-Дипломат төлөөлөгчийн газаргүй оронд суугаа иргэд саналаа өгөх, бүртгүүлэх гээд хоёр удаа явах хэрэг гараад байсан. Үүнийг хэрхэн хялбаршуулсан бэ?
-Дипломат төлөөлөгчийн газаргүй оронд суугаа иргэд хэрхэн саналаа өгөх асуудлаар тодорхой шийдвэр гаргалаа. Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэд өөрийн биеэр ирж болно. Эсвэл цахим шуудан, факсаар бүртгүүлэх боломжийг нээж өглөө. Ингэснээр тухайн иргэн өөртөө аль боломжтой хувилбарыг сонгоод бүртгүүлнэ. Дараа нь зургаадугаар сарын 10-нд болох сонгуульд Дипломат төлөөлөгчийн газартай муж руу нэг удаа л ирэхэд болохоор шийдвэрлэсэн.
-Одоогоор гадаадад байгаа хэдэн хүн бүртгэлд хамрагдаад байна вэ?
-Ер нь бүртгүүлэх явц өдөр өдрөөр нэмэгдэж байгаа. Ганцхан хоногийн өмнө 1978 байсан бол одоогоор энэ тоо 2005-д хүрсэн байх жишээтэй. Цаашид ч нэмэгдэх болно.
-Аль улс, хотод байгаа иргэд хамгийн их бүртгүүлээд байна?
-Одоогоор хамгийн их нь Эрхүүд 531, Лондонд 147, Парист 124, Сөүлд 105 гэх зэргээр бүртгүүлээд байна.
-Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй иргэд хэрхэн саналаа өгөх вэ?
-Одоогоор хилийн чанадад 130-аад мянган хүн ажиллаж амьдарч байгаа гэсэн тоо бий. Тэднээс иргэний шинэчилсэн бүртгэлд 30 гаруй мянга нь бүртгүүлчихээд байгаа. Тэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ давхар шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтой.
-Гадаадаас Монголдоо ирээд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан хүний тодорхой тоо байдаг уу?
-Тийм тоог одоогоор нарийн гаргах боломжгүй байна. Гадаадад, Монголд давхар бүртгэлийн ажил болсон учраас хэлэхэд хүндрэлтэй.
-Тэгвэл саналын хуудасны тоонд ямар нэгэн асуудал гарахгүй юу?
-Гарахгүй гэж үзэж байгаа. Бүх Дипломат төлөөлөгчийн газраас санал өгөх хүмүүсийн тоо тодорхой гарчихна. Түүний дараа саналын хуудсаа бүх муж, улсууд руу таван хувийн запастай явуулах болно. Мөн саналын хуудас өөрчлөгдөж байгаатай холбогдуулан тусгай үзгийг явуулна. Тодорхой лац, дугаар бүхий саналын хайрцгийг эндээс явуулах юм. Гадаадад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах салбар коммисынхонд чиглэл өгөх зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран 11 дипломат төлөөлөгчийн газарт сургалт зохион байгуулсан. Хэдийгээр 11 гэж байгаа ч нийтдээ 39 дипломат төлөөлөгчийн газрын комиссынхон оролцсон.
Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин