“Анти-Грек” шок-авир нь шог

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

“Анти-Грек” шок-авир нь шог

“Нэг бүдрэхээр долоо бүдэрнэ” гэдэг тийм ч таатай бус хэллэг Грекийн өнөөгийн байдалд яг таарч байгаа ажээ. Грекийн улстөрийн байдал ээдрээтэй хэвээр байгаагийн дээр энэ замбараагүй улс төрөөс нь болж гадаад орчноос хандах хандлага ч таагүй болж иржээ.

“Босс “хатагтай болчимгүй мэдэгдэл

Тун саяхан ОУВС-ийн тэргүүн хатагтай Кристине Лагард Грекийн олон нийтийг болон улс төрийн хүрээнийхнийг маш ихээр бухимдахад хүргэсэн зарим нэг мэдэгдэл хийсэн байна. Хатагтай Лагард Их Британийн “Гардиан” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Грек улс өрөө төлөх цаг ирсэн”хэмээн гэж мэдэгджээ. Түүний хэлснээр бол грекчүүд урт удаан хугацааны турш татвараас зугатсаар ирсэн болж таарч байна. Төсвийн хямралаас нь гаргахын тулд Европын холбоо болон ОУВС-ийн зүгээс Грект үзүүлж байгаа санхүүгийн тусламж болох олон тэрбум еврогийн санхүүжилтийг буцаан төлөхийн тулд тус оронд маш хатуу төсөв санхүүгийн бодлого хэрэгжүүлж байгаа талаар ОУВС-ийн тэргүүн ийм маягаар хэлсэн нь грекчүүдийн уур хилэнг бадраасаар байна. Тэр дундаа Грекийн улс төрийн хүрээнийхэн ээлж дараалан хатагтай Лагардын болчимгүй яриаг шүүмжлэн мэдэгдэл гаргаж эхэлжээ.

Грекийн социалист намын тэргүүн Эвангелос Венизелос ОУВС-ийн тэргүүн, хатагтай Лагард  Грекийн ард түмнийг цочролд оруулж байна гэж зэмлэсэн ажээ. Мөн зүүний хүчний лидер Алексис Ципрас “Грекийн ажилчид дааж давшгүй их татварыг төлсөөр байгаа” гэж мэдэгдээд ОУВС-ийн тэргүүн цагаа олоогүй дайралт хийсэн хэмээн шүүмжилж байгаа гэнэ. Гэвч ОУВС-ийн тэргүүний “болчимгүй” яриа ингээд зогссонгүй. Хатагтай Лагард цааш нь ярихдаа, “Би эдийн засгийн хямралд нэрвэгдэж байгаа грекчүүдийг анхаарахаасаа ядууралд өртөж буй Африкийн доод Сахарын хүүхдүүдэд илүү анхаарлаа хандуулж байгаа гэсэн нь  грекчүүдийн уурыг улам ч “шатаасан” ажээ. Улс төрийн дээд хүрээнийхний мэдэгдлийг даган уурсч бухимдсан олон мянган грекчүүд ОУВС-ийн тэргүүн хатагтайн facebook-ийн хуудас руу уур хилэн бадруулсан цахим шууданг тасралтгүй илгээсний дараа л хатагтай Лагард гэнэт “ухаан орсон” бололтой. Тэрээр грекчүүд болон тэдний нүүр тулсан хатуу сорилттой тэмцэж байгааг нь туйлаас үнэлэн хандаж байдгаа илэрхийлэн бичсэн гэнэ. Мөн тэрээр “учирч байгаа хямралыг чухам ийм байдалтай даван туулахыг  л чармайж байгаа учраас ОУВС грекчүүдэд тусламж үзүүлж байгаа юм” гэж хариу цахим “захиандаа” дурдсан байжээ. Гэсэн хэдий ч хожуу  ухаарал нь хатагтай Кристине Лагардыг Грекийн улстөрийнхний хатуу шүүмжлэлээс салгаж чадахгүй байгаа гэнэ. Грекийн социалистуудын тэргүүн хэлэхдээ  хатагтай Лагардын бичсэн дээрхи захидлыг хүлээж авч байгаа хэдий ч “Өнөөгийн энэ хямралын туршид хэн ч грекчүүдийг басамжлан доромжлох эрхгүй” гэж хатуу мэдэгдэж байгаа аж. Тэрээр энэ үгээ тухайлан хатагтай Лагардад хандан хэлж байгаа гэдгээ тодотгон заагаад, “Грекийн ард олныг цочролд оруулаад байгаа хөгийн занг гаргасан тэр хүнд л энэ үгээ хэлж байгаа юм” гэжээ. Мөн ирэх сарын 17-д болох Грекийн сонгуулийн бас нэгэн гол өрсөлдөгч болох Сириза намын тэргүүн Ципрас, “Татвараас  зугтаагчдын тухайд гэвэл өмнө нь засаглалыг барьж байсан Пашок болон Шинэ Ардчилсан намаас асуух хэрэгтэй. Тэд яагаад татварт очих ёстой тэр их мөнгөнд хүрээгүй талаар болон тэгсэн атлаа хоёр жил гаран жирийн ажилчдын араас сэхээ сэвдгүй мөшгөж ирснийг нь тайлбарлаж өгөхийг шаардах хэрэгтэй” гэсэн байна. Хатагтай Лагардын шуугиан тарьсан ярилцлага түүний төрсөн нутаг болох Францын улс төрийнхний дунд  ч багагүй шүүмжлэл дагуулж байгаа гэнэ. Францын засгийн газрын нэгэн гишүүн энэ талаар саналаа хэлэхдээ, “ энэ амар биш цаг үед хүмүүст хичээл заах тухай бодох ч хэрэггүй ” гэж хэлсэн байна. Мөн Францын хэт зүүний намын тэргүүн Жан Люк Меленшон ОУВС-ийн тэргүүн Кристине Лагардыг хэлсэн үгийнхээ төлөө огцрох хэрэгтэй гэсэн бөгөөд “ Грекийн талаар ийм өнгө аястай ярих эрхийг хэн түүнд өгсийм бэ ?” гэж шүүмжилсэн байна. Энэ мэт маш их шүүмжлэл ОУВС-ийн тэргүүний хэлсэн үгийн эргэн тойронд дэгдэж байгаа бөгөөд тун ч цагаа олоогүй хэл ам дэгдээлээ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь Грек улс Евробүсээс гарна гэж айлгаж байгаа энэ үед түүний болчимгүй ярилцлага грекчүүдийг улам ч цааш нь түлхэнэ гэж харж байгаа юм байна. Хэрэв Грек улс Евробүсээс гарч, удахгүй болох сонгуулийн дараа гарч ирсэн Грекийн засгийн газар тусламжийн хөтөлбөрийн эсрэг зогсвол энэ нь зөвхөн Грек ч биш, Евробүсийн банк санхүүгийн системийг бүхэлд нь доргиож мэдэхээр байгаа билээ.

 Тэмцлээс үргэсэн жуулчид

Европчууд Грекийг Евробүсээс гаргахгүй гэж “наашаа” хэмээн дуудаж байгаа бол грекчүүд ч мөн адил тэднийг зуны амралт, аялалаа Грект өнгөрөөхийг хүсэн даллаж байгаа ажээ. Харамсалтай нь улстөрийн тогтворгүй байдал нь Грек орны мөнгө олдог хамгийн ашигтай салбарыг ч бас тогтворгүй болгож орхисон байна. Өнгөрсөн жил буюу 2011 онд Грек улсад аялсан гадаадынхны тоо 16.4 саяд хүрч дээд амжилт тогтоож байсан ч энэ жил дээрхи амжилтаа эвдэх нь бүү хэл ойртож ч очихгүй байх гунигтай төлөв харагдаж байгаа ажээ. Одоогийн байдлаар Грекийн аялалын компаниудаар зуучлуулсан жуулчдын урьдчилсан захиалга өнгөрсөн оны хэмжээнээс 15 хувиар буурсан гэсэн дүн гарсан байна. Герман зэрэг урьд өмнө нь Грекийн байнгын үйлчлүүлэгчид нь болж байдаг европын аялагчдын ихэнх нь Грекийн улстөрийн тогтворгүй байдлаас эмээсэндээ тус орныг зорихгүй байхаар шийдээд байгаа бололтой. Тэд тогтворгүй улстөрийн уршгаар бий болох гудамжны тэмцэл, болзошгүй мөргөлдөөн, тааж болшгүй хямралт нөхцөл байдалтай нүүр тулгарахаас эмээж байгаа гэнэ. Энэ бүхэн нь эцсийн дүндээ Грект дахиад л том хохирол дагуулж байгаа юм.

Грекийн аялал жуулчлалын салбар тус улсын эдийн засгийн эргэлтийн зургааны нэгийг дангаараа бий болгодог бөгөөд нийт ажлын байрны 20 хувь нь энэ салбарт ногддог байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр бол дээрхи байдлаар урьдчилсан захиалга буурсаар байвал энэ жил жуулчдын тоо өнгөрсөн оныхоос наанадаж сая таван зуун мянгаар буурах гэнэ. Энэ нь тэртээ тэргүй асуудалтай байгаа Грекийн ДНБ-д мэдэгдэхүйц нөлөөлөхөөс гадна аялал жуулчлалын улирлаар бий болдог 100 гаран мянган ажлын түр байрыг хаахад хүргэх аж. Цаашлаад Грекийн татварын санд орох мөнгөний урсгалыг танаж улмаар Европын Холбоотой тохироод байгаа төсвийн хөтөлбөрийн биелэлтэд аюул учруулахаар байгаа юм байна. Грекийн Төв банк саяхан мэдэгдсэнийг үзвэл бараг жилийн дөрвөн улиралд үргэлжилсээр байдаг жуулчлалын улирлын энэ  оны эхний гурван сарын байдлаар тус улсыг зорьсон жуулчдын тоо өнгөрсөн оныхоос 15 хувиар буурсан байна.

Жирийн грекчүүдийн ярьж байгаагаар бол урьд өмнө нь Олимпийн эх орон, эртний цуутай домгуудын өлгий нутаг хэмээн анхаарал татаж байсан энэ улс одоо бараг л талибчуудын орогносон терроризмын үүр болсон мэтээр бусдад төсөөлөгдөж байгаад харамсаж байгаа гэнэ. Грекийн нийслэл, эртний түүхт Афин хотын ойролцоох нэгэн жижиг мухлагийн эзэн ВВС агентлагт ярилцлага өгөхдөө мухлагийнх нь худалдааны хэмжээ өнгөрсөн оныхтой харьцуулахад 60 хүртэл хувиар унаж байна гэжээ. Грекийн тогтворгүй байдлаас зугтсан жуулчид Испани болон Турк улсууд руу “дүрвэж” байгаа бөгөөд тэднийг тогтоож авахын тулд Грекийн засгийн газар бололцоотой зарим арга хэмжээг аваад байгаа гэнэ. Тухайлбал зочил буудал болон жуулчны оператор компаниудаас авах татварыг 10 хувиар бууруулсан бөгөөд үүнийг дагаад Грекийн жуулчлалын үйлчилгээ өнгөрсөн оныхоос 15 хувийн хөнгөлөлттэй үнийг санал болгож эхэлсэн байна. Гэвч Грекийн засгийн газрын хичээл чармайлтыг Европын бусад орны засгийн газрууд үгүй хийж байгаа гэнэ. Жишээ нь энэ сард Их Британийн засгийн газар өөрийн иргэддээ Грект болж байгаа гудамжны мөргөлдөөн, тэмцлээс хол байхыг анхааруулсан бол Канад улс ч мөн адил ийм анхааруулгыг иргэддээ хүргэсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрөгч хоёрдугаар сард Грек улсад тулгаж байгаа эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцсэн жагсаалын үеэр Германы төрийн далбааг шатаасан нь  германчуудыг  Грект жуулчлах сонирхолгүй болгож байгаа гэж зарим эх сурвалж мэдээлж байгаа юм. Уг нь Их Британи болон Герман улсын иргэд Грекийг зоригч европчуудыг тэргүүлдэг байсан цаг саяхан билээ. “Манай европ хөршүүд бас л шог зан гаргаад эхэллээ. Өөрсдөө биднийг бүсээ чангалж, их ажиллахыг тулгаад байгаа мөртлөө бидэнд боломж олгохыг хүсэхгүй байна” гэж жирийн грекчүүд хэлж байгаа гэнэ. Харин тэдний хэлэхийг хэн нэгэн анхаарч байгаа эсэх нь тодорхойгүй аж.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж