Асуулт үлдээсэн ”19” уран сайхны кино юу өгүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Асуулт үлдээсэн ”19” уран сайхны кино юу өгүүлэв

Хэд хоногийн өмнөөс л Монго­лын кино урлагт нэгэн шинэ уран бү­тээл цахиур хагалах нь гэсэн мэ­дээлэл интернэт болон сонин­уу­даар гарах болсон. Уг кино­ных­оо ту­­хай ерөнхий продюсерээр ажил­ла­сан Б.Батбаяр буюу Баа­бар "Ки­но урлагт өмнө нь хэн ч хийж бай­гаагүй шинэ барил олс­ны­гоо л ха­руулъя гэж бодсон" хэмээн ярь­сан удаатай. "19" кино­ны ерөнхий зо­хиолчоор төрийн шагналт зо­хиолч, нийтлэлч Б.Цэнд­доо, кино­ны хөгж­мийг Тө­рийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгж­мийн зо­хиолч Б.Ша­рав болон бу­сад уран бү­тээл­чид хийжээ. Най­руу­лагчаар УДЭТ-ын найруулагч урлагийн гавьяат зүт­гэл­тэн Б.Баа­тар, Төрийн шагналт, кино най­руу­лагч Б.Балжинням, найруулагч И.Ням­гаваа  нар ажил­ла­сан юм. Эд­гээр эрхмүүдийн хам­тар­сан уран бүтээл гэсэн зар тарсан мө­чөө­сөө хойш хүмүүсийн дунд хү­лээлт үүсгэсэн билээ. 

Өнгөрөгч бямба гаригийн 17 цагт “Тэнгис” кино театрын өмнө кино урлагийнхан цугласан бай­лаа. Эл хүмүүс "19" хэмээх энэ ки­но­ны нээлтэд оролцохоор ирсэн аж. Тэд архагуудын кино ямар болсон бол гээд өөр хоорондоо асуулт шидэц­гээ­нэ. Гудамжинд байрлуулсан тус киноны суртал­чил­гааны самбарыг хараад хүмүүс "Аймшгийн кино", "Инээдмийн кино", "Зөгнөлт кино" хэ­мээн таа­маг­лацгааж бай­лаа. Мон­го­лын тайз, дэлгэцийн сор болсон бүтээ­лүү­дийг ард түм­ний зүрх сэт­гэлд хоногшуулсан нэрт най­руу­лаг­чид тус тусдаа энэ­хүү киног гур­ван хэ­сэг болгон бү­тээ­жээ. Киноны нээлтэд УИХ-ын гишүүн Л.Болд, Нийс­­лэлийн Засаг даргын орлогч асан Да.Ганболд, ардчил­лын ал­тан ха­­раа­цай­нуу­дын нэг болох Д.Дарьсүх­­баатар, тө­рийн соёр­холт Д.Со­сорбарам, Ц.Төмөр­баа­тар, гавьяат жүжигчин Ж.Сүх­хуяг, Б.Маг­сар­жав, Т.Карма тэргүүтэй уран бүтээлчид ирсэн байв. Продю­сер Баабар И.Ням­га­ваа найруу­лаг­чийг АНУ-аас гэр бү­лийнх нь хамт урьж кинондоо ажиллуулжээ. Кино урла­гийн ер­төн­цөд анх удаа хам­гийн бага хөрөнгөөр, хамгийн бо­ги­но хуга­цаанд, шилдэг киноны уран бүтээл­чид хамтарч ажил­ла­сан гэдгээрээ бусад киноноос онц­­лог болсон гэж байлаа. Хэсэг тус бүрийн нэг дүр дээр өөр өөр уран бүтээл­чид тогло­жээ. Эл кино Үүр­­цайх хэ­мээх хүү­гийн тухай өгүүлэх аж. Үзэгчдийн хү­сэн хүлээ­сэн мөч ирж кино эхлэв. "19" хэмээх уран сайхны киноны эхний хэсгийг  най­руу­лагч Б.Баа­тар найруулжээ. Нэг­дүгээр хэсэгт өнөөгийн нийг­мийн нэгэн өр­хийн амьдралыг ха­руул­сан юм. Үүр­цай­хын бага нас, түүний эцэг, эхийн ха­рилцаа болон архидалт, мөнгө­нөөс үүдэн гэр бүлийн таагүй уур амьс­гал бий болж бяцхан хүү өн­чин хоцорч буйг үзүүлэв. Хар цагаа­наас дүрсээ ав­сан нь оновчтой ший­дэл болжээ хэмээн хүмүүс ярилцаж байлаа.

Кино эхлэхийн өмнө Үүр­цай­хын багын дүрийг бүтээсэн Б.Сод­билэг хүүтэй зэргэлдээ суу­далд сууж буйгаа мэдэв. Тэрээр "Ахаа би энэ киноны гол дүрийн бага насны дүрд тоглосон. Кино хурдан эхлээ­сэй тийм ээ. Өөрийгөө хурдан хар­маар байна. Та ч гэсэн хүлээж байгаа биз дээ" гэв. Киноны нээл­тэд оролцож байгаадаа баяр­тай байна гээд инээмсэглэв. Та сэт­гүүлч хүн юм чинь баярлаж байгааг минь заавал би­чээрэй гэсэн юм. Тэрээр ки­но­ эх­лэхийн өмнө би хамгийн урд эгнээ­нээс киногоо үзлээ хэмээн суу­дал сэлгэв. Харин киноны дэд хэсэг бол тө­рийн соёрхолт, найруулагч Б.Бал­­жиннямын гардан ажил­ла­сан хэ­сэг. Үүрцайхын хайр, дурла­лыг инээ­дэм, адал явдалтай хол­бон най­руулс­наараа өндөр ур чад­ва­рыг үзүүлсэн юм. Сүүлчийн хэсгийг найруулагч И.Нямгаваа "артхаус" төрлөөр хүн байхын тухай, орч­лон­гийн мөнх бусыг харж болохоор дэлгэжээ. Ухаарал, гэгээ­рэл, бу­сар­маг байдлыг эцсийн бүлэгт ямар ч түлхүүргүй тайлна. Хүний амьд­ралын үнэ цэнийг ха­руул­сан хам­гийн сонирхолтой хэсэг аж. Ки­ноны гол дүрүүдийг залуу уран бү­тээлчид бүтээжээ. Энэхүү кино бү­тэж байх агшинд найруулагчид хэн хэ­нийхээ най­руулж буй хэсгийг үзээгүй бө­гөөд өөр хоорондоо санал ч солил­цох боломж ол­доо­гүй гэнэ. Киноны найруулагчид болон уран бүтээл­чид мөнхүү продюсер Баабар ч үзэгчдийн адил анх удаа үзэх гэж байгаагаа кино­ны өмнө хэлсэн юм.

Кино өөрөө Үүрцайхын 19 хүр­тэлх насны амьдралыг харуул­сан болохоор зүгээр л "19" гэж нэрлэсэн гэв. Харин үзэгчид өөр бодолтой ажээ. Энэ тоо ямар нэгэн учиртай. Томчууд хамтарч бүтээсэн энэхүү бүтээлээ ийм энгийнээр нэрлэхгүй гэж байлаа. Ямартай ч гурван най­руу­лагч тус бүртээ 30 минутад Үүрцайхын амьдралыг харуулж чад­жээ. Үзэгчид эцсийн бүлэг дээр ки­ноны зангилаа тайлаг­даж байна гэ­сэн юм. Киноны дун­дуур С.Зориг агс­ны ярьж буй бичлэг телевизээр га­рах агаад түүн дээр хэлэгдэж буй үгсийг хүмүүс хамгийн ихээр со­нир­хов. Сүүлчийн хэсэгт гол дүрийн залуу 2008 оны долдугаар сарын нэгний сонгуулийн үймээний үеэр буудуулан амиа алдана. Үүнийг харсан үзэгчид "энэ жилийн сон­гуу­лийн үеэр ахин долдугаар сарын нэгэн бүү болоосой, бурхан минь" хэмээн алга хавсрах нь сонсдов. Үзэгчдийн дунд асуулт үлдээ­сэн, эргэлзээ төрүүлсэн, ахин үзэх сэдэл төрүүлсэн "19" уран сайхны кино ийнхүү нээлтээ хийлээ. "Кино­ны цаана кино байгаа" хэмээн ярилцах үзэгчид ахин үзэхгүй бол далд санааг нь олж чадсангүй гэсэн юм. Тэд киног үзээд ойлгосон хэдий ч киноны зангилааг, энгийн бүхний ард агуу том ертөнц бий гэдэгтэй санал нэгдэж байсан бөгөөд түү­нийг нээхийг хүсэж байлаа.

Арав гаруйхан хоногийн дотор бүтээгдсэн гэх энэ уран бүтээлээс хамгийн гол нь энэ цаг үеэ мэдэрч авах нь чухал санагдлаа. Киноны ерөнхий зохиолч, продюсер нар өмнө нь "Нянгар хаданд гарсан нь" хэмээх уран сайхны киноны зохиол дээр хамтарч ажиллаж байсан билээ. Тийм болоод ч тэр үү уран бүтээлийн ганзага илүүтэй нийл­жээ гэж бодогдов. Баабар, Б.Цэнд­доо нарын хувьд Монголын томоо­хон нийтлэлчид гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэр утгаараа энэ киноны зохиол нь сайн болсон бөгөөд хамгийн гол нь үүнийг амьдруулах найруулагчдыг хамгийн түрүүн олох шаардлага тулгарсан байх. Үүний үр дүнд энэ гурван том найруулагч шигшүүрт үлдсэн болов уу. Нөгөө талаараа залуу уран бүтээлчдийг их урлагт хөтөлж, олон алдартай жүжигчид болон уран бүтээлчидтэй хамтарч ажиллах анхны алхмыг нь нээж өгчээ. Гур­ван өөр үзэл бодолтой, гурван өөр ертөнцийг нэгтгэж нэг уран бүтээл болгоно гэдэг амаргүй. Гэвч тэд чаджээ. Уг кино асуудал дэв­шүүл­сэн, асуулт үлдээсэн уран бүтээл болсон юм. "19" уран сайх­ны киноны нээлтийн үеэр зарим уран бүтээлчидтэй уулзлаа.

Киноны ерөнхий зохиолч Б.Цэнддоо

-Сүүлийн үед кино театруу­дын дэлгэцээр гараагүй кино болсон байна гэж хүмүүс ярил­цаж байна…

-Энэ проект өөрөө ер бусын төсөл байгаа юм. Баабарын санаа­чил­га, ерөнхий дизайнаар анх эхэлсэн. "19" гэдэг уран сайхны кино бол нэг хүний амьдралын 19 жи­лийг гурван өөр зохиолч гурван өөр янзаар бичиж, гурван өөр най­руу­лагч өөрсдийн арга бари­лаар бү­тээсэн юм. Хүний амьдрал ч гэсэн олон талтай. Амьд­ра­лын­хаа үе үеүдийг эргэн дурсахаар бүр өөр хүн шиг санагддаг. Тийм боло­хоор най­руулагч нарын ур чадва­рыг мөн дав­хар харуулж байгаа. Кино гэдэг эцсийн бүлэгтээ найруу­лагчийн бүтээл шүү дээ. Бид бол найруу­лагч­дад түүхий эдийг нь бэлтгэж өгдөг.

-Энэ кино хүмүүсийн дунд олон таавар үлдээлээ?

-Ерөнхийдөө продюсер Бааба­рын бүтээл байгаа юм. Би бол ерөнхий зохиолчоор ажилласан. Зохиолчид бол тус тусдаа. Зарим ангийг нь би хийсэн. Ерөнхий зохиолч гэдэг бол зохиолч нараа ерөнхий барьж байдаг зохиолч гэсэн үг. Нэг ёсондоо менежер юм.

-Хүмүүс янз бүрээр ярьж бай­гаа нь анзаарагдлаа. Киноны занги­лаа хамгийн сүүлд тай­лаг­даж байна уу?

-Найруулагч болгон өөр өөрийн найруулсан хэсэг дээрээ төгсгөл хийсэн. Өөр өөр жүжигчид тоглож, өөр хүмүүс найруулсан хэдий ч тухайн хэсэг бүр өөрсдийн хэлэх зүйлээ хэлээд явчихсан. Хүмүүс ирээд үзнэ биз дээ. Би киногоо яриад яахав. Хүн төрөлхт­ний ариун нандин урсгал яваад байгаа юм. Кино эхлэхэд Сократын нэг үг гарсан даа. "Амин сүнс бүгдэд бий Ариун сүнс сайнд л байдаг" гэж. Тэр сайн сайхны урсгал бол хүн өөрөө. Кинон дээр үхэж үрэгдэж, буудуул­сан ч дуусах­гүй нэг зүйл яваад байгаа биз.

-Кино зохиолыг бодит түү­хээс сэдэвлэн бичсэн үү. Үүр­цайх гэж залуу байсан юм уу?

-Үгүй. Энэ зүгээр киноны гол баатар. Кино тэр чигээрээ зохиол. Тухайн хэсгүүдийнхээ үйл явдлыг хэрхэн үзүүлсэн бэ гэдэг нь най­руулагч нарын хэрэг байлаа.

Ерөнхий продюсер Б.Батбаяр

-Киног яагаад заавал гурван өөр найруулагч найруулах бол­сон юм бэ?

-Хүний амьдрал сайнтай, муу­тай янз бүр л байдаг хойно. Ер нь амьдрал гэдэг чинь цагаан, ногоон, шар гээд олон өнгөтэй. Хамгийн гол нь найруулагчид яаж харж байна вэ гэдгээс хамаарч байгаа юм. Най­руу­лаг­чид л өөр өөрсдийн арга ба­ри­лаар илэр­хийл­сэн.

-Нэг ижил зохиол дээр гурван найруулагч өөр өөрийн өнцгөөр ажилласан юм биш биз дээ?

-Хүмүүс киногоо яаж үзээд, яаж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг.

-Хүмүүс янз бүрээр яриад байна л даа?

-Үүн дээр ямар ч тайлбар байх­гүй. Энэ нэг залуугийн амьдралыг найруулагчид хэрхэн яаж харж байгаагаас шалтгаалсан. Най­руу­лагчдаас нь асуувал илүү сайн хэлээд өгөх байх.

Найруулагч И.Нямгаваа

-Алсын Америкаас ирж энэ­хүү киног найруулсан байна. Яагаад заавал "19" уран сайхны ки­ног сонгох болов оо?

-Анх бол ямар киноны найруу­лаг­чаар ажиллах гэж ирж байгаа­гаа ч мэдээгүй. Зохиолтойгоо ч танилцаагүй байсан. Монголын оюун санааны томоохон өндөрлөг болсон Баабар намайг урьсан. Харин ирээд кино зохиолтойгоо танилцаж байхдаа 30 минутын хугацаанд хийх ёстой юм байна гэдгээ мэдсэн. Зохиолтойгоо та­нилц­­са­ны дараа үгүй гэж хэлж ча­даагүй. Нэг хүний амьдралыг 30 минутад багтаан дэлгэцийн бүтээл болгоно гэдэг эхэндээ амаргүй байлаа. Энэ киноны сэдэв надад байсан эмзэг­лэ­лийг хөндсөн боло­хоор би түүр­тээ­гүй. Долдугаар сарын нэгэн ч юм уу хүний амьд­ралд тохиолдож болох зүйлийг сайн илэрхийлсэн. Зохиол нь ч сайн байсан юм. 14 хоногийн ху­га­цаанд зургийг нь авч дуусгасан. Над­тай хамтарч ажил­ла­сан "Логик сту­ди"-ийн за­луу­чууд ажилдаа мэр­гэшсэн юм билээ.

-Хүмүүс хэрхэн хүлээж авч байна. Танд ямар нэгэн зүйл мэдрэгдэв үү?

-Кино бол угтаа хар ажил. Сүүлд нь сайн, муу хэлэх нь хүмүү­сийн асуудал. Бид нэлээд ачаа­лал­тай ажилласан. Хар ажлыг хамгийн богино хугацаанд амжилттай да­ван гарлаа.

-Таны найруулсан хэсэг дээр өвөрмөц шийдлүүд ажиг­лагд­сан. Таны санаа байв уу?

-Долдугаар сарын нэгний тухай бол зохиол дээр байсан. Тэр энэ гээд яриад байх онцлог юу байхав. Миний өөрийн дотоод сэтгэлийн хөг эгшиг шүү дээ. Хүн хүнд өөрийн гэсэн арга барил байдаг. Сүүлчийн хэсэг дээр өөрийн арга барилаар ажилласан. Уран бүтээлч гэдэг өдөөгч байх ёстой. Хүмүүсийг ямар нэгэн зүйл рүү хөтөлж, унтарсныг сэргээдэг. Бид л цочроо өгдөг байх хэрэгтэй. 

Гэрэл зургийг: Ц.МЯГМАРСҮРЭН

Э.ЭНХБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж