Түймрийн эрсдэлийг бууруулав

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Түймрийн эрсдэлийг бууруулав

Хэнтий аймгийн хэмжээнд энэ он гарсаар 6 сумын нутагт 6 удаа ой хээрийн түймэр гарч, нийтдээ 32 мянган га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 2,6 тэрбум төгрөгийн хохирол учирсан тооцоо гарсан байна. Хэнтий аймаг 280 гаруй км газар нутгаар ОХУ-тай хиллэдэг бөгөөд ой, хээрийн түймэр хил дамнан орж ирэх магадлал өндөр байдаг.  2009-2010 онд ой хээрийн түймрийн гаралт харьцангуй багасч нийт 5 удаа бага хэмжээний түймэр гарч эдгээр түймрийг богино хугацаанд хохирол багатай унтраасан бол 2011 онд өвөл цас баг орсон, ургамлын гарц сайн , хөрсний чийг багатай байсан, хуурайшилт ихэссэнээс шалтгаалан өмнөх онуудтай харьцуулахад түймрийн гаралт 77 хувиар өссөн байна. Энэ байдалд дүгнэлт хийж, түймрийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Хэнтий аймгийн Онцгой байдлын газар тусгай төлөвлөгөөний дагуу улсын хилийн түймрийн хамгаалалтын зурвасыг татжээ. Одоо Биндэр сумын нутаг Хөмөл голоос Дадал сумын нутаг Хэрийн гол хүртэл 160-170 км урт 50-100 метр өргөнтэй зурвасыг татаад байна. Уг ажлыг жил бүрийн 10-11 дүгээр сард Онцгой байдлын газраас 30-35 албан хаагч гарган 18-22 хоногт хийж гүйцэтгэжээ. Түймрийн хамгаалалтын зурвас байгуулах ажилд аймгийн засаг даргын нөөц хөрөнгийн гамшигтай тэмцэх зардал болон Дэлхийн байгаль хамгаалах сангаас нийт 37 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан байна. Үүний үр дүнд ОХУ-аас 2011 оны хавар 2 удаа Дадал сумын Агац багийн нутаг хилийн 807, 813-р тэмдэгтээр 10-14 км өргөнтэй түймэр хил даван орж ирсэн ч эдгээр түймрийг нутгийн гүнд оруулалгүй хамгаалалтын цурманд тулган хохирол багатай унтраасан юм. Байгаль орчноо түймрийн аюулаас хамгаалахад ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ойн нөхөрлөлүүдийн дунд нэг сая төгрөгийн шагналтай болзолт уралдаан зарлаж, түймрийн эрсдэлтэй улиралд морин болон мотоцикльтой эргүүл ажиллуулж, 14 хоног тутамд холбоотой ажиллаж байна. Түймрийн гамшгийн эрсдэлийг бууруулахад Дэлхийн  байгаль хамгаалах сан болон бусад төсөл хөтөлбөрүүдээс дэмжлэг авч ”Нутгийн  иргэдэд түшиглэсэн байгалийн менежментээр ядуурлыг бууруулах төсөл” хэрэгжүүлэн түймэр гаргах өндөр магадлалтай 6 суманд тус бүр 10-аад сая төгрөгийн үнэ бүхий 11 төрлийн түймрийн багаж хэрэгсэл олгож дээрх сумдад түймэр унтраах 8 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай бүлэг байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу Ус цаг уур орчны шинжилгээний албатай хамтран “Хэнтий бороо” экспедицийг ажиллуулж хуурайшилтыг зэрэг өндөртэй, түймэр гарах эрсдэлтэй бүс нутагт 3 удаа үүлэнд нөлөөлж хур тунадас оруулан одоо аймгийн нийт нутгаар 41-45 хувийн дундаж чийгшилтэй байна. Мөн тусгай программ Юнителын гар утас ашиглан ард иргэдэд болзошгүй аюулыг эрт зарлан мэдээлж, мэдээ мэдээллийг хүргэж  байна.   

И.Байгальмаа

(Хэнтий)

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж