Ажлын хэсэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Ажлын хэсэг хуралдлаа

Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн хурал үдээс хойш Төрийн ордонд боллоо.
Үдээс өмнө Ардчилсан намын бүлгээр уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд үзэл баримтлал, цагдаагийн байгууллага нь ямар зохион байгуулалтад орж байгаа нь тодорхойгүй, мөрдөн шалгах үйл ажиллагааг тодорхой тусгаагүй байгаа талаар тодруулга авах саналаа ажлын хэсэгт оруулсан байна.
Ажлын хэсгийн гишүүн С.Эрдэнэ шинэчилсэн хуулийн төсөлд цагдаагийн байгууллагын бүтэц одоо хуульд байгаагаараа орж ирсэн мэт харагдаж байгааг ажлын хэсгээс тодруулахыг хүслээ. Ажлын хэсгээс тодорхой тайлбаруудыг хийж байсан бөгөөд хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өмнө нь дүрэм журмаар зохицуулагдаж байсан харилцааг хуульчилж өгөхөөр тусгажээ.
Мөн цагдаагийн хууль сахиулах ажиллагааг хэвтээ, мөрдөн шалгах үйл ажиллагааны зохион байгуулалтыг босоо удирдлагатай байхаар болгосон байна.
Энэхүү хуулийн төсөл нь орон нутгын засаг захиргааны бүтэц бүрэн гүйцэд тогтож бэхжээгүй байхад хийж байгаа учраас уялдаа холбоог хийх ажил хүндрэлтэй байгаа, мөн Ардчилсан намын бүлгийн гишүүд ойлголтын зөрүүтэй байгаа учраас маргаашийн Байнгын хорооны хурлаар уг асуудлыг хэлэлцэхээс өмнө ажлын хэсгийнхэнтэй уулзах саналтай байгаа аж.
Ямартаа ч Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгээс санал дүгнэлтүүдээ нэгтгэн маргааш байнгын хорооны хуралд оруулахаар боллоо.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж