хоног үлдлээ. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ирэх зургадугаар
сарын 6-ны өдөр албан ёсоор баталгаажсаны дараа сонгуулийн сурталчилгаа
эхэлнэ.
Сонгуулийн сурталчилгааны тарифыг Харилцаа, холбооны зохицуулах газар
тогтоож өгдөг. Харилцаа холбооны зохицуулах хороо өнгөрсөн долоо
хоногийн хуралдаанаар сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий
телевиз, радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэх үнэ тарифын дээд хязгаарыг тогтоосон байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах
хорооны 2012 оны 56/38 дугаар тогтоолоор батлагдсан “Олон нийтийн радио
телевизээс бусад телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх
журам”-ын 2.21 дэх заалтыг үндэслэн тарифыг тогтоодог аж.
Үүнд Телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам, шторк нэг секунд нь 10 мянган төгрөг,
захиалгат, төлбөрт нэвтрүүлэг нэг минут нь 500 мянган төгрөг хүртэл
байна. Радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонгуулийн
сурталчилгаа нэвтрүүлэхдээ реклам нэг секунд нь 150 төгрөг, захиалгат
нэвтрүүлэг нэг минут нь 12 мянган төгрөгийн дээд хязгаартай байх тарифыг
баримталж, энэ удаагийн сонгуульд нам, эвсэлүүд оролцох юм байна.
Автомат системээр санал өгч, тоолохоор болсонтой холбогдуулан санал
тоолох үед ямар нэг асуудал үүсвэл яах вэ гэдэг олон хүнд асуудал
болсон. Хэрэв санал тоолох явцад цахилгаан хангамж тасрах, түүнийг
сэргээх боломжгүй, бусад нөөц эх үүсвэрээс авах боломжгүй, гарын хурууны
хээгээр адилтган баталгаажуулах техник хэрэгсэл гэнэт ажиллагаагүй
болсон тохиолдолд гар ажиллагаанд шилжихээс өөр аргагүйд хүрнэ. Тиймээс
ямар ч нөхцөл үүссэн үед гар ажиллагаанд шилжих, мэдээллийн
тасралтгүй ажиллагааг хангахад зайлшгүй арга хэмжээ авах нь зүйтэй гэж
СЕХ үзэж байгаа. Санала тоолох машин, хурууны хээ таних машин, мөн 40
мянган орчим иргэн ухаалаг иргэний үнэмлэхээр санал өгөхөөр болсон үүний
дагуу цахим үнэмлэх уншуулах машин зэрэгт гэмтэл, саатал гарах зэрэг нөхцөл байдал үүссэн тохиолдолд гар ажиллагаанд шилжих бөгөөд
мэдээллийн ажиллагааг саадгүй үргэлжлүүлэн явуулахад ямар арга хэмжээ
авах, хэн хариуцах талаар тодорхой тусгасан журмын төслийг Сонгуулийн
ерөнхий хорооны хуралдаанаар хэлэлцэж баталсан байна. Үүнээс гадна
сонгуультай холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд зарим гэрээт
ажлыг гүйцэтгүүлэх ажлын явцын талаар СЕХ-ны гишүүдэд танилцуулж,
зарим тойргийн хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг ч мөн
хэлэлцсэн гэнэ.
УИХ болон НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн санал авах өдрөөс
өмнө 30 хоногийн хугацаанд сурталчилгаа хийх эрхтэй байгаа. Өмнө нь 45
хоногийн хугацаатай байсан бол энэ жил шинэ хуулийн дагуу 15 хоногоор
багасгасан юм. Бэлэн мөнгө, эд бараа тараах, урлаг соёлын тоглолт, шашны
зан үйл, тусламж үйлчилгээ үзүүлэхийг хориглож буй. Мөн мөрийн
хөтөлбөрт тусгагдаагүй амлалт, агуулга бүхий үйлдлийг хориглосон байгаа.
Хэрэв нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг дагуу хууль зөрчсөн
үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл арга хэмжээ авна гэж
заасан байдаг. Нэр дэвшигч нь тойргийн хорооноос үнэмлэх авсан өдрөөс
хуулийн дагуу сурталчилгаагаа эхлүүлэх ёстой юм.Намуудын нэр дэвшигчид
өчигдрөөс сонгуулийн тойргийн хороодоос үнэмлэхээ авч эхэлсэн бөгөөд
тойргийн хороод нэр дэвшигчдийг бүртгэх эцсийн хугацаа нь зургадугаар
сарын 6-ны өдөр аж.
Ш.ЧИМЭГ