“Тиранозаурус Батаар”-ын шүүх хурал 1-нд болно

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

“Тиранозаурус Батаар”-ын шүүх хурал 1-нд болно

Монголоос олдсон байж болзошгүй Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийн ясыг Нью-Йоркт 1.05 сая ам.доллараар дуудлага худалдаагаар худалдсан. Энэхүү худалдааг хийлгэхгүй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нэрээр шүүхэд гомдол гаргаж маргаан үүсгэсэн талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Ингээд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ц.Оюунгэрэлээс “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясны маргаан ямар шатандаа явж буй талаар тодрууллаа.

-“Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясны хэрэг юу болж буй талаар шинэ мэдээлэл өгөөч?

-Энэ хэрэг дээр маш олон хүн ажилласаар байгаа. Гол ажлыг олон улсын өмгөөлөгч Роберт Пентер гардан, маш идэвхитэй ажиллаж байгаа. Зургадугаар сарын 1-ний шүүх хурлаас өмнө олон талын шинжээчдийн дүгнэлтийг гаргуулах, эдгээрийг нэгтэн байж Монголын динозавр мөн гэдгийг нотлох ажлаа үргэлжлүүлсээр байна. Энэ тал дээр ахиц гарч байгаа. Монголын эрдэмтдээс гадна дэлхийн сээр нуруутны хүрээлэнгийн захирал, Монголын диназавр судлалаар мэргэшсэн Пилл Кореу гэх эрдэмтэн “шинжээчдийн хэсэгт орж, шүүхэд нотлох тайлбар хийж өгье” гэж санаачлага гарган оролцож байгаа. Ер нь бүхий л экспэртүүдийн дүгнэлт “Монголынх” гэдэг дээр санал нэгдэж байгаа. Мөн дэлхий нийтээр хэвлэл мэдээллийнхний зүгээс дуудлага худалдаа явуулсан газарт дарамт шахалт үзүүлсээр байна. Үүнийг биднийг зохион байгуулаагүй. Гэхдээ асуудал нь өөрөө олон улсын хэмжээний хурц асуудал учраас ийм зүйл болж байна. Олон улсыг ямар аргаар дамнаж ирээд, яагаад ингэж борлогдож байгааг, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрхэн эргүүлэн авах гэж буй талаар” 400 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл цацагдсан байна лээ. CNN, ABC, BBC гээд дэлхийн нөлөө бүхий телевизүүд энэ талаар сурвалжилсан. Ингэхээр зарсан болоод худалдан авсан талууд хэвлэл мэдээллийн дарамт шахалтанд орж байна. Хэд хэдэн хэвлэл дээр “Та ийм хулгайн зүйлийг худалдаж авчихаад хаана, ямар үзэсгэлэнд тавих гээд байгаа юм бэ. Наад үзмэрээ эх оронд нь буцаагаад өгчихөөд” гэж худалдан авагчид хандсан шүүмжийг хөндсөн байна.

-Монголын төрийн байгууллагууд ямар байдлаар оролцож байгаа вэ?

-АНУ-ын хууль хяналтын байгуулагынхныг энэ хэрэгт оролцуулах хүсэлтийг албан ёсоор БСШУЯ-наас тавьсан. Энэ хүсэлтийг АНУ-ын Элчин сайдын яамаар дамжуулсан. Ерөнхийлөгч өөрийнхөө зүгээс мөн тухайн хууль хяналтын байгуулагынхныг хамтран ажиллахыг урьсан. Манай хуульчид яг одоо тухайн байгууллагынхныг ямар байдлаар оролцож болох талаар судалж байгаа. 

-Дуудлага худалдаа явуулсан байгууллага ямар байдалтай байна?

-Дуудлага худалдаа явуулсан газар нь өрсөлдөөнд шахагдах шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Учир нь ийм төрлийн үйлчилгээ, бизнес эрхлэх байгууллага нь өндөр хэмжээний хариуцлага, ёс зүйтэй байж, найдвартай гараас найдвартай гарт худалддаг байх шаардлагыг хангасан байх учиртай. “Найдвартай гараас авчирч чадаагүй”  гэдэг утгаараа нэр хүнд нь унах эрсдэл гарч ирсэн. Бусад өрсөлдөгчид нь үүнийг овжин ашиглаж “Манай дээр энэ худалдаа байсан бол гарал үүсэл нь тодорхой болтол худалдаа хийхгүй байсан юм. Бид ийм хууль бус зүйл зүйл хийхгүй” гэх зэргээр мэдэгдэл гаргаж эхэлсэн. Мөн Лондонд төвтэй Кристисс гэх дуудлага худалдааны байгууллага дээр энэ долоо хоногт Трабазаурас батаар гэх динозаврийн хөлний ясыг худалдаагаар оруулах байснаа манай энэ заргаас болоод “манай дээр ийм худалдаа хийгдэх гэж байсныг гарал үүсэл нь хууль ёсны тодорхой болтол хойшлууллаа” гэж мэдэгдсэн. Ингэснээр энэ хэргээс болоод дуудлага худалдааны соёлын асуудалд нэлээд өөрчлөлт мэдрэгдэж байна. Энэ бүхэн нь Монголын нэр хүндийг тодорхой хэмжээнд өсгөж байгаа. Бид хэдий шүүхийн шатанд ороогүй байгаа ч аль хэдийн ёс зүйн ялалтаа авчихсан байна. Тухайн дуудлага худалдааны байгууллагын хувьд бидэнтэй хамтран ажиллахгүй бол нэр хүндэд нь ихээхэн сөргөөр нөлөөлөх болоод байгаа нь ийн харагдаж байна. Ингэхээр бөх барилдаж байна гэхэд манай тал нэлээд олон мэхний барьж авчихсан, харин нөгөө талд барьж бараг алга байгаа мэт төсөөлөгдөж байна.

-Яс өнөөдөр хэний гар дээр байгаа юм бэ?

-Дуудлага худалдаа явуулж нэр нь тодроогүй нэг хүнд худалдана гээд зарлачихсан. Гэвч тэр хүн тэр динозаврийн ясыг дуудлага худалдааны газраас авах эрх байхгүй. Тэр хүн авахдаа юу гэж хэлсэн бэ гэвэл “энэ асуудал хуулийн дагуу нэг талдаа гарсны дараа би авья. Тэр болтол би худалдан авахаа л илэрхийлье” гэчихсэн байгаа. Тэр хүнд ерөөсөө дамжуулан өгөөгүй. Тухайн худалдан авагчийн хувьд “хулгайн эд зүйл биш тохиолдолд мөнгөө шилжүүлж авах” тухай нөхцөл тавьчихсан тул “нөхцөлт худалдаа” гэж нэрлээд байгаа юм. Энэ нөхцөл тодорхой болтол динозавр АНУ-ын шүүхийн мэдэлд байсаар байгаа.

-Яг ямар хуулийн үндэслэл байгаа вэ?

-Эрүүгийн хуулийн үндэслэл бий. Мөн Соёлын өвийн тухай хуулийн “Газрын доорх палентлоги, архелогийн аливаа олдвор нь төрийн өмч байна”, Монгол Улсын Үндсэн хуулийн “Монгол Улсын газрын дороос олдсон бүх баялаг ард түмний өмч бөгөөд төрийн мэдэлд байна” гэх заалтууд бий. Төр зарна гээгүй нь тодорхой, иймд Монголынх гэдгийг нотолж байж л бид заргаа авна.

-Энэ маргаан нь өөрөө хууль болоод хяналтын байгууллагын үйл ажиллагаанд өөрчлөлт хийх шаардлагатайг харуулж байх шиг. Соёлын өвийн тухай хуулийн хэлэлцүүлэг өнгөрөгч чуулганаар хэлэлцэж байх явцад ч олон асуудлыг хөндөж байсан. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудад анхаармаар зүйл харагдаж байна уу?

-Тийм ээ. Гэхдээ тохиолдолд Монголын хууль, хяналтын цоорхойгоор энэ олдвор гадагш гарсан ч буцааж авчрах хангалттай хууль эрх зүйн үндэслэлүүд байна. Бид энэ олдвороо авсны дараагаар хуулийн асуудлыг эргэн харах нь тодорхой. Маргаантай холбоотойгоор бусад улсуудын хуулийг ч судалж байна. Аргентин, Канад, Өмнөд Америкийн хуулийг сайн байна гээд нааш нь явуулж байна.Эдгээр улсуудын хуулиас суралцах зүйл их байна. Учир нь эдгээр улсууд соёлын өвөө алдаж, буцааж олж авч байсан туршлага байна шүү дээ. 

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж