-Сүүлийн үед ямар нэвтрүүлэг дээр ажиллаж байна. Сонин сайхнаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Найзуудтайгаа нийлээд гэрэл зураг, видео бичлэг, нэвтрүүлэг, реклам бэлтгэдэг студи ажиллуулж байна. Мөн нэг шинэ нэвтрүүлэг хийж байгаа. Энэ нэвтрүүлгээ сонгуулийн дараа цацаж эхлэхээр төлөвлөөд байгаа.
-Миний хувьд ирээдүйн сайхан руу тэмүүлсэн гэрэл гэгээтэй нэвтрүүлэг үзэх дуртай. Харин таны хувьд сүүлийн үед ямар нэвтрүүлгийг голчлон үзэж байна?
-Телевизийн нэвтрүүлгийн орон зайд нийгмийн сайн сайханруу чиглэсэн, тэднийг сайн сайхан зүйлрүү уриалан дуудсан нэвтрүүлэг дутаад байх шиг санагддаг юм. Бид нар л сайн уран бүтээл хийхгүй бол үзэгчид удирдлагаа бариад гадны суваг дээр тавиад хүссэн нэвтрүүлгээ үзчихнэ. Би өөрөө телевизийн нэвтрүүлгүүдийг маш сайн үздэг идэвхитэй үзэгчдийн нэг. Сүүлийн үед “Камертон 2” шоуг гэр бүлээрээ үздэг болоод байгаа. Хамтдаа оролцогчдын дуулж байгааг нь сонсоод биширдэг, алга ташиж баяр хүргэдэг. Заримдаа үнэхээр инээд хүрдэг. Гэхдээ “Камертон 2” шоуны талаар ярихаасаа өмнө Камертон хамтлагийн талаар ярих нь зүйн хэрэг гэж бодож байна. Бидний үеийн залуучууд тэр чигээрээ л Камертон хамтлагийн дууг сонсох дуртай, сонсож өссөн хүмүүс. Дууг нь хальсан дээр бичиж аваад, ухрааж сонсоод гэртээ орилдог, толиныхоо өмнө дагаж дуулдаг байлаа. Камертон хамтлаг одоо ч гэсэн тоглолтоо хийвэл бидний үеийн залуус гүйж очоод үзнэ. “18 нас” дууг бөөндөө дуулж, “Явах цаг боллоо” дууг Мээдээтэй хамт үглэнэ, дурсамжаа сэргээнэ. Монголын телевизүүд олон шоу нэвтрүүлгүүдийг хийж байна. Гэхдээ надад шүүгчид нь огт таалагддаггүй. Надад таалагдах алба ч байхгүй л дээ. Харин Камертон хамтлагийн дөрвөн залуу бол шүүгчийн суудал дээр суух ёстой залуус мөн. Нэгдүгээрт: Энэ дөрвөн залуу бол Монголын хөвгүүдийн хамтлагийн оргилд нь хүрч чадсан хамтлаг мөн. Хоёрдугаарт: Энэ дөрвөн залуу бол дөрвүүлээ хөгжмийн боловсрол мэдлэгтэй. Зүгээр нэг дуу дуулаад явдаг биш давхар хөгжмийн боловсролыг нь эзэмшсэн. Үүнийг би заавал хэлэхийг хүсч байна. Энэ том шоунд өөрийгөө сорихоор, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд ирсэн маш олон залуус байгаа. Тэд сайн муу янз, янз л дуулж байна. Зарим үзэгчид шүүгчдийг тэнцээгүй залуучуудад хатуу хандаж байна, урамыг нь хугалаад байна гэж шүүмжилж байхыг би сонссон. Хатуу хэлэх нь зөв гэж би бодож байна. Яагаад гэвэл тэдгээр залуус дуулж чадахгүй юм байна гэдгээ эртхэн мэдээд өөр замаа хөөж, өөр нэг хүсэл мөрөөдөлдөө хүрэхээр тэмүүлэх хэрэгтэй ш дээ. Хамгийн гол нь энэ шоунаас шалгарсан дөрвөн залуу маш их зүйлийг хийгээсэй гэж хүсч байгаа. Зах зээл нь бэлэн байна, зритель нь ч бэлэн байна. “Камертон 2” шоунаас шалгарсан дөрвөн залуу маань маш удаан хугацаанд оршин тогтнож ирээдүйд их амжилт гаргаасай л гэж хүсч байна. Мөн дуучин төрүүлдэг маш олон шоу нэвтрүүлэг гарч байгаа. Тэр шоунуудаас гарч ирсэн олон олон залуусд ирээдүй байхгүй, усанд хаясан чулуу шиг л хаягдаж байна ш дээ. Жишээлбэл “Universe Best Songs”-оос шалгарсан Цэлмүүн гэж охин олон хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийг ардаа орхиж түрүүлчихээд одоо болохоор би хэтэрхий од болоод байна, би хуучныхаа Цэлмүүнийг санаад байна, одоо дуулахаа болилоо гэж саяхны нэг ярилцлагандаа ярьсан байсан. Энэ яг юу гэсэн үг вэ?. Би түүнийг огт ойлгохгүй байгаа юм. Урлагт хайргүй л байна ш дээ, тийм биз дээ?. Харин “Камертон 2” шоунаас шалгарч үлдэх дөрвөн залууд зритель чинь бэлэн байна, Камертон хамтлагийн үнэнч фенүүд та нарыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна, тийм ч учраас та дөрөв энэ шоу бизнесийн салбарт удаан хугацаанд хүчирхэгээр оршин тогтнох хэрэгтэй.
-“Камертон 2” шоу үзэгчдийн анхаарлыг их татаж байна. Тэр дундаа ямар хүмүүс шилдэгээр шалгарч хөвгүүдийн хамтлагийн гишүүд болох бол?
-Хэн нэгнийг дэмжихдээ гол нь биш, шинээр гарч ирэх дөрвөн залуу хэн байх вэ гэдгийг л хүлээж байна. Камертон шиг хүчтэй, Камертон шиг эв нэгдэлтэй, Камертон шиг хөдөлмөрч, Камертон шиг хүсэл мөрөөдөлдөө хайртай байгаасай л гэж бодож байна. Хоёрдугаар шатанд төгөлдөр хууртай алтан үеийн дуунуудыг дуулж байгаа. Энэ нь надад маш их таалагдаж байгаа. Шоуны оролцогчид алтан үеийн тэр сайхан дуунуудыг дуулахад үзэгч бид нар хүртэл шүүхэд илүү амар болж байна. Яамархуу байдлаар, яаж дуулдаг билээ, ямар дуу байдаг билээ гэдгийг нь бид бүгдээрээ мэдэж байгаа учраас хэн нь сайн дуулж байна, хэн нь муу байна гэдгийг мэдэхэд амар байна. Шоу үе шат ахих тусам илүү их сонирхолтой болж байна.
-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Уншигчдадаа өөртөө хүсдэг хамгийн сайн сайхныг хүсье. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг юугаар ч хэмжигдэшгүй тийм агуу зүйл. Эв нэгдэл, хүсэл мөрөөдлөө нэгтгээд бүгд амжилтанд хүрээрэй гэж хэлье.