Титаникийн мөргөж сүйрсэн гамшигт хясаа… Эсвэл хөндий хүйтэн ихэмсэг бүсгүй… Хөөрхий мөсөн уулыг бид иймэрхүү байдалтай л төсөөлж, зүйрлэдэг… Гэтэл мөсөн уул гэдэг бол зүгээр л нэг МӨС биш!.. Бас дан ганц цагаан биш эрээн мяраан, бүр гантиган солонгон байдаг байна шүү!!!…
Зурмал мэт мөсөн уул нь тийм ч ховор үзэгдэл биш ч гэсэн өнөөг хүртэл эрдэмтэд түүнд анхаарлаа ноцтой хандуулалгүй явж иржээ. 2008 онд ӨАБНУ-ын Кейптаунаас 1700 бээр, Антарктидын хойд эргээс 660 бээрийн бээрийн зайтай явсан эрдэм шинжилгээний багийн судлаач Ойвинд Тэнжен өнгө өнгийн зураасаар чимэглэгдсэн мөсөн уулыг анх ажигласан түүхтэй.
Цэнхэр, хүрэн, ногоон, бүр шар… Байгаль ээжийн будаг шунханд эцэс төгсгөл гэж үгүй ээ. Ихэнхидээ номин цэнхэр угалз элбэг тохиолдох нь тохиолдлын биш юм. Мөсөн уул бүтцэндээ агаарын бөмбөлөг ихээр агуулдаг учраас цагаан харагддаг. Харин хөх зураас бол түүний зай завсраар нь тогтож хөлдсөн цэнгэг ус юм.
Арай бараан мөрүүд бол мөсөн уул үүсэх үед наалдаж тогтсон галт уулын тоос. Ийм мөснүүд галт уулын оройд цасан малгай шиг үүсээд хайлсных нь дараа ус руу гулсдаг байна.
“Ногоолин” зураас бол дотроо агаарын бөмбөлөг агуулаагүй хуучин мөсний “хавчуурга” гэсэн үг. Энэ бол эрэг дээрх мөсний завсар олон зуун жил хуримтлагдаж байгаад мөс элтрэх үеэр гадагшилсан хөлдүү далайн ус юм. Мөсөн уулын 90 хувь нь усан доороо байдаг гэвэл энэхүү гоо сайхан ямаршуухан аварга цараатай болох нь ой тойнд багтамгүй мэт.
Мөсөн уулс эрт балар цагаас л хүмүүсийн анхаарлыг татаж, гоо үзэсгэлэнгээрээ бишрүүлэхийн зэрэгцээ түгшүүрт аюумшигаараа айлгасаар ирсэн. Одоохондоо судалт аварга мөснүүдийг зөвхөн эрдэмтэд л халиах боломжтой байна. Гэхдээ тун удахгүй аялал жуулчлалын хэрэглэгдэхүүн болох биз ээ. Иймэрхүү жишээ гэвэл Хойд Аргентин, Өмнөд Патагоны Перито Морено хэмээх мөсөн далан. Үе үе бутарч хагаран мянган мянган жуулчдыг алмайруулдагаараа алдартай нэг мөс мөнөөсөө мөн билээ.