
Арьс, ширний салбарын боловсруулах үйлдвэрлэлийн тухай маргааш 10.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд хэлэлцэх юм байна. Энэ төрлийн үйлдвэрлэл нь малчид, иргэдийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлдэгээр зогсохгүй экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болохынхоо хувьд эдийн засгийн өсөлтөд чамгүй нөлөөтэй гэдэг. Тиймээс ч бүтэн өдрийн турш энэ талаар ХХААХҮЯ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны удирдлагууд, арьс шир боловсруулдаг хувь хүмүүс, болон олон улсын байгууллагын төлөөлөгчид цуглан, хэлэлцэх ажээ.
Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн жил бүр 11-15 хувиар нэмэгдэж байгаа бөгөөд 2011 онд арьс ширний үйлдвэрлэл 2008 оныхтой харьцуулахад 42,7 хувиар нэмэгджээ. Энэ салбарын үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа цаг үед дотоодынхоо хэрэгцээг хямд, бүрэн хангах, улмаар экспортлох тэргүүний шаардлагууд бий талаар эдийн засагчид үзэж байна. Энэхүү зөвөлгөөн нь эдгээр асуудлыг шийдэхэд бодлогын хувьд хөтөч нь байж, нэгдсэн зөв мэдлэг, мэдээллийг олгох ач холбогдолтой хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлж байна.
У.БОЛОР