National Geographic-ын гэрэл зурагнууд ихэнхидээ байгалийн гоо сайхан, гайхамшгийг нээн харуулдагтай бид нэлээн дасал болжээ. Харин энэ удаад байгаль эхтэйгээ харьцаж, танин мэдэж байгаа агуу эрэлч, хайгуулч, адал явдлын зүтгэлтнүүд дуранд илүү өртжээ. Тэд мэдээж зоригтой, чадалтай, тэсвэр хатуужилтай, аюумшиггүй бодгалиуд. Гэхдээ гол нь байгаль эхээ хүндэлдэг, хайрладаг хүмүүс…
5 сарын 21
Серфингч бүсгүй Сосо Но бээр хамгийн залуу хийгээд хамгийн ирээдүйтэй тамирчин гэдгээрээ зөвхөн төрсөн нутаг Хавай төдийгүй хилийн чанадад ч алдартай нэгэн. Бүр 2009 онд тэрээр Мэргэжлийн Серфингчдийн Холбооны (ASP) Оны шинэ нээлт цолыг хүртэж хавайн оны шилдэг серфингч болжээ. Бүсгүй тун олон төрлийн бишрэм үзүүлбэр толилуулдагийн нэг болох “усан доорх серфинг”-ийг дуран авай буулгажээ.
5 сарын 22
Эмх замбараагүй утас шөрмөс мэт энэ орооцолдоон бол японы Суруга булан дахь гүний үнэт шүрэн ой юм. Мөчир болгон нь соруул наалдангуудтай бөгөөд урсгал өөд өчүүхэн тэмтрүүлээ сунгаж хүнсээ цуглуулж амьдрана.
5 сарын 23
Хаданд авирахтай зэрэгцэн сүүлийн үед мөсний авиралт спортын нэгэн шинэ төрөл болоод байна. Довтлох талбар нь хөлдсөн хүрхрээ, мөсөн унжлага эсвэл гараар бүтээсэн мөсөн байгууламж байдаг юм. Энэ төрлөөрх үндэсний болон олон улсын тэмцээнүүд тогтмолжиж байна. Гэрэл зураг дээр хорватын тамирчдын бэлтгэлийг харж болно. Тэд Баавгайт уулны Сопот хөлдсөн хүрхрээ дээр авирч байна. Зураглалд өнгө нэмж байгаа улбар тэнгэр бол хажууханд нь байгаа Загребын гялбаа болой.
5 сарын 24
Өмнөд Камчаткийн нутаг дэвсгэр дээр байрлах Мутновын галт уулыг 1996 онд Юнескогоос Дэлхийн байгаль хийгээд соёлын өвд бүртгэжээ. Уул өөрөө байгалийн гайхамшигт дурсгал, харин Камчаткын хязгаар бол дэлхийн хамгийн өндөр галт уулын идэвхижилттэй газрын нэг билээ. Энд ажиллагаатай 29 галт уул бий. Үнэнхүү өвөрмөц Мутновын галт уул жуулчдын анхаарлыг татахын зэрэгцээ судлаачдын хувьд чухал объект. Галт уул судлаач өндөр хэмийн фумарол, ууран цооног, халуун рашаан бүхий талбайгаар бэдэрч байна.
5 сарын 25
Юта муж онцгой хуурай бөгөөд огт наалддаггүй цасаараа алдартай. Альта хэмээх уул, цанын амралт нь америкийн уулын цаначдын шүтээн болсон газар. Энд америк даяарын хамгийн хямдхан өргөгчид байдгаас жинхэнэ мастерууд олноороо цугладаг. Энд амьд домог олныг харж болохын жишээ нь бидний халиах Max Kuszaj. Оройн бэлтгэл…
5 сарын 26
Зуун зууны туршид хүн төрөлхтөн ойг шавхагдашгүй баялагт тооцож хайр найргүй устгасаар ирсэн. Дэлхийн хамгийн өндөр мододыг ч тэр. 106 метр өндөр секвойя нарсан дээр суугаа ургамал судлаач Мари Антуан модны голоос авсан дээжээ хамтран зүтгэгч Жакомо Ренцуллод дамжуулан өгч байна. Энэ мод л гэхэд 750 жилийн настай, ерөөс секвойя нь 110 метрт хүрч ургах нь хэвийн үзэгдэл гэж нэмэх л үлдэх шив дээ.
5 сарын 27
Дорнод Балбад Хималайн ууланд мацахад тусладаг нутгийн газарч, ачаа үүрэгчдийг “шерп” гэж нэрлэдэг. Шерп нь угтаа бол нутгийн нэгэн ястны нэр юм. Чухамхүү мэргэжлийн уулчин шерпүүдэд Эверестийн ихэнхи аварга амжилтууд хамаатай. Яг л ийм шерп Балбын хамгийн цуутай Тэнбоче хийдийн ойрмогхон зурагчны дуранд өртсөн бөгөөд яг л ийм шерп, монгол гаралтай Дэнзэн бээр хүн төрөлхтнөөс хамгийн түрүүнд 1953 онд Жомолунмагийн догшин буурал оргилд хөл тавьсан билээ.
Алсад Жомолунма дүнхийнэ…