Хотын төвд өндөр харш сүндэрлүүлэхээр ажлаа эхэлчихсэн мөртөө гаднах хашаа нь хаанаас олж ирсэн төмрийн хог юм гэмээр өнгө үзэмжээ алдсан хашаа татсан эрхмүүдэд хот хатуухан шаардлага тавихаар боллоо. Нийслэлийн Засаг даргын Захирамжаар Улаанбаатар хотын гудамж, талбайн барилгажилт, тохижилтыг сайжруулах, эмх замбараагүй баригдсан хашааг цэгцлэх, автозамын түгжрэлийг сааруулах шаардлагын үүднээс 2009 оноос эхлэн “Хашаа” нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийтдээ төвийн 6 дүүргийн хэмжээнд 619 байршилд 2880 орц гарц хааж барьсан хашаа, хайс, хаалт, ТҮЦ, гараж, чингэлэгийг нүүлгэн, газар чөлөөлсөн байна. Мөн 2010 оноос эхэлсэн “Явган хүний зам” арга хэмжээний хүрээнд нийт 161 байршилд 307 объектийг чөлөөлж, 6236 метр урт явган хүний замыг засч тохижуулжээ. Иргэдийн зүгээс талархал хүлээж, дэмжлэг авсан энэхүү ажлыг өнөө жил ч үргэлжлүүлж, ирэх сарын 1-нээс ажил эхлүүлэхээр боллоо. Өмнө нь нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны хороолол дундах замыг чөлөөлж байсан бол одоо гэр хороолол руу түлхүү анхаарах юм. Ингэхдээ иргэдээс өөрсдөөс нь орц, гарц, зам, талбайг хааж боогдуулсан объектуудын тухай мэдээллийг дүүргийн газрын албадаар дамжуулан хүлээн авч нэгтгэн, тэр дагуу газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаараа онцлог гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер онцолж байна. Одоогоор иргэдээс судалгаа авч байна. Эхний ээлжинд хотын төвийн байршилд барилга барихаар хашаа татахдаа иргэдийн зорчих хэсгийг хааж боогдуулсан, өнгө үзэмжгүй төмөр хашаа хатгасан газруудад хотын үзэмжид нийцүүлэн хашаагаа өнгөлж засах, зам талбай чөлөөлөх шаардлагыг хүргүүлсэн. Ирэх сарын 6-наас эхлэн тавьсан шаардлагыг биелүүлээгүй газруудын хашааг буулгах арга хэмжээ авах юм байна.
www.ulaanbaatar.mn