Сибирийн төмөр замаар Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор үүсгэх таатай газарзүйн байршлаараа ч, ОХУ болон БНХАУ-тай хил залгаа оршдог нь гуравдагч зах зээлд чөлөөтэй нэвтрэх чухал гарц гэдгээрээ ч яах аргагүй Алтанбулагт худалдааны томоохон бүс байгуулах хамгийн боломжит хувилбар юм. Харамсалтай нь энэхүү давуу талаа ашиглаж, худалдааны томоохон бүсийг Алтанбулагт байгуулах ажил удаашралтай, эдийн засагт өгөх үр өгөөжийг нь өнөөдөр ч монголчууд хүртэж чадаагүй байна. Уг бүсийг байгуулах шавыг анх 2003 онд тавьснаас хойш есөн жилийг үджээ. Алтанбулагийн чөлөөт худалдааны төв 500 га талбайтай, төлөвлөснөөр бол 2005-2010 онд дэд бүтцийн ажлыг хийж, 2010-2015 онд дэд бүтэц, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний төслүүдийг хэрэгжүүлж ёстой аж. Гэтэл өнөөдөр тус бүсийг байгуулах төслийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтцийн ажил гээд байх юмгүй, өнгөрсөн хугацаанд зарцуулсан 11,2 тэрбум төгрөг санхүүжилт салхинд хийссэн юм шиг л үр дүнгүй өнгөрч. Алтанбулагийн худалдааны чөлөөт бүсийг байгуулах төлөвлөгөөнд дурдсанаар эхний шатны дэд бүтцийн ажилд зургаан тэрбумыг зарцуулна гэсэн тооцоо гарсан ч үүнээсээ таван тэрбумаар илүү санхүүжилт хийгээд ч нүдэнд торох гавьтай зүйлгүй хэвээр байгаа юм.
Алтанбулагийн худалдааны чөлөөт бүс өнөөг хүртэл үйл ажиллагааг эхлүүлээгүй, эдийн засагт үр өгөөжөө өгч чадахгүй, хэдэн хашаа барьсан төдийхөн хэвээр байгаа хамгийн том шалтгаан нь хилийн гарцын асуудал. Учир нь уг чөлөөт бүсийг улсын хилтэй шууд холбогдох, ОХУ-ын хилийн зүг эргэсэн 120 метр замын ажилд 55,4 сая төгрөг зарцуулсан боловч ашиглалтад ороогүй байгаа гэх.
Нийслэлээс Алтанбулагийн чөлөөт бүс хүртэлх автозам хэт хуучирсан, нарийн учраас ачаа тээвэрлэх боломж тун муугаас гадна гадаадын худалдаачид, ажилчдыг чөлөөт бүсэд чөлөөтэй нэвтрүүлж оруулж ирье гэхээр Гадаадаас ажилчин оруулж ирэх тухай хууль тогтоомжинд гадаад ажилчдын тоогоор төлбөр авахаар тусгачихсан байдгаас болоод чөлөөт бүсийн үйл ажиллагаа доголдолтой байгаа гэдгийг ч албаны хүмүүс онцолж байсан. Орос-Монголын хооронд худалдаа хөгжихөд учирч байгаа дараагийн бэрхшээл нь виз юм. Энэ асуудлыг яаралтай зохицуулах шаардлагатай байгаа аж. Алтанбулагийн чөлөөт бусад үйл ажиллагаа явуулахаар зургаан орны 140 гаруй аж ахуйн нэгж 750 сая орчим ам.долларын гэрээ байгуулсан ч хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулаагүйгээс гадна, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээгүйн улмаас үйл ажиллагаа эхлэх боломжгүйд хүрсэн байна. Өнгөрсөн 2011 онд улсын төсвийн найман тэрбум төгрөгөөр бүсийн доторх хатуу хучилттай зам, гааль мэргэжлийн албадын байр, усан хангамжийн шугам сүлжээ, ариутгах татуургын шугамыг барихаар төлөвлөсөн ч энэ ажил бүтэл муутай байгаа бололтой. Харин 2012 онд Алтанбулагын чөлөөт худалдааны бүсийн дэд бүтцийг сайжруулахад 13 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газар төлөвлөөд байгаа билээ.
Эдийн засагчдын зүгээс арван жилийн өмнө батлагдсан Чөлөөт бүсийн тухай хуулийг эргэн харах шаардлагатай байгаа ч анхааруулдаг. Монголын эдийн засгийн хөгжилд томоохон байр суурийг эзлэх боломжтой чөлөөт бүсийн асуудлыг аль арван жилийн өмнөх байдлаар зохицуулах нь өрөөсгөл гэдгийг ч албаны хүмүүс нуугаагүй. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах иргэн болон аж ахуйн нэгжид татварын болоод бусад дэмжлэг үзүүлэхээ төрөөс амлаад буй. Худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс гурван жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн гурван жилд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх гэх мэтээр дэмжихээ илэрхийлээд байгаа. Харин тэнд худалдан авалт, эрэлт хэрэгцээ, мөнгөний урсгал хэр байх бол гэсэн болгоомжлол иргэдийн дунд байсаар л байна. Улс орны ирээдүйн хөгжилд томоохон түшиг болох, эдийн засаг худалдааны энэхүү том төвлөрөл хэзээ амь орохыг харин хэлж чадах хүн байна уу, ингэхэд.