Одоогоос хэдхэн жилийн өмнө “Forbes” сэтгүүл Опрагийн орлогыг 125 сая доллорт хүрсэнийг зарласан нь шоу бизнесийн салбарт хүчээ соригсодын нэрсийн жагсаалтад дээрээсээ 4-т бичигдэх боломжийг олгожээ. Өнөөдөр тэрбээр АНУ-ын телевизийн №1 хөтлөгч ток-шоу /talk-show/-ны хатан хаан, хамгийн баян хар арьстан эмэгтэй болсон. Түүний ток шоу нь бусад ижил төстэй хөтөлбөрүүдийг ардаа орхисон бөгөөд долоо хоног бүр дэлгэцийн 33 сая Америкчуудыг цуглуулж чаддаг байна. Түүний ток шоунд оролцон уригдана гэдэг хэнд ч гэсэн нэр төрийн хэрэг болдог. Тиймдээ ч ярилцлаганд уригдсан нэгэн ганцхан оройн дотор тэнгэрээс од шүүрдэх тохиолдол ч цөөнгүй гардаг гэнэ.
Наад захын жишээ гэхэд хэний ч танил биш Марианна Уильямсон гэгч зохиолч эмэгтэй ток шоунд оролцсоныхоо маргааш нь гэхэд алдартан болж түүний бичсэн “Хайр сэтгэлдээ харьж ирсэн нь” хэмээх ном нь долоо хоногийн дотор 300 мянган хувь борлогдсон гэдэг. “ Made by Oprah” гэдэг бол түүний чанарын тэмдэг юм. Энэ ч утгаараа түүний өнгөрсөн хугацаанд хийсэн ток шоунууд энэ нэрээр телевизийн хөтлөгчийн мэргэжлийн эхлэн сурах бичиг болон оюутнуудын ширээн дээр очоод байгаа. Тэрээр өөрийн студидээ гагцхүү шилдгүүдийг урьдаг бөгөөд түүний зочин нь болно гэдэг Америкт төдийгүй хилийн чанадад нэрд гарах болон аз хийморь дүүрэн яваа хүн гэдгээ харуулсан хэрэг болдог. Мадонно, А. Шварценеггер, Пол Маккартни, Жорж Кеннеди, Синди Кроуфорд, Жулия Робертс, Том Круз, Барбара Стрейзэнд, Майкл Жордан……ийм л зиндааны хүмүүс түүний зочин болдог.
Цагтаа өөрийн хувийн амьдралын талаар ямар ч сэтгүүлчид ам ангайхгүй хэмээн андгай тангараг тавьж байсан ааш муутай попын хаан Майкл Жексон хүртэл түүний урилгыг хүлээн авсан төдийгүй зураг авалтыг өөрийн орд харшид хийлгэсэн билээ. Энэ ярилцлагыг дэлхийн олон орны телевизүүд дамжуулж байсан билээ. Гэхдээ түүнд энэхүү алдар хүндэд хүрэх зам асар урт байлаа. Опраг хорвоод мэндлэхэд эцэг эх нь 18 ч хүрээгүй байжээ. Тиймээс анхандаа түүнийг өсгөн хүмүүжүүлэх үүрэг шашны мухар сүсэгт гүнзгий автсан эмэг эхэд нь оногдсон гэдэг.Чухам тэр эмгэн Америкийн ирээдүйн одод Опра хэмээх ер бусын нэрийг хайрласан гэдэг./Энэ нэрийг Библийн судраас авсан гэдэг/. Эмээгийнхээ ферм дээр тарчиг ядуу амьдралд хэдэн жилийг өнгөрөөгөөд тэрээр төрүүлсэн эх дээрээ Милоукид эргэн иржээ. Гэтэл нэгэн эмгэнэлт явдал болсон нь түүнийг есөн настай байхад нь хамаатных нь банди удаа дараалан хүчиндэж улмаар 14-тэйдээ хүүхэд төрүүлсэн ч тэр нь удалгүй амьсгал хураажээ.
Хамгийн гайхалтай нь түүний хүүхэд насанд тохиолдсон энэ хэрэг явдлыг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Энэ ч үүднээс Опра ток шоундаа бага насны хүүхдийн хүчирхийллийн талаарх сэдвийг байнга хөнддөг бөгөөд үүний бодит жишээ болгон өөрт тохиолдсон явдлын талаар нэг биш удаа дурьдаж байсан юм. Опра олон ярилцлагандаа өөрийн эцэг, бизнес эрхлэгч Вернон Уинфриг амьдралынхаа хамгийн гол эр хүн хэмээн үздэгээ илэрхийлдэг. Тэрээр эцэг дээрээ уг явдал болсоны дараа хүрч ирсэн юм. Удалгүй шинэ газар шилжиж ирсэн Опрагаас “хэцүү явдалтай хүүхэд” гэсэн нэр салахаа больжээ. Үүнд эцэг нь хатуу арга хэмжээ авч өдрийн дэглэм мөрдүүлэхийн зэрэгцээ тэндхийн нэгэн нэр хүндтэй коллежид оруулсан байна. Ингэснээрээ ч эцэг Верноны хатуу чанга хүмүүжил Опрагийн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ. 19 настай тэрээр Нешвиллийн орон нутгийн радиостанцад сурвалжлагчаар ажиллах болжээ. Энэ түүний анхны хөдөлмөрийн гараа байлаа.
Тэнд ажиллахын зэрэгцээ Теннесси мужийн их сургуульд уран уншлагын онол, бүжиг, хөгжим, драмын дамжаануудад суралцаж байлаа. Энэ бүхний үр дүнд тэр 1971 он гэхэд орон нутгийнхаа телевизийн сувгийн мэдээллийн хөтөлбөрийн анхны хар арьстан хөтлөгч болов. Хэдэн жилийн дараа Опра эцгийнхээ гэрийг орхин Балтиморт уригдан ирж “ Хүмүүс ярьж байна” ток шоуны хамтран хөтлөгч болжээ. Тухайн үед хар арьстануудын хувьд телевиз хориотой бүс байсан учраас энэ алхам нь телевизийн продюсеруудын хувьд аз сорьсон хэрэг байлаа. Түүний зэрэгцээ арьсны өнгөнөөс илүүтэй түүний телевизийн хөтлөгч гэхэд хэцүү гэмээр хайш яйш хав дөрвөлжин бие, нүүр царайны асуудал байв. Гэтэл огт санаанд оромгүй зүйл болжээ. Опрагийн хөтөлсөн нэвтрүүлгүүдийг улам олон хүн үзэх болж энэ ч утгаараа түүний нэр хүндээс гадна тухайн телевизийн нэр хүнд суга өсч эхлэв.
Үзэгчид мяраалаг боловч өөрсдийнх нь сэтгэлийн утсыг хөглөж чаддаг хөтлөгч бүсгүйг халуун дотноор хүлээж авдаг байлаа. Гэвч өөрийн карьерыг цааш ахиулах гэсэн Опрад орон нутгийн хэмжээний нэр алдар хангалтгүй байсан тул тэрээр Балтиморт 7 жил ажиллаад жинхэнэ нэр алдрыг горилон Чикаго хотыг зорьжээ. Хожим нь тэрээр нэгэн шоуны үеэр өөрийн бүтэлгүй хувь заяа хүнд хэцүү амьдрал, эцэг Вернон, Балтиморийн талаар тэр үед төдий л танил болж байсан А.Шварценеггерт гомдоллон ярьж байжээ. Чикаго Опраг дотноор угтан авсан юм. 1984 онд тэндхийн телевиз шинэ ток шоу хөтөлбөрийн бэлтгэл ажилд оржээ. Үүний цаад зорилго нь тэр үеэд энэ салбарт ноёрхож байсан Фил Донахьюгийн шоутай өрсөлдөх явдал байлаа. Өрсөлдөөний гол дүрд Опра тоглох болов.
Тэр үед Опрагийн сэтгэл санаа маш тавгүй байсан гэдэг. Америкийн телевизийн хамгийн гандан буурашгүй супермэнтэй халз үзэлцэх гэж байсан болохоор ч тэр биздээ. Гэтэл түүний шоунууд гарч эхэлсэн өдрөөсөө л урьд хожид байгаагүй өндөр рейтингэд хүрч байлаа. Хэвлэлүүд ч энэ талаар магтах үгээ олж ядаж байв. Донахьюгийн зочдын хүйтэн ихэмсэг, цэцэрхсэн байдлаас илүүтэй Опрагийн хүмүүсийн сэтгэл санааг үнэхээр зовоож байдаг сэдвийг сөхсөн ярилцлагууд үзэгчдийг байлдан дагуулж эхэлсэн байна. Энэ үеэр түүн рүү телевизийн шүүмжлэгчдээс гадна кино шүүмжлэгчид анхаарлаа хандуулж эхэлжээ. Энэ нь тэрээр Стивен Спилбергийн “Өнгөт хүмүүс” хэмээх киноны Софийн дүрд тоглож “Туслах дүрийн шилдэг жүжигчин”-ээр өргөмжлөгдөн, Оскар хүртсэнтэй холбоотой юм. Түүнчлэн Опра өөрийн энэхүү нэр алдрыг ашиглан, Харпо корпорейшн (Oprah-гэснийг араас нь унших) хэмээх хувийн компаниа байгуулж, мөн хөтөлдөг Ток-шоугаа ч өөрийнхөө нэрээр нэрлэх болсноор тал талаас томоохон хөрөнгө оруулалтуудыг татах болжээ.
Америкийн телевизийн хамгийн шилдэг хөтлөгч болох гэсэн түний аян дайн үргэлжилсээр байлаа. Хэдэн жилийн өмнөөс тэрээр Ток-шоуны төрөл жанр удахгүй хямралд орж болзошгүйг урьдчилан харж чадсан бөгөөд ингэснээр өөрийнхөө шоунд шинэчлэл хийж, шинэ сэргэг зүйлээр баяжуулан, ерөнхий байдал, дүр төрхийг нь сайжруулсан юм. Мөн өөрийн стиль болон биеэ авч явах байдалд ч өөрчлөлт хийн, үсээ шинэ хэлбэрээр засуулан, спортоор хичээллэн турж, эрүүл аж төрөх ёсыг идэвхитэй сурталчилах болжээ. Үүнийг ч дагаад тэр үеийн ток-шоуны хөтөлбөр хэт их уянгалсан, уйдаасан байдлаас салсан гэхэд болно. Одоо тэрээр янхандалт, хар тамхи-мансуурал, садар самуун, хүчирхийлэл гэсэн улиг болсон сэдвүүдээс аль болох тойрч гарахыг эрхэмлэх болжээ. Үүний оронд яруу найраг, сэтгэл-зүй, урлаг шинжлэх ухааны талаарх яриаг түлхүү явуулж байна.Опра ном сонирхогч, кино хоройтонуудын клубыг байгуулсан бөгөөд түний шоунууд ямар нэгэн шинээр гарсан номны талаар хэлэлцэж эхлэх нь олонтай.
Түүнчлэн илүүдэл махан тарганаасаа салах гэж үйлээ үзсэн Опрагийн хувьд энэ асуудал бүр ч их байр эзэлдэг. Тэрээр 100 гаруй кг жинтэй байснаа уйгагүй дасгал сургуулилт хийж, хоолны тусгай дэглэм барьсны дүнд 30 кг хасч чадсан юм. Ийм зовлонтой эмэгтэйчүүдэд зориулан холын зайн гүйлтийг зохион байгуулдаг болоод хэдэн жил болж байгаа. 2005 онд 45 нас хүрсэн бүсгүй энэ хугацаанд “Америк мөрөөдөл” маягийн амьдралынхаа бүхий л зорилгыг гүйцэлдүүлсэн гэлтэй. Гэхдээ угийн дайчин шаргуу зантай Опра нөхөрт гарахыг нэг их яарахгүй байгаа бололтой. Бараг 10 гаруй жил нэр холбогдож яваа Стэдмен Грэхемтэй ч гэрлэх төлөвлөгөө түүнд одоохондоо алга байна. Тэрээр хүүхэд төрүүлмээр санагдсан цагтаа л нөхөрт гарна гэж ярьдаг. Эх болох гэдэг бол эмэгтэй хүнээс дээд зэргийн цаг зав шаардсан ажил гэж тэр үздэг.