Сирийн эсэргүүцлийн бослого хөдөлгөөний хамгийн аймшигтай, цуст өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гаригт Сирийн цэргүүдийн бөмбөгдөлтөөр 100-аад хүн амиа алдсаны дунд хүүхэд, эмэгтэйчүүд олон байжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнгөрсөн ням гаригт яаралтай хуралдаж, Сирийн эрх баригчдаас цуст халдлагыг нэн даруй зогсоохыг шаардсан ч тэд Сирид ямар ч аймшигтай халдлага болоогүй гэж мэдэгджээ. Хула хотод Сирийн Засгийн газрын цэргүүдийн хийсэн хэргийн улмаас Ерөнхийлөгч Башар Аль-Ассадын дэглэм олон улсын зүгээс шүүмжлэлд өртөж байгаа авч дэлхийн хүчирхэг гүрний удирдагчид өөр өөр байр суурьтай байгаа юм. Бямба гаригийн цуст халдлагын дараа Их Британи, Франц Сирийн Засгийн газрыг хуруугаар чичиж, цус халдлагаа зогсоохыг шаардсан хэвлэлийн мэдэгдэл гаргасан байна. Харин ОХУ Сирийн асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй санал нийлэхгүй гээд Сири дэх ажиглагчдын тэргүүн Норвегийн генерал Роберт Вудыг илтгэл тавихыг хүсчээ. ОХУ нь Сирийн хамгийн хүчтэй, нөлөө бүхий түнш хэвээр байгаа юм. Сирийн цус асгаруулсан бослого хөдөлгөөнийг гараа хумхин хараад суухаас өөр аргагүйд хүргэж буй шалтгаан нь ОХУ, Хятад хоёр улс билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоёр орон Дамаскийн эрх баригчдыг НҮБ-ын хоригоос хамгаалж, Башар Аль-Ассадын дэглэмийг түлхэн унагахын эсэргүүцэж хориг тавьсаар байгаа билээ. Сирийн цэргийнхэний цуст үйлдэл нь 14 сар үргэлжилсэн бослого хөдөлгөөнийг зогсоох гэсэн Кофи Аннаны оролдлого талаар болж буйг харуулсан байна. Цуст мөргөлдөөний дараах видео бичлэг цацагдахад цагаан даавуунд ороосон 100-аад цогцосны дийлэнх нь хүүхдийнх байсан нь олныг хирдхийлгэжээ. Хула хот дахь ажиглагчдын мэдэгдэж буйгаар өнгөрсөн бямба гаригт 108 хүн бөмбөгдөлтөд өртөж амиа алдсаны 49 нь хүүхэд, 34 нь эмэгтэйчүүд байсан гэнэ. НҮБ-ын ажиглагчид дээрх бөмбөгдөлтийн өмнөхөн Хула хотод танк, их буу орж ирж буйг мэдээлж, Сирийн Засгийн цэргүүд шүдээ хүртэл зэвсэглэж буйг анхааруулж байжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Сири дэх Араб лигийн энхийн элч бямба гаригт болсон цуст халдлагад Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг буруутгаж, хүчирхийлэл, цус асгаруулсан дайралтаа нэн даруй зогсоохыг шаарджээ.
Н.Энх