Buffett-ын Berkshire компанийн орлого нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Buffett-ын Berkshire компанийн орлого нэмэгджээ

Гурван жилийн өмнөхтэй харьцуулбал Warren Buffett-ын “Berkshire Hathaway Inc” компанийн энэ оны эхний улиралд олсон ашгийнх нь хэмжээ өмнө байгаагүй өндөр  байна гэв. Өнгөрсөн оны эхний улиралд тус компани 22.8 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж байсан бол энэ оны эхний гурван сарын орлого нь 32 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оныхоос 41 хувиар нэмэгдсэн байна гэж “Berkshire” компани тавдугаар сарын 7-нд татварын албанд тайлан гаргахдаа мэдэгдсэн байна.
Уг орлогод нь энэ оны хоёрдугаар сард худалдаж авсан “Burlington Northern” компанийн орлого орж байгаа. Энэ оны хоёрдугаар сард Warren Buffett 27 тэрбум ам.доллараар “Burlington Northern”-ыг худалдаж авсан нь түүний амьдралдаа хийсэн хамгийн том наймаа юм. “Berkshire” компани жилийн өмнө эхний улиралд 1.53 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол энэ жил эхний улиралд 3.63 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.
Ноён Buffett өнгөрсөн арван жилийн дотор орлогоо дөрөв дахин нэмэгдүүлж чадсан бөгөөд даатгал, дахин даатгалын зах зээл дээр маш амжилттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвхөн даатгал, санхүүгийн үйлчилгээнээс гадна өөр олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тэрбээр 2000 онд эрчим хүчний үйлдвэрлэгч “MidAmerican Energy Holdings” компанийг, мөн 2006 онд хувцасны худалдаа эрхэлдэг “Russell Corp” компанийг, 2008 онд барилгын үйлчилгээ болон барилгын цахилгаан монтажны үйлчилгээ эрхэлдэг “Marmon Holdings Inc” компанийг худалдаж авсан юм.
Ноён Buffett хийсэн хөрөнгө оруулалтын орлогоосоо 1999 онд 25 тэрбум ам.доллар, өнгөрсөн 2009 онд 112.5 тэрбум ам.долларын орлого олсон. Тэрбээр өнөөдөр 100 гаруй тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багцыг удирдаж, хянаж, ашиг алдагдлыг нь тооцож, шийд гаргаж байгаа бөгөөд манай гаригийн гуравдахь чинээлэг хүн гэж тооцогдож байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж