бат-Үүл гишүүний хуулийн зөвлөх С.Отгонгэрэл нар энэ талаар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Эрхэм гишүүн Э.Бат-Үүл өнөөдөр Сэлэнгэ аймагт сонгогчдодоо ажлаа тайлагнаж яваа тул хэвлэлийн бага хуралд оролцсонгүй.

Нийслэлийн АН-ынхан нийслэлийн Хурлын сонгуульд оролцох материалаа энэ сарын 24-нд хууль журмынх нь дагуу бүрдүүлэн сонгуулийн хороонд өгчээ. Өнөөдөр АН-ын 45 нэр дэвшигч батламжаа авахаар очсон ч УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийг хуулийн хугацаанд ажлаасаа чөлөөлөгдөөгүй гэсэн шалтгаанаар батламж олгоогүй бөгөөд хэрхэн шийдвэрлэхээ одоо хэлэлцэж буй ажээ. Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Гантөмөр “Бид ялбал хамтдаа ялах ёстой гэж үзэж 44 нэр дэвшигч хурлыг орхиж гарсан. Энэ талаар ямар арга хэмжээ авах, ямар үндэслэл барих талаар сая нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хороонд албан бичиг гардууллаа” гэлээ.

Хуулийн зөвлөх С.Отгонгэрэлийн тайлбарласнаар Э.Бат-Үүл гишүүнийг нийслэлийн ИТХ-д дэвшүүлэхгүй байх үндэслэл байхгүй аж. “Хуульд зааснаар төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн албан хаагчид тухайн сонгуульт оны нэгдүгээр сарын 1-нээс ажлаа өгнө. Харин УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд нь улс төрийн албан хаагч тул сонгуульд оролцохын тулд албан тушаалаа өгөх шаардлагагүй. Э.Бат-Үүл гишүүн нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэнээс бус УИХ-д нэр дэвшээгүй. Иймээс нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хороо түүнийг нэр дэвшигчээр бүртгэх ёстой” гэж хуулийн зөвлөх хэллээ.

Дэд дарга Н.Батаа “УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихийн тулд албан тушаалаа өгөх тухай заалт байхгүй. Монгол Улсын баатар, Э.Бат-Үүл гишүүнд нэр дэвших батламж өгөхгүй байгаа нь нийслэлд засаглаж байгаа МАН-ын үе үеийн удирдлага мафи, авлигын сүлжээгээ хадгалж үлдэх гэсэн асуудал гэж үзэж байна. АН Улаанбаатарт өөрчлөлт оруулж шинэчлэх ёстой. АН хамгийн шилдэг кадруудынхаа нэг, Улсын баатар Э.Бат-Үүлийг нийслэлд илгээсэн. Гэтэл МАН-ын зүгээс АН-ын улс төрийн ирийг мохоох гэж батламж олгохгүй байна. Асуудлыг өнөө орой шийднэ гэсэн. Өнөөдрийн 24.00 цагт нэр дэвшигчдийг бүртгэж дуусах ёстой. АН-ын нэр дэвшигчид өмнөх мафийн сүлжээг устгахын тулд хамтаараа батламжаа авахаар үнэмлэхээ гардахаас татгалзлаа. Гишүүн Э.Бат-Үүл орой Сэлэнгээс ирнэ. Ирээд ямар алхам хийхээ шийднэ” гэв.

Нийслэлийн сонгуулийн хороонд АН-ын угшилтай нэг ч хүн байхгүй, бүгд МАН-ын томилгоотой, тэндээс томилогдсон хүмүүс гэнэ.

Хууль эрх зүйн орчин нь тов тодорхой тул Э.Бат-Үүл гишүүнийг нэр дэвшүүлэхгүй байх ямар ч шалтгаан байхгүй гэдгийг тэд хэлж байлаа. Э.Бат-Үүл гишүүнд нэр дэвшигчдийг эцэслэх сүүлийн мөч хүртэл баталмж олгохгүй бол ямар арга хэмжээ авахаа одоогоор шийдээгүй байна гэснээр хэвлэлийн хурал өндөрлөлөө.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж