Баянзүрхчүүд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн ажлуудыг чанартай, үр дүнтэй хийхэд чухалчлан ажиллаж байгаа бол Баянголынхон нийгмийн салбарт түлхүү анхаарч, амьдрах аргаа олохгүй яваа 732 иргэнд хэрэгцээний судалгаа хийж, чиглэл чиглэлээр нь үйл ажиллагаанд хамруулах ажлыг зохион байгуулж буй гэдгээ Засаг дарга нар нь онцоллоо. Сонгинохайрхан дүүрэгт ч мөн 22-ийн товчоо чиглэлийн зам барилгын ажлаас авахуулаад бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа аж. Дүүргүүдэд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөж байгаа ч орчны тохижилт, ногоон байгууламж гэх мэт тодорхой цаг хугацаанд амжуулах ажлууд дээр онцгой анхаарч ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг дүүрэг, харъяа байгууллагын удирдлагуудад даалгав. Эдгээр богино хугацаанд амжуулах шаардлагатай ажлыг цалгардуулсан, хөрөнгө оруулалтыг нь удаашруулсан ажилтнуудад ч хариуцлага тооцно гэдгээ хэллээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн мэдээлснээр Улаанбаатар хотод байдаг 77 усан оргилуураас одоогийн байдлаар 26 нь ажиллаж байна. Төлөвлөгөний дагуу 31-ийг нь ажиллуулах бэлтгэл хангагдсан, 20 усан оргилуурт засвар хийж байгаа гэнэ.
Дүүрэг бүрт эрчимтэй өрнөж буй зам засварын ажлын явцтай зэрэгцээд өмнөх жилүүдэд хийсэн замын ажлууд дээр гарсан эвдрэл гэмтлийг тухайн гүйцэтгэсэн газруудаар нь даруй нөхөн засуулах, нийслэлийн хэмжээнд 70 хувьтай байгаа хур хог цэвэрлэгээний ажлыг даруй цэгцэлж, зургадугаар сарын 1 гэхэд хур хоггүй болгох үүргийг хотын орлогч өглөө.
Өнгөрсөн бямба гаригт нийслэл болон харъяа газрууд, төвийн зургаан дүүргийнхэн иргэдэд ажлаа тайлагнасан. Сүхбаатарын талбайд бүтэн өдөр үргэлжилсэн нээлттэй хаалганы өдөрлөг иргэдэд хүртээмжтэй, зохион байгуулалт сайтай болсныг Ерөнхий сайд онцолсон агаад цаашид дүүрэг бүрт ийм өдөрлөгийг зохион байгуулж, хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудаа иргэддээ дэлгэрэнгүй таниулах үүргийг дүүргийн удирдлагууд авлаа.Шуурхай хуралдааны төгсгөлд УИХ, НИТХ-ын сонгуультай холбоотойгоор тойрог, хэсгийн хороонд ажиллахаар томилогдсон болон сонгуульд өрсөлдөхөөр ажлаасаа түр чөлөөлөгдсөн хүмүүсийг орлож буй хүмүүс ажил хийдүүлсэн, царцаасан ямар нэг асуудал гаргаж болохгүй, иргэдэд төрийн үйлчилгээ хэвийн хүрч байх ёстойг хотын нэгдүгээр орлогч онцлон анхаарууллаа. Ер нь ойрын үед нийт нутгаар хуурайшилт ихтэй, гал түймрийн аюулаас авахуулаад гэнэтийн асуудал үүсэх магадлал өндөр байгаа учир долдугаар сарын 1 хүртэл удирдах ажилтнууд гар утсаа унтраах эрхгүйг тэрбээр сануулсан юм.