Египетчүүд мухардалд оржээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Египетчүүд мухардалд оржээ

Египетийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг Ахмед Шафикийн сонгуулийн штаб халдлагад өртжээ. Нийслэл Каир хотын Докки дүүрэг дэх сонгуулийн штабт халдлага гарсны дараа байранд гал гарч буйг Египетийн телевизээр шууд дамжуулан үзүүлсэн гэнэ.

Гал түймрийн улмаас хүн шатаж, түлэгдсэн тухай мэдээ ирээгүй аж. Нэр дэвшигч Ахмед Шафик ирэх зургадугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэний дараа түүний сонгуулийн штаб ийнхүү халдлагад өртсөн байна.

Цагдаа нар халдлагын үеэр найман сэжигтнийг баривчилжээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр Ахмед Шафикийг эсэргүүцэгчид түүний сонгуулийн штаб руу дайран орж, сонгуулийн ухуулга сурталчилгаа, зураг хуудас болон компьютеруудыг нь хулгайлсан аж.

Халдлагыг хэн зохион байгуулсныг одоогоор тогтоогоогүй байгаа гэнэ. Египетэд өнгөрсөн долоо хоногт болсон ерөнхийлөгчийн сонгуулиар 13 нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчдоос 50-аас дээш хувийн санал авч чадаагүй юм.

Удирдагчаа анх удаа чөлөөт сонгуулиар сонгох эрхтэй болсон Египетчүүд сонгуулийн үр дүн иргэдэд сонголт үлдээсэнгүй гэж үзэж байгаа гэнэ.

Египетийн ард түмэн Хосни Мубаракийн дэглэмийн үеийн Ерөнхий сайд асан Ахмед Шафикийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Бас Египетийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий улс төрийн хүчин Лалын ахан дүүс намын нэр дэвшигчид бол төрийн эрхийг бүр ч атгуулж зүрхлэхгүй гэж иргэд ярьж байгаа аж.

Египетийн улс төрийн нөхцөл байдал Хосни Мубаракийн дэглэм ганхаж байсан үеийнхээс ч хурцадмал, хаашаа ч эргэж мэдэхээр байгаа талаар ажиглагчид бичиж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур үлдсэн Египетчүүд Хосни Мубаракийг огцруулсан хувьсгалын голомт болж байсан Тахрирын талбайд дахин цугларчээ.

Хэдэн зуу, магадгүй бүр хэдэн арван мянган Египетчүүд хотын төв талбайд цугларч, сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байгаа гэнэ. Каир хотод ажиллаж буй гадаадын сурвалжлагчдын мэдээлснээр бүр шөнө болсон хойно ч Тахрирын талбай руу чиглэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байсан аж.

Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн хөдөлгөөн Александра хотод ч мөн гарсан байна.

Египетийн хоёр дахь том хот Александрад зүүний үзэл баримтлалт Хамдин Сабахи саналаар дээгүүр  гарч ирсэн юм.

Египетийн Лалын ахан дүүс нам ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэдэгтээ итгэлтэй байсан билээ. Гэвч нэр дэвшигчдийн хэн нь ч 50-аас дээш хувийн санал авч чадаагүй бөгөөд Лалын ахан дүүс намын нэр дэвшигч Мохаммед Морси 24.3 хувь, Ахмед Шафик 23.3 хувийн санал авсан байна.

Гэвч Египетчүүд тэдний хэнийг ч шинэ лидерээ болохыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд Тахрирын талбайд цугларах нь Египетийг аврах цорын ганц арга гэдэгт итгэжээ.

Хосни Мубаракийн дэглэмийн үеийн сүүлчийн Ерөнхий сайд байсан Ахмед Шафикийг Египетчүүд дарангуйлагч дэглэмийн төлөөлөл хэмээн үздэггүй гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж