Тянь Ань Миний талбайд 1989 онд хэдэн зуун оюутны жагсаалыг хүчээр тарааснаас хойш 23 жил өнгөрч байна. Ирэх зургадаар сарын 4-нд уг цуст өдрийг эргэн дурсах аж. Тянь Ань Миний талбайд амиа алдсан хохирогчдын дурсгалыг хүндэтгэсэн жагсаал өнгөрсөн ням гаригт Хонконгод болжээ.
2,100 гаруй хүн оролцсон жагсаалд өмнөх жилүүдэд 8,000 гаруй хүн оролцдог байсан юм. Жагсагчид 1989 онд Тянь Ань Миний талбайд оюутнуудын жагсаалыг цус урсган, хүчээр тараасныхаа төлөө амиа алдагсдын ар гэрээс уучлал гуйхыг Хятадын эрх баригчдаас шаардсан лоозон барьсан байжээ.
Хятадад Тянь Ань Миний талбайд оюутнуудын бослогыг хүчээр тарааснаас хойш энэ талаар ярихыг хориглосон тул аймшигт явдал хүмүүсийн дурсамжаас бараг арчигдсан аж. Гэвч тэр аймшигт өдрийг хэзээ ч мартаж чадахгүй хүмүүс олон байгаа билээ.
Тянь Ань Миний талбайд амиа алдагсдын ар гэрийнхний хөдөлгөөний нэгэн гишүүн тэр аймшигт өдрийн дарамтыг тэсч чадалгүй өнгөрсөн баасан гаригт амиа хорлосон байна.
73 настай Я Вэйлиний хүү Я Айгуо 1989 оны зургадугаар сарын 3-нд Бээжинд болсон оюутнуудын бослогын үеэр 22 настайдаа толгойдоо буудуулж амиа алджээ. Хятадын төрийн өмчит цөмийн судалгааны институтэд насаараа ажиллаж тэтгэвэртээ гарсан Я Вэйлин Хятадын эрх баригчид хүүгийнх нь үхэлд 20 жилийн хугацаанд ганц ч удаа уучлал гуйгаагүй хэмээн гэрээслэлдээ бичсэн байжээ.