Тереза Мэй хууль бус цагаачдыг хязгаарлана

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Тереза Мэй хууль бус цагаачдыг хязгаарлана

Британийн Дотоод хэргийн яам Грекийг евро бүсээс гарсан тохиолдолд тэндээс ирэх цагаачдын урсгалыг хаах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ. Хүчин төгөлдөр байгаа гэрээний дагуу Грек, Британи багтдаг Европын холбооны иргэд тус холбооны ямар ч оронд ажиллах боломжтой байдаг. Гэсэн ч Британийн ДХЯ-ны тэргүүн Тереза Мэй “The Daily Telegraph” сонинд ярилцлага өгөхдөө европ валют сүйрсэн нөхцөлд Европын холбооны орнуудаас орж ирэх цагаачдын урсгалд хязгаарлалт тавих талаар яам нь ажиллаж байгаа гэв. Парламентын сөрөг  хүчин Лейборист намын депутат Денис Макшейн “Сайд энэхүү үйлдлээрээ “хурцатмал байдал” гаргаж байгаа, практик дээр ийм хязгаарлалт хийх боломжгүй” гэж  мэдэгдэв. Дотоод хэргийн сайдын хэлснээр одоо түүний яам Европын холбооны хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудаас орж ирсэн цагаачдын тоо өссөн эсэхийг тодруулан тогтоож байгаа ажээ. Европын нэгдсэн валют үнэгүй болох цагт олон хүн өөрийн валюттай Их Британийг ажил хийх шинэ байр гэж харна хэмээн Мэй үзэж байгаа. Онцгой тохиолдолд цагаачдын хяналтыг чангаруулах арга хэмжээ авах хувилбарыг судалж байгаа юу гэсэн асуултад тэрээр “Яг тийм, тохиолдолд явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах тал дээр ажиллаж байна. Ажил үргэлж байгаа” гэж хариулжээ. Түүний хэлснээр цагаачлал өснө гэсэн шинж тэмдэг одоогоор байхгүй байгаа ч “Ойрын хэдэн долоо хоногийн дотор хэрэг явдал хэрхэн эргэхийг хэлж мэдэхгүй” гэнэ. Тодорхой тохиолдолд ЕХ-ны хуулиар цагаачлалын урсгалд түр хугацааны хориг тавьж болдог учраас Засгийн газар нь энэ талаар ажиллах боломжтой гэж сайд сануулав.

Грект ирэх сарын 17-ны өдөр шинэ парламентын сонгууль явагдана. Дахин сонгуулиар засаг авах хүчин олон улсын зээлдүүлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлнэ гэж Евродын холбоо найдаж байна.

Европын зах зээл өнгөрсөн долоо хоногт Грекийг евро бүсээс гарч магадгүй хэмээн ихээхэн савалгаатай байгаа. Үүний зэрэгцээ хувьцааных нь 45 хувь улсынх байдаг Испанийн дөрөвдэх том Bankia банк бизнесээ аврахын тулд Засгийн газраасаа 19 тэрбум евро хүссэнийг зах зээл сөргөөр хүлээн авав.

Дахин хийсэн тайлангаар уг банкны алдагдал өнгөрсөн жилд 3,5 тэрбум евро болсон байна. Испанийн Засгийн газар банкийг хэсэгчлэн нийгэмчлээд 4,5 тэрбум евро гаргаж өгсөн. Испанийн тэргүүлэх зээлийн байгууллага Bankia-гийн санхүүгийн хүндрэл нь хямралаар ихээхэн нэрвэгдсэн арилжааны үл хөдлөх хөрөнгийн салбарт томоохон хөрөнгө оруулалт хийснээс үүдэлтэй ажээ.  “Daily Telegraph” сонинд Теза Мэй мэдэгдэхдээ, хууль бус цагаачдад ажил өгөхгүй байх, орон сууц олох мөн банкинд данс нээхэд нь саад хориг тавих ажлыг яам нь хийж байгаа гэв. “Үүний зорилго нь хууль бус цагаачдыг хязгаарлах. Визийн хугацаа нь дууссан хүмүүст нэлттэй орон зай гэсэн ойлголт бүү төрөөсэй хэмээн бид хүсч байна” гэж сайд онцолжээ.

Ерөнхий сайд Дэвид Кэмерон ба Дотоод хэргийн сайд Тереза Мэй нар сонгогчиддоо одоо байгаа 242 мянган цагаачийг 100 мянга хүртэл болгон буулгана гэж амласан юм. Гэсэн ч цагччдыг урсгалыг хянах Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хэсгийн тооцоогоор Цагаачдын хуулийг шинэчилсэний дараа 2015 онд тус оронд 165 мянган цагаач ирэх ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж