Монгол хүний эрхийн асуудалтай орны тоонд багтжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.29-нд нийтлэгдсэн

Монгол хүний эрхийн асуудалтай орны тоонд багтжээ

“Монголд шүүх эрх мэдлийн тогтолцоонд
авлига хэмээх ойлголт энгийн үзэгдэл болсон. Мөн мөрдөн байцаалтын үед
эрүүдэн шүүсэн, зүй бусаар харьцсан тухайгаа тайлагнаж өгөөгүй, мэдээлэл
бага байна. Тиймээс энэ тухай мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлаж,
тайлагнадаг байвал хүний эрхийн талаарх гүйцэтгэх албан тушаалтнуудын
бодол бага зэрэг өөрчлөгдөнө” гэж Монголын “Эмнести Интернэшнл” төрийн
бус байгууллагын захирал Б.Алтантуяа сануулж байна. Өчигдөр Хэвлэлийн
Хүрээлэнгийн мэдээллийн төвд Монголын “Эмнести Интернэшн”л төрийн бус
байгууллага Монголын болоод дэлхийн улс гүрнүүдэд хүний эрхийн асуудал
ямар байдалтай байгааг танилцуулах үеэр энэ тухай сануулж, гадны
төлөөлөгч ч байр сууриа илэрхийлсэн юм.

Ази, номхон далайн бүс нутагт хүний эрхийн асуудал зайлшгүй хөндөгдөх
ёстой сэдвүүдийн нэг болоод байна. Учир нь хүний наймаа, хөдөлмөрийн
мөлжлөгө, хэвлэлийн эрх чөлөөгөөр бусад бүс нутгуудаас доогуур төвшинд
байгаа нь “Эмнести Интернэшнл” төрийн бус байгууллагын судалгаагаар
тогтоогджээ. Мөн улс төрийн хүрээнийхний эсрэг шүүмжлэлтэй хандсан
хүмүүсийг шалтгаангүйгээр хорих, эрүүдэн шүүх явдал буурахгүй байгааг
сануулж байсан юм.

Монгол Улсын тухайд хууль сахиулах байгууллагуудад иргэдийн хэргийг
шалгах, буруутайг нь тогтооход эрүү шүүх, зүй бусаар харьцсан гэх
мэдээлэл байхгүй ч иргэдээс ирдэг гомдол санал буурахгүй байгааг хэлж
байсан юм. “Урьд жилийн адил Засгийн газар эрүүдэн шүүж, зүй бусаар
харьцсан хэргээр хууль сахиулах ажилтнуудыг хэрэгт татсан мэдээлэл алга.
Ямар нэгэн статистик, мэдээлэл хэвлэн гаргаагүй” гэж Б.Алтантуяа хэлж
байв.

Үүнээс гадна 461 дүгээр хорих ангийн асуудал ч энэ байгууллагын
анхааралд өртжээ. Хэдийгээр шинээр байгуулагдсан ч зарим нэгэн асуудал
бодит байдалд хэрхэх нь тодорхойгүй байгаа аж. Тус хорих ангид хяналтын
камер зэргийг суурилуулсан ч камерын бичлэгийг хянах, сан байгуулах
талаар ямар нэгэн тогтоол, журам гараагүй байна. Мөн гадны оронд байдаг
шиг өмгөөлөгчтэйгөө ганцаарчилж уулзах эрхийг баталгаажуулсан зүйл
байхгүй байгааг “Эмнести Интернэшнл” төрийн бус байгууллагаас
анхааруулжээ. “Хоригдлуудыг эрхээр нь хангах талаарх бодлого манайд
дутмаг байгаа. Хэдийгээр хоригдол ч гэсэн энэ бол хүн. Тийм учраас хүний
заяагдмал эрхийг эдлэх эрхтэй” гэж Б.Алтантуяа ярьж байсан юм.

“Эмнести Интернэшнл” олон улсын байгууллагын анхааралд 2008 оны
долдугаар сарын 1-ний хэрэг багтаж байгааг тэд хэлж байв. Тус олон улсын
байгууллагын сайтад “2008 оны долдугаар сарын 1-нд Улаанбаатар хотод
болсон нийтийн эмх замбараагүй байдлыг тарахыын тулд галт зэвсэг
хэрэглэх зөвшөөрөл олгосон гэх хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн
дөрвөн ахлах албан тушаалтны хэргийг Прокурорын газраас 2010 сүүлээр
дахин сэргээсэн. Хэдийгээр дахин сэргээсэн ч хэргийн явц маш удаан
байна. Анхны мөрдөн байцалтаар яллах ямар нэгэн дүгнэлт гараагүй” гэж
бичжээ.

Гадныхны үзэж байгаагаар бид автократ засаглалтай улс аж. Хэдийгээр
сонгох, сонгогдох эрх нь ард түмний гарт байдаг ч төрийн бүх эрх мэдэл
улс төрийн эрх мэдэлтнүүдийн гарт байдаг гэж тодорхойлжээ. Тийм учраас
шүүх засаглал гажуудаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрэн утгаараа
ажиллаж чадахгүй байгаа бөгөөд эрүүдэн шүүх явдал ч тодорхой хэмжээнд
байгааг хэлж байв.

Манай улс 2009 оноос хойш цаазаар авах ялыг гүйцэтгээгүй улсуудын нэг
болсон. Мөн энэ оны нэгдүгээр сард Иргэний болон улс төрийн эрхийн тухай
олон улсын пактын цаазаар авах ялыг халах тухай заасан Нэмэлт II
Протоколыг соёрхон баталжээ. “Монгол Улсын Дээд шүүхийн мэдээлснээр
цаазаар авах ял оногдуулах нь цөөрсөн гэсэн тооцоо гарсан. Мөн
Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн бүх хүний цаазаар авах ялыг 30 жилийн хорих
ялаар өөрчилсөн тухай мэдээлэл бий” гэж Б.Алтантуяа ярьж байв.

“Эмнести Интернейншл “төрийн бус байгууллагын судалгаагаар бид хүний
эрхийн мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтжээ. Төрийн болоод төрийн
бус байгууллагууд хүний эрхийг хамгаалах тал дээр томоохон бодлогын
хэмжээний үйл ажиллагаа явуулахыг мөн тэд хүсч байна.

Хүний эрхийн зарим нэг асуудалтай орны тоонд манай улс багтсан

Монголын “Эмнести Интернэшнл” төрийн бус байгууллагын захирал Б.Алтантуяатай ярилцлаа.

-Монгол Улс “Эмнести Интернэшнл” төрийн бус бай­гуул­­­ла­гын судалгаагаар ямар­шуухан байдалтай байгаа вэ?

-Эрүүдэн шүүх болон зүй бус харьцах үйлдэл хариуцлага тооцохгүй байх
явдал өргөн тархсан. Үүнтэй холбоотойгоор хууль сахиулах байгууллагын
ажилтнуул эрүүдэн шүүсэн болон зүй бусаар харьцсан талаар ямар нэгэн тоо
баримт, статистик гараагүй байгаа. Гэтэл манайд эрүүдэн шүүсэн тухай
асар олон гомдол ирдэг. Ер нь бол хүний эрхийн тухайд мэдэгдэхүйц
асуудалтай гэж гарсан байгаа.

-Энэ бүх зүйл юунаас болж гарч байгаа гэж боддог вэ?

-Төрийн бүх л салбарт авлига, хүнд суртал газар авсантай энэ бүгд
холбоотой. Бүр шүүх  эрх мэдлийн тогтолцоонд ч авлига газар авсан.

-Төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлбэл болох вэ?

-Төрийн зүгээс бүх мэдээллийг л ил тод болгох хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн
бол түүнийгээ мэдээлдэг, тэдэн төгрөгийг тийм юманд зарцуулсан зэрэг бүх
мэдээлэл ил болох нь чухал. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлийн
эрх чөлөөгөөр бүрэн хангах ёстой. Тэгвэл олон нийтэд төдийгүй, төрийн
удирдах ажилтнуудын хүний эрхийн талаарх төсөөлөл өөрчлөгдөх болно.

Эрүүдэн шүүх боломж бололцоо Монголд огт байхгүй


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга Ц.Очгэрэлээс цөөн зүйл тодрууллаа.


-Хорих ялаа эдэлж байгаа хүний эрх зөрчигдөж байна, эрүүдэн шүүж байна гэж ярьдаг. Үүнд та хариулт өгөөч?

-Энэ тухай 2002 оноос хойш ярьсан. Бид арав гаруй жил ярилаа. Эрүүдэн
шүүх явдал одоо байхгүй болсон. Эрх зүйн талаараа ч, эрх хэмжээний
талаараа ч тэр.

-Тэгвэл “Эмнести Интернейшнл” төрийн бус байгуул­лагаас тодорхой хэмжээнд эрүүдэн шүүх явдал байгаа гэж яриад байна шүү дээ?

-Зарим нэг иргэд иймэрхүү мэдээлэл ирүүлдэг л байх. Гэхдээ манай байр
байдалтай танилцаад, хорих ангиудаар яваад, үзлэг шалгалт хийе гэдгээ
албан ёсоор ирүүлээгүй л байна. Хэрвээ хандах юм бол шаардлагатай бүх
мэдээллийг өгөхөд бэлэн.

-Энэ жилийн сонгуульд хоригдлууд хэрхэн оролцох вэ? Сонгох эрх нь зөрчигддөг тухай их ярьдаг?

-Тийм. Энэ тухай анхаарч байгаа. Ямар ч байсан 1500 гаруй хүн шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэрээр хоригдож байгаа. Одоо бүх
хоригдлуудыг бичиг баримтжуулж байгаа. Энэ жилийн тухайд зургадугаар
сарын 27-нд зөөврийн санал хураалтын хайрцаг хорих ангиудаар явах
учиртай. 1530 хүн санал өгөх шаардлагатай байгаагаас 200 нь бэлэн
болчихсон байгаа. Үлдсэн өдрүүдэд бүгдийг нь бичиг баримтжуулна. Ар
гэрийнхэн нь ч гэсэн бичиг баримтыг нь бүрдүүлээд авчраад ирэх
бололцоотой.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж