Нийслэлд нүхэн гарц шинээр барина

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Нийслэлд нүхэн гарц шинээр барина

Зам барилгын энэ жилийн ажлын тухай өнөөдөр Хангарьд ордонд Нийслэлийн засаг захиргааны удирдлагууд болон ажил гүйцэтгэхээр шалгарсан компаниудын төлөөллүүд цуглаж ярилцлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хөдөлмөр хамгаалал, замын чанаржилтыг замын барилгын ажилдаа сайтар анхаарахаас гадна нийслэлийн иргэдийн тавтай тухтай байдлыг харгалзан үзэж, ажлыг аль болох шөнийн цагаар хийж байхыг компаниудад үүрэг болгож байсан.

Энэ жил нийслэлийн хэмжээнд барих замын барилгын ажлыг гүйцэтгэх компанийг шалгаруулах тендер зарлан шалгаруулах хугацаа өчигдөр дуусч, 22 компани  шалгарчээ. Замын барилгын ажил тавдугаар сарын 5-наас эхлэх бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилттэй нийлээд 114 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар зам барилгын ажлыг хийх юм байна. Харин энэ жил нийт 144 км-ын замын ажлыг хийх бөгөөд 37 км замыг шинээр, 107 км замыг өргөтгөн шинэчлэх аж. Түүнчлэн энэ жил хоёр уулзварыг өргөтгөн шинэчлэх, нэг нүхэн гарц шинээр барьж,  38 замд 25 мянган м/кв нөхөөсийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Ерөнхийдөө 2014 он хүртэл баригдах замын ажил нийтдээ 60 байршлыг хамрах юм.

Энэ талаар Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Одоос тодрууллаа. 

-Одоогийн байдлаар замын ажил эхэлсэн байршил бий юу?

 
– Сүхбаатар, Баянзүрх дүүргийн авто замын засвар хийгдэж эхэлж байна. Энэ хагас сайн өдрөөс замын ажил эхлэнэ.

-Замын ажлыг байсхийгээд л хийдэг. Хийж байх үед нь эвдрэл, чанарын тал дээр хянах уу?

– Хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх захмын ажлууд дээр хөндлөнгийн зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ.  Энэ нь тухайн замын өдөр тутмын ажилд, замын технологийн хяналт тавина гэсэн үг юм. Үүний үр дүнд нэлээн ахиц гарна гэж үзэж байгаа. Ер нь замын ажлын чанарын хариуцлагыг гүйцэтгэгч компанитай нь эдийн засгийн аргаар  тооцдог. Энэ нь тухайн зам стандартын дагуу биш, эвдрэл гэмтэл гарсан бол компани нь өөрийн хөрөнгөөр засах юм.

-Дээхэн үеийн замуудад ус зайлуулах шугам байдаг байсан. Одоо хийх замын ажилд ус зайлуулах шугам байх уу? 

-Одоо шинээр барих замуудад борооны ус зайлуулах шугамуудыг хийнэ. Харин хуучин замын ус зайлуулах шугамыг замын их засвар, шинэчлэлийн ажил хийх үед төлөвлөж байгаа.

-Энэ жил замын ажилд шинэ технологи нэвтрүүлэх буюу гүүрэн зам барина гэж байгаа. Туршлага хэр байна?

-Бид  хөдөлгөөний эрчим ихтэй замуудад давхар олон түвшний огтлолцол буюу төмөр зам дээгүүр гүүрэн гарц барихаар төлөвлөж байна. Манай улсын хувьд давхар зам барих ажлын туршлага байхгүй тул барих ажлын тендерийг олон улсад нээлттэй зарлаж байгаа. Энэ жилдээ баруун дөрвөн замын олон түвшний огтлол буюу давхар зам хийхээр төлөвлөж байна.

УЛААНБААТАР ХОТОД 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АВТО ЗАМ,
 ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН
ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ






У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж