Б.Лхагвасүрэн: Энэ театрыг өмөөрөх эрх нь надад бий

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Лхагвасүрэн: Энэ театрыг өмөөрөх эрх нь надад бий

Бяцхан
үзэгчдэдээ зориулан уран бүтээлээ туурвиж, нам жимхэн амьдардаг
Хүүхэлдэйн театрыг сүүлийн үед хэвлэлийнхэн багагүй сонирхож эхэлжээ.
Тэднийг юу ч хийлгүй унтаж байна, түүгээр зогсохгүй сөнөж мөхсөн үү гэх
үг өгүүлбэр ч цухалзах болов.

Монголдоо ганцхан
ч тун цомхон энэ айлын өрхийн тэргүүн нь соёлын гавьяат зүтгэлтэн,
ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн. Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Соёл урлагийн хорооны даргаар томилогдоод удаагүй, мөн өөрийнх
нь ажлыг авах даргын нэр хараахан тодроогүй байгаа учраас тэрбээр аль
алийг нь хослуулаад хийж яваа аж.

 

-Танайхныг
байна уу, байхгүй болсон уу гэж гайхсан шүүмжлэл хэвлэлээр гарсан
болохоор нь сонирхож ирлээ. Тэгтэл гадаадад айлчлан тоглолтоор явах
гээд бөөн завгүй улс угтахаар сонин санагдлаа шүү.

-Маргааш
явлаа. Башкирын театрын урилгаар Уфад 10 хоног тоглоно. Бүх бэлтгэл
ажил хангагдчихсан. Монгол хүүхэлдэй анх удаа Башкирт хөл тавьж байна.
Монголын урлагийг тэдэнд таниулахаас гадна жүжигчдийнхээ нүдийг тайлах,
том театр, том уран бүтээлийг үзэх боломж олгох талаасаа манайханд
ашигтай айлчлал болох юм.

-Гэхдээ энэ танай театрын хувьд анхны гадаад айлчлан тоглолт биш биз дээ?

-Хүүхэлдэйн
театрт миний ажилласан сүүлийн 12 жил эх орны эдийн засаг, соёл урлаг
аль аль талд хамгийн ядуу гачуу цаг таарлаа. Гэхдээ төсвийн байгууллага
учраас төр байгаагийн ачаар оршиж л байсан театр. Хэрвээ энэ театрыг
зах зээлийн шуурганд хувьчлал юм уу, бусад хэлбэрээр хувьд
шилжүүлчихсэн бол Монголын соёл урлагт, хүүхдэд урлагийн боловсрол
олгох тал дээр том гарз болох байсан. Тэгэхээр би театрыг энэ салхинд
бүтэн авч үлдсэндээ баярладаг, бахархдаг. Үлдээсэн шиг авч үлдье гэж
зүтгэсэн боловч миний чадал тэнхээ дутсан юм бий л дээ. Энэ хооронд
Японы театрыг гурван удаа, Мексик, Герман, ОХУ-ын Эрхүү, Буриад,
Башкирын гээд найман театрыг урьж өөрийн тайзнаа тоглуулсан.

Уран
бүтээлчдээ Халимагт болсон Олон улсын фестивальд оролцуулж, Буриад,
Өвөр Монголд гурав дөрвөн удаа тоглуулсан. Яаж ийж гуйж түүж байгаад
явуулж байлаа. Гаднаас урихад ч төрөөс зардал мөнгийг нь даадаггүй юм.
Бүгдийг гуйлгаар нүүр тахалж байсан даа. Гадаад харилцааны хувьд бусад
театраас илүү байсан гэж би бардам хэлнэ.

-Бүрэн
бүрэлдэхүүнээрээ гадаадад хэд хэдэн удаа тоглосон театр Монголд
танайхаас өөр олон байхгүй ч мэдээлэл нь хүмүүст тэр бүр хүрдэггүй юм
биш үү?

-Хүн хийсэн ажлаа тухай тухайн
үед нь олон түмэнд мэдэгдэхээр хийж байхгүй бол магадгүй энэ дуулиан
сурталчилгааны он цагт юу ч хийгээгүй мэт харагддаг бололтой.
Тухайлбал, миний ажиллаж байсан энэ жилүүдэд хэзээ ч төсвийн алдагдалд,
цалингийн өрд орж байсангүй. Нэг төгрөгийн ч өргүй. Олон удаагийн
шалгалтад санхүүгийн нэг ч зөрчилгүй гарч байв. Би үүнийг дотоод ажил
минь болж байна гэж үзэж ирсэн. Театр энэ байшинд 1962 онд ирснээс хойш
хаалга солих, коридор будах энэ тэр гэсэн жижиг урсгал засвараас өөр
засвар огт хийгээгүйг хийлээ. Гурав дөрвөн жилийн өмнөөс Японы ЭСЯ-аар
дамжуулж ”Өвсний үндэс” хөтөлбөрт багтаж гэрэл, дууны аппаратаа
сайжруулах гэж хөөцөлдсөний ачаар энэ жил манай дуу чимээний аппарат
хэрэгсэл орчин үеийн театрын хэмжээнийх болж шинэчлэгдэх гэж байна.
Тэгэхээр энэ театр байшин барилга, тохижилт, тоног төхөөрөмжийн хувьд
хөл дээрээ зогслоо гэсэн үг. Уран бүтээлийн хувьд “Сити тур”, байгаль
хамгаалах төсөл хэрэгжүүлдэг байгууллагуудтай хамтран жүжиг хийж байна.
Бүтэн, хагас сайны аль ч өдөр манайх тогтмол үзэгчтэй. Энэ театрын
хүүхэлдэйнүүд яаж өөрчлөгдсөн, жүжгийн зохиолын бодлого, театрын
бодлого яаж өөрчлөгдсөнийг үзсэн хүн л ярина. Энэ хэцүү үед дөрөв таван
аймагт очиж тоглосон. Тэгэхээр театр яаж өөрчлөгдсөнийг үзэгчид
анзаарсан.

-Та тэгээд энэ талаар яагаад бусдад мэдэгдэхээр чанга дуугардаггүй байсан юм бэ?

-Дуугардаггүй
байж яагаад өнөөдөр ингэж биеэ өмөөрөх юм яриад байгаа юм бэ гэж гайхаж
магадгүй. Хүн хийснээ бусдад мэдүүлж явах ёстой юм байна гэдгийг
гашуунаар ойлгосон. Яагаад гэвэл зарим хэвлэл Хүүхэлдэйн театр сөнөсөн
юм уу, байгаа юм уу гэж асуудаг болж. Гэхдээ тодорхой улс л тэгж байгаа
юм. Энэ бол зөвхөн миний хийж байгаад атаархсан атаархал. Театрт
гаргасан атаа хорсол биш байх гэж бодож байна. Монгол Улсад байгаа
хүүхдийн нэрийдэлтэй театрыг бүхэл бүтэн арван хэдэн жилийн турш эдийн
засгийн гачиг тачигхан үед авч гарснаа ам бардам хэлэхэд даруу биш
загналаа гэж хүмүүс үзэхгүй биз. Нөгөө талаас миний ингэж сэтгэлийн үг
дэлгэж байгаа нь ажил минь өөрчлөгдөж байгаатай ч холбоотой. Тийм
болохоор дараачийн ирэх, театр толгойлох хүн уншаасай гэж тэр. Ер нь
эцсийн эцэст энэ дүгнэл цэгнэлийн зах зухаас ч бол мэдрээсэй гэж бодсон
юм.

-Нэртэй яруу найрагч, төрд түшилцэж
явсны хувьд танд Хүүхэлдэйн театрын даргаас ч илүү өндөр алба өгөх л
байсан байх. Гэтэл та эндээ шигдээд арван хэдэн жил болчих юм.

-Яагаад
гэвэл энэ  театрт хайртай юм. Би 17 настайдаа энд дагалдан жүжигчин,
туслах зураачаар орж байсан. Найман жил ажиллаад Зохиолчдын хороо руу
шилжсэн. Анхны цалингаа би эндээс л авсан. Ажиллаж байх хугацаандаа орж
гарч, хөөгдөж туугдаж үзсэн. Хөөгдөж гараад гуйж ордог байсан, би. Тийм
болохоор энэ театрт их хайртай. Их хурлын дараа наашаа ирдгийн учир бол
энэ театрт үлдээсэн сэтгэлийн өрөө төлөх гэсэн юм. Амьдралыг би их
гоёмсог, хоёр ам нь уулздаг хүзүүний зүүлт шиг санадаг. Тэгээд
амьдралынхаа тэр хоёр амыг нийлүүлэх гэж зүтгэж тэр цагаригаараа явсаар
энэ театрт хэдэн жил ажиллалаа.

-Энэ театрыг та чухам ямар байлгахсан гэж мэрийсэн бэ?

-Нэг
байгууллагын дарга байлаа гэхэд ганц аятайхан ажил хийчихвэл бушуухан
сайд дарга нарт дуулгаж, тэднээс үнэлэлт авах гээд гүйчихдэг юм билээ.
Би энэ хугацаанд яаман дээр тоотой хэд очсон. Яагаад гэвэл Хүүхэлдэйн
театрын тухай ямар нэг бэрхшээлтэй асуудлыг яаманд тулгаж болохгүй гэж
би боддог. Хоёрдугаарт, Хүүхэлдэйн театрын нэрийдэлтэй хов жив, алдар
гуйсан гуйлгыг яам руу явуулахгүй гэж боддог. Тиймээс л Хүүхэлдэйн
театр хамгийн чимээгүй театр. Яамныхан бүгд мэднэ. Хүүхэлдэйн театр
ямар ч хэл амгүй гэж. Тэгэхээр би энэ театрыг юунаас ч гэсэн өмөөрөх
эрхтэй. Энэ театрыг хэнбугай ч ирээд хувьчлах эрхгүй байгаасай гэж
боддог. Яагаад гэвэл энэ хүүхдийн өмч.

-Гэхдээ та бүр холдоод явчихаж байгаа биш. Харин ч театрын хувь заяанд таны оролцоо байхаар албан тушаалд очиж байна шүү дээ.

-Тэрэндээ
бас сэтгэл жаахан өег байгаа. Гэхдээ манай энэ хүүхдүүд дэндүү дассан
даа, надад. Би эднийхээ зовлон, жаргалын аль ч үед эцэг ёсоор байсан.
Захын жүжигчнээс асуухад хэлнэ дээ. Тэдний сэтгэлийг дараачийн ирэх
дарга мэдрэх байх.

-Та өөрийнхөө оронд энэ театрыг аваад явах дарга, нэг ёсондоо тантай адил сэтгэлийн өр төлөх тийм хүнийг бэлдэж чадсан уу?

-Би чадаагүй.

-Яагаад?

-Надад
олдоогүй юм. Ажлаа хийж байх, жүжигчнээрээ ажиллах сэтгэлтэй улсаар энэ
театрыг бүрэлдүүлж чадсан. Манайх архигүй, ховгүй театр. Ямарваа нэг
алдарт шунасан, нүдэнд нь алдрын дон ассан хүнгүй театр. Ямарваа нэг
алдар нэр, шагнал өөрөө ирдэг болохоос түүнийг эрж гүйдэггүй юм гэдгийг
би эднийхээ ясанд тултал ойлгуулсан.

-Эрж гүйхгүй гэхэд хүний сэтгэлд заавал нэг юм байж таарна биз дээ?

-Байгаа.
Одоо энэнд нь нэг юм өгчихдөггүй юм болов уу гэсэн ард түмний сэтгэл
байж л байгаа. Хүүхдүүд бол айхавтар үзэгчид дээ. Магтаад гайхуулаад
байгаа болгоныг бүгдээрээ ирж үзээд таашаал авчихдаг ч улс биш. Хамгийн
тунгалаг тархитай хүмүүсийн дотор урлаг хэмээх зүйлийг суулгаж өгөх гэж
оролддог театр шүү дээ. Тийм тунгалаг зүйлд бохир юм суулгачихвал түүн
шиг том нүгэл байхгүй. Ийм бодлого энд үргэлжлээсэй гэж бодож байгаа.

-Ер нь танай театрын ам бүл хэр өнөр юм бэ?

-Бид гучуулаа.

-Насны хувьд?

-Мужаан, би, нягтлан, нярав энэ тэр гэсэн цөөн хэдхэн хөгшин улс байна. Бусад нь залуус.

-Манайд жүжигчин бэлтгэдэг сургууль олон болсон. Тэднээс хүүхэлдэйн урлагийг сонирхож байгаа хүн гарч байна уу?

-Би
ирснийхээ дараа СУИС-д 13 оюутантай хуухэлдэйн анги нээлгэсэн.
Театрынхаа цусыг сэлбэх гэж.  Хүүхэлдэйгээр мэргэшсэн сургалт явуулах
багш Монголд ховор юм. Олон ч багш солигдсон. Хүүхдүүд нь тарсаар
байгаад тав нь төгссөн. Тэднээс хоёр нь л манайд ирсэн. Бусдыг нь
мэдэхгүй, хүүхэлдэйг бага урлаг гэж бодсон юм болов уу даа. Уг нь
хамгийн том үзэгчдэд зориулсан хамгийн том урлаг юм. Энэ жил Оросын
Ярославлийн театрын сургуулийн жүжигчний анги төгссөн нэг охин ирсэн.

-Найруулагч, уран сайхны удирдагч гээд уран бүтээлийн бодлого барих боловсон хүчин олдох юм уу?

-Би
ерөнхий найруулагч, уран сайхны удирдагчаар ажилладаг юм шүү дээ.
Бүгдийг, зураачаа ч өөрөө хийдэг. Одоо харин нэг найруулагч ирнэ.
Москвад доктор хамгаалж байгаа. Хүүхэлдэйгээр биш л дээ, зүгээр театрын
найруулагч. Түүнийг л авмаар байна.

Сэтгэлийн өр төлөхөөр зүтгэсэн төрөлх театрынхаа тухай мууг хэлүүлэх дургүй Б.Лхагвасүрэн даргатай товчхон ярилцахад ийм байлаа.

/2009 оны 4 сарын 6/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж