Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөл энэ сарын 24-нд Баян-Өлгий аймагт хуралджээ. Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн энэ сарын нэгдүгээр улиралд хийсэн ажлын гүйцэтгэл, үр дүнд үнэлгээ өгч хэлэлцсэнээс гадна Ховд аймгийн 2011 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт хийсэн талаар танилцуулжээ. Мөн Баян-Өлгий аймагт хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаа дүнг хэлэлцсэн байна. Энэхүү зөвлөлгөөнд Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга оролцож тулгарч буй бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцжээ. Аймаг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн мэргэжлийн хяналтын албадад орон тооны 1387 улсын байцаагч ажиллаж байна. Тэд нийт 146 хяналтын хуудас ашиглаж 12065 шалгалт хийжээ. Үүнээс 60,5 хувийг хяналтын хуудсаар хийсэн байна. Нийт шалгалтын 6625 нь төлөвлөгөөт, 4730 нь төлөвлөгөөт бус, 710 нь гүйцэтгэлийн шалгалт байжээ. 19088 байгууллага, аж ахуйн нэгж, 9778 салбар нэгж, 116408 иргэнийг шалгалтанд хамруулан улсын байцаагчийн 2907 акт, 11365 албаны шаардлага, 5943 дүгнэлт өгчээ. Хяналт шалгалтыг хийх тухай мэдэгдэл 4435 өгч, 14913 шалгалтын тэмдэглэл хөтлөсөн байна.