Дипломат шугамаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Дипломат шугамаар ажиллаж байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг өнгөрсөн найман жилийн хугацаанд төр түшин ажилласан байдлаа сэтгүүлчдэд товч тайлагналаа.

Тэрбээр байр суурь нэгтэй бусад гишүүдийн хамт Оюутолгойн гэрээнд холбогдох өөрчлөлт оруулснаар Монгол Улсын сан хөмрөгт орох ашгийг 1,8 ам.доллараар нэмэгдүүлж чаджээ. Энэ нь Монгол Улсын иргэн тутамд 650 ам.доллар оногдох хөрөнгө ажээ. Тавантолгойн хувьцаанаас Монгол Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгох шийдвэр гараад байсныг 1072 болгон өсгөсөн гишүүдийн нэг нь Д.Ганхуяг юм.

Мөн Өрсөлдөөний тухай хуулийг санаачлан батлуулж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах бүтцийг улс төрөөс хараат бус, харилцаанд оролцогчид хамтын удирдлагын зарчмаар ажилладаг болгожээ. Монополь аж ахуйн нэгжүүд үнэ зохиомлоор хөөрөгдөж, үгсэн хуйвалдах байдлаар үнэ нэмбэл хуулийн хариуцлага хүлээлгэх, төрийн зүгээс аж ахуйн нэгжүүдэд ялгавартай хандсан бол холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах зэрэг арга хэмжээ авахаар болсон байна.

ОХУ-ын өмч хэмээгдэх орон сууцны байр нийслэлийн Банзүрх дүүрэгт тав, Дархан-Уул аймагт хоёр, төмөр замд нэг байдаг. Эдгээрийн өмчлөлийг Монголын талд шилжүүлэх чиглэлээр Д.Ганхуяг гишүүн мөн ажиллаж зохих үр дүнд хүрчээ. Байруудыг шилжүүлэн авах талаар одоо ГХЯ дипломат шугамаар ажиллаж байгаа ажээ.

Монгол Улсын иргэнд нэг удаа, үнэ төлбөргүйгээр газар өмчлүүлэх хугацаа 2013 онд дуусах байв. Тэгвэл Д.Ганхуяг гишүүн санаачлан хууль батлуулж 2018 оны тавдугаар сарын 1 хүртэл энэ хугацааг сунгуулаад байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж