Эден Хазард “Челси”-гийн эгнээнд

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Эден Хазард “Челси”-гийн эгнээнд

Буурал тивийн хүчирхэг багуудыг хуйлруулж байгаа Францын “Лилль” клубын
21 настай залуу тоглогч Эден Хазард Европын шинэ аваргуудын эгнээнд
элссэнээ мэдэгдлээ. Тэрбээр 32 сая фунт стерлингээр үнэлэгдэх таван
жилийн хугацаатай гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ тухай Хазард
даваа гаригийн орой Twitter-ээр дамжуулан мэдэгджээ. Ямартай ч
ирээдүйтэй залуу тоглогчийн төлөөх “тулаанд” Лондонгийн баг ялалт
байгуулав. Лондонд тавтай морил, Эден!

Европын хөлбөмбөгийн өнөө цагийн “үнэт өв” гэгдэж буй бельги тоглогч
Эден Хазард өнгөрсөн жил “Лилль”-ийн хамт Францын лигийн түрүү хүртсэн.
Харин энэ улиралд багийнхаа төлөө 20 гоол оруулжээ.

Хөгшин тивийн залуу аварга “Челси” клубтэй холбоотой өөр мэдээлэл
хүргэхэд, хаалгач Петр Чех багтайгаа дөрвөн жилийн хугацаатай шинэ
гэрээг үзэглэсэн байна. Чех тус багийн төлөө 369 тоглолтод оролцсоноор
багийн түүхэнд хамгийн олон тоглолтод оролцсон гадаадын тоглогч болж,
нэрээ үлдээгээд буй. 2004 онд “Лондонгийн язгууртнууд”-ын эгнээнд
нэгдсэн цагаас хойш тэрбээр Премьер лигт гурвантаа түрүүлж, FA Cup-т
дөрөв, лигийн цомын тэмцээнд хоёр удаа аваргалаад байгаа юм. Харин энэ
улиралд Аваргуудын лигийн финалд “Баейрн Мюнхен”-г буулган авахад гол
тоглогч байсан билээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж