Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр саяхан Дэнжийн 1000-ыг Хайлаасттай холбосон гэр хорооллын дундахь замууд болон Сүхбаатар дүүрэг дэх монгол гуравдугаар сургуулийн ар талын орон сууцны хороолол дахь зам засварын ажлын явцтай танилцсан. Хотын мэрийн хийсэн гэнэтийн шалгалтын үеэр “Оч наран” ХХК-ийн инженер “Дэнжийн 1000-ын автобусны буудлын эцсээс гэр хороолол дунд тавих 1.2 километр автозамыг ирэх долдугаар сарын 30 гэхэд барьж дуусгана” хэмээн амлаж байв. Тус компанийнхны хэлснээр, энэ ажлын явц 30 хувьтай байгаа аж. Мөн Дэнжийн 1000-ыг Хайлаасттай холбосон 4.1 километр авто зам барих ажлыг ”Өргөн говь” ХХК-ийнхан хариуцан хийж байна. Энэхүү замыг ашиглалтад оруулснаар гэр хороолол дундахь автозамын түгжрэл багасаж, иргэдэд тав тухтай нөхцөл бүрдэх юм.
Тэгвэл нийслэл хотын аль, аль чиглэлд зам засварын ажлууд эхэлсэн бэ. Ямартай ч ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын зам засварын ажил дуусаж, өнөө өглөө иргэд энэхүү замаар чөлөөтэй зорчиж байв. УИХ, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн марафон хэдийнэ эхэлсэн ч хотын удирдлагууд улаан тууз хайчилж, өөрсдийгөө сурталчилгүйгээр хотын төв дэх энэ замыг ашиглалтад оруулжээ. Харин нийслэлийн Автозамын газрын дарга Д.Одын хэлснээр, нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 15 дугаар хороолол, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороолол, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороолол, мөн циркийн баруун, зүүн талын автозамуудыг засах ажил ид үргэлжилж байгаа юм байна. Үүнээс гадна Нарны гүүрийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг хэсэгчлэн хийж байгаа аж. Холбогдох мэргэжилтнүүдийн хэлснээр, яг одоо 30 га газарт бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn