Шүүх хурал дахиад хойшлох бололтой

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Шүүх хурал дахиад хойшлох бололтой

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг маргааш /V.29/-ны 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүнэ. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс шүүгдэгчдэд энэ сарын 17-нд тус бүр нэг өмгөөлөгч томилсон байгаа. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Батхүү, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтын өмгөөлөгчөөр А.Ундрах, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр М.Алтан-Өлзий, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа  Г.Ганбаатарын өмгөөлөгчөөр Б.Баяр нар томилогдсон. Гэвч маргааш болох тэднийг шүүх хурал зургаа дахиа хойшлогдох нь тодорхой болоод байна.

Цагдаагийн экс дарга нар буюу шүүгдэгчид өөрсдийн хууль ёсны эрх, ашгаа хамгаалуулах өмгөөлөгчөө өөрсдөө сонгон авах хүсэлтэй байгаагаа толгой дараалан Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд уламжилсан байна. Тавдугаар сарын 11-нд тэд Монголын өмгөөлөгчдийн холбооны мянга гаруй өмгөөлөгчөөс тус бүр гурвыг сонгож, биечлэн уулзсан. Гэвч сонгогдсон өмгөөлөгчид цагдаагийн экс дарга нарын сэтгэлд нийцээгүй. Тиймээс Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс хууль ёс дагах арга алга, өөр зам үлдсэнгүй хэмээн үзэж, автоматаар нэг нэг өмгөөлөгч томилсон.  Гэтэл цагдаагийн дарга нар цаг хожих гэсэн үү, өмгөөлөгчдийг сэтгэлд нийцвэл сонгоно хэмээн дахин гурваас дөрвөн өмгөөлөгчтөй биечлэн уулзаж, танилцах хүсэлт гаргаад байгаа аж.

Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарын өмгөөлөгч Б.Баяраас өмгөөлөл үзүүлэх эсэхийг тодрууллаа.

-“Маргаашийн хуралд та оролцох уу?

-Би өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан. Нэгдүгээрт миний эрүүл сэнд сайнгүй байгаа. Хоёрдугаарт, шүүх хурал болох өдөр тулсан үед хэргийг хянан хэлэлцэх хугацаа байхгүй байсан. Надад энэ сарын 24-нд утсаар өмгөөлөгчөөр томилсон тухай утсаар хэлсэн. Би өмгөөлөл үзүүлэх ямар ч боломжгүй учир Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд энэ тухай хүсэлтээ тавдугаар сарын 25-нд илгээсэн.

-Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс хариу ирсэн үү?

-Одоогоор хариу ирээгүй л байна. Өмгөөлөл үзүүлэхээс татгалзаж байхад, хүчээр өмгөөл гэсэн хариу ирэхгүй л болов уу” гэв.

Түүнчлэн Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр томилогдсон М.Алтан-Өлзий энэ талаар “Маргаашийн шүүх хурал хойшлогдох байх. Шүүгдэгчид нь биднээс татгалзаад байгаа шүү дээ” гэсэн хариулт өгч байна. Эх сурвалжийн мэдээлснээр О.Зоригтын өмгөөлөгч А.Ундрах “О.Зоригтын Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхийг хүндэтгэж, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг цуцалж өгнө үү” гэсэн хүсэлтийг мөн гаргасан байна. 

Шүүгдэгчид нь өмгөөлөгчдөө хүлээн зөвшөөрөхгүй, өмгөөлөгчид нь өмгөөлөл үзүүлэхээс татгалзсан энэ нөхцөлд Цагдан хорих 461 дүгээр ангид маргааш болохоор товлогдсон шүүх хурал дахин хойшлогдох нь тодорхой бололтой.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж