
Н.Энхбаяр ял завшихын тулд боломжит болон боломжгүй байж болох бүх
хувилбаруудыг сонгож байна. Өлсгөлөн зарласан нь шоронгийн хоригдлуудыг
дуурайлгахад хүрч, Глобын Ж.Мэндбаяр өөрийгөө “сулла” хэмээн өлсгөлөн
зарласан. Одоо өсвөр насны хүүхдүүд салаавч гарган зугаацдаг боллоо.
Эдгээрийг
ч яахав засч болох байх. Харин ял завшихын тулд улс эх орныхоо нэрийг
дэлхий дахинд гутаан доромжлох үйлдэл нь улам бүр увайгүй шинжиндээ
оржээ. Эхлээд эхнэр нь Английн парламентын Монголын асуудлаарх бүх намын
бүлгийн даргад 10 настай охиныг нь хуулийнхан заналхийлж, нөхрийг нь
шалдлан хоригдлуудын дундуур алхуулж тамлаж, эрүү шүүлт тулган тарчилган
зовоосон мэтээр захидал бичээд хөгөө чирсэн.
Гэтэл МАХН-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Н.Удвал О.Цолмон ажаагаа дуурайн АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обамад ил захидал бичжээ. Уг захидлаас увайгүй башир үгнээс гадна
асар их мөнгө үнэртэнэ. Н.Удвалын захидал алдарт “Нью-Йорк таймс”
сонины 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаарын 10 дугаар нүүрт “төлбөртэй”
гэсэн малгай гарчиг дор хэвлэгджээ.
Энэ дэлхий дээр хамгийн өндөр
төлбөртэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг нь Нью-Йорк таймс сонин.
Харахад жижигхэн мэт эл захидлын төлбөр нь хэдэн зуун мянган ам.доллар
болно. Авлигачийн хувьд ял завшиж л байвал хэдэн зуун мянган доллар
гэдэг өглөөний цайны мөнгө л биз. Уг захидал тэр аяараа гүжир гүтгэлэг,
улс орноо доромжилсон увайгүй башир үгс, дэндүү бүдүүлэг тулгалтыг
хийсэн найруулга маруухан ичмээр дамшиг болжээ.
Нүд үнэн, чих худал гэдэг. Тиймээс уг захидлын зарим хэсгээс иш татъя.
“…Сүүлийн
жилүүдэд монгол Улс нь эрдэс баялаг, эрчим хүчний гол нийлүүлэгчдийн
нэг болж буйг дэлхий нийт гэрчлэх бизээ. Түүнчлэн, Монгол Улс газрын
ховор эльментээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмблэгдэх бөгөөд Хятад, Оросын
дунд буффер болж Төв Азидаа стратегийн байршилтай улс юм”. Энэ хэсгээс
шунаг сэтгэл үнэртэж байгаа биз. Газрын ховор эльментын тухай орж ирсэн
нь санамсаргүй хэрэг биш. Мань Энхбаяр ээжийнхээ дүүгийн нэр дээр газрын
ховор эльментийн орд авчихсан байдаг нь ил болсон. Ёстой нөгөө хүн
мэддэг юм аа л бичдэг гэдэг нь ортой бололтой. Хятад, Оросын дунд буффер
болж байгаа хэмээн мэдэмхийрчээ. Үнэн байх. Гэхдээ хэний буффер юм.
Хэнд ашигтай байх вэ? гэх мэтчилэн улс үндэстнээ доромжилсон, тусгаар
тогтнолоо үгүйсгэсэн утга муутай үгс байх юм.
“Ноён Энхбаярыг улс
төрийн хоригдол болгосон тухайд АНУ-ын засаг захиргаа чимээгүй байгаа нь
түүний дэлхий даяарх үйлсийг нь ямагт дэмжиж ирсэн Монголын ард түмнийг
цочроож байна. АНУ нь өөрийнхөө улс үндэстнээсээ, илүү эрх чөлөөтэй,
тусгаар улсбг бүтээн байгуулах гэсэн өөрийнхөө хүчин чармайлтаасаа
ийнхүү татгалзаж байна гэж манай ард иргэд үзэж байна”. Юу юу гэчих вээ?
Манай улсыг америкчууд байгуулж байгаа юм уу? Энхбаяр баригдсан нь
Америкчуудад ер нь ямар хамаа байнаа. Америкт нэг хулгайч баригдахад
бидэнд хамаагүйтэй адил тэдэнд ч мөн ижил баймаар. Америкчууд
Н.Энхбаярыг өмөөрсөнгүй гэж монголын ард түмэн цочирдоогүй шүү дээ Удвал
даргаа. Захидлын төгсгөл бүр ч аймаар “АНУ-ын өнөөгийн бодлого нь
Монгол Улсыг айдас хүйдэс, дарангуйллаар засаглах хүчнийхний гар өгч буй
гэлтэй”. Ийм үгс гуравдах Ерөнхийлөгч болон түүний хамсаатнуудаас л
гарах байх. Эдгээр үгсийг тайлбарлаад байх нь илүүц биз. Монгол Улсын
тусгаар тогтнолыг Удвал авгай устгаж орхиж байгаа нь энэ. Өөрийн эрх
ашгаас дээгүүр эрх ашиг гэж бас байдгийг эдгээр хүмүүс ерөөсөө ойлгохгүй
юм байна. Хувь хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас явцуу, хэн нэгэн
хулгайчийн эрх ашиг бусдын эрх ашгаас бүр ч дор байх ёстой. Гэтэл
авлигачийн эрх чөлөө Монгол Улсын язгуур эрх ашгаас дээр тавигдаж байгаа
нь энэ. Үүнээс харахад л Н.Энхбаяр гэж хэн бэ гэдэг нь ойлгогдоно.
Түүнд улс орны, ард түмний эрх ашиг гэж үгүй. Зөвхөн хувийнх нь, гэр
бүлийнх нь явцуу эрх ашгийн төлөө л энэ дэлхий тэнхлэгээ эргэдэг мэт
увайгүй санаж байна. Монголын тусгаар тогтнолыг шууд устгаж, хаа
хамаагүй холын Америкийн 44 дэхд тунисан манай 3 дахийн энэ захидалд
авах юм алгаа.
Сонинд нийтлэгдсэн захидлыг орчуулан хүргэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгчид илгээх нээлттэй захидал
Ноён Ерөнхийлөгчөө,
2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчилсан тухай мэдээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Н.Энхбаяр нь улстөрийн хоригдол болох нь эдүгээ тодорхой болсон бөгөөд энэ тухай Уолл Стрит Жорнал, Файнэншл Таймс, Экономист зэрэг хэвлэлүүдэд мэдээлсэн билээ. Сүүлийн жилүүдэд Монгол Улс нь эрдэс баялаг, эрчим хүчний гол нийлүүлэгчдийн нэг болж буйг дэлхий нийт гэрчлэх бизээ. Түүнчлэн, Монгол Улс газрын ховор элементээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэх бөгөөд Хятад, Оросын дунд буффер болж Төв Азидаа стратегийн байршилтай улс юм.
Ноён Энхбаярыг улстөрийн хоригдол болгосон тухайд АНУ-ын засаг захиргаа чимээгүй байгаа нь түүний дэлхий даяарх үйлсийг нь ямагт дэмжиж ирсэн Монголын ард түмнийг цочроож байна. АНУ нь өөрийнхөө улс үндэстнээсээ, илүү эрх чөлөөтэй, тусгаар улсыг бүтээн байгуулах гэсэн өөрийнхөө хүчин чармайлтаасаа ийнхүү татгалзаж байна гэж манай ард иргэд үзэж байна.
АНУ-ын өнөөгийн бодлого нь Монгол Улсыг айдас хүйдэс, дарангуйллаар засаглах хүчнийхний гарт өгч буй гэлтэй. АНУ-ыг үлгэр дууриал болгон, түүнтэй ижил ардчилал, эрх чөлөөг эмхлэн тогтоох гэсэн хүсэл мөрөөдөлтэй улс адардчилал, шударга ёсыг дахин цогцлооход дэмжлэг үзүүлэхийг хүсэн бид ийнхүү танд хандаж байна.
Монгол ардын хувьсгалт намын (сөрөг хүчний социал демократ) Ерөнхий нарийн бичгийн дарга Нацагийн Удвал
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар, Гэндэнгийн гудамж, МАХН-ын байр
И-мейл: be@mprp.org
ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN