![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/5/79fe4a1302b52f68/deb0f7d94d4dc7a6original.jpg)
Японы мэргэжлийн сумо бөхийн макүүчи зиндаанд 1047 даваа авч, түүхэн амжилтын эзэн болсон озэки Кайо өнгөрсөн зун зодог тайлсан билээ. Харин түүний зодог тайлах ёслол Токио хотын “Кокугикан” ордонд ням гаригт болжээ. Японы сумогийн холбооноос зохион байгуулсан хүндэтгэлийн ёслолд 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд Кайогийн харьяалагддаг дэвжээний ояката Томозуна, ояката Асакаяма, экс-ёкозуна Таканохана, их аварга Хакухо нарын мэргэжлийн сумочид түүний үсэнд хүрэх ёсыг гүйцэтгэжээ.
Япончуудын хайрлан хүндэтгэдэг Кайо 2011 оны нагоя башёгийн дараа зодог тайлсан билээ. Тэрбээр 1988 оны хаврын башёд экс-ёкозуна Таканохана, Ваканохана, Акебоно нартай нэгэн үе анхлан сумогийн дохёноо гарч байжээ. Харин 1993 оны зуны башёгаас макүүчи зиндаанд дэвшин барилдах болсон байна.
С.Цэлмэг