Яруу найрагч, хөлбөмбөгчин, ихэр цэрэг энхийн манаанд хамтдаа

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Яруу найрагч, хөлбөмбөгчин, ихэр цэрэг энхийн манаанд хамтдаа

“Далай орон минь дархан хилтэй-Дархан хил минь дайчин харуултай” гэж бид дуулдаг. Өнөө цагт дайн, байлдаан гэх биш юун дайчин харуул байхав гэх хүн ч байж мэднэ. Гэвч ээж аавын халамж хайраас холдож, эмээл, морь, тал гурваа эзгүйдүүлэн эх орны энхийн ма­наанд хэзээд бэлхэн цэрэг эрсийн эгэл жирийн нэгэн өд­рийг сурвалжиллаа. Энэ оны эх­ний ээлжийн цэргүүд цэрэгт ирээд 10 гаруй хоножээ. Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн шинэхэн цэргүүд жавхаатайхан гүйх нь эх орны минь дархан хил найдвартай байгааг сануу­лах мэт. Ангийн мэдээлэл сурталчилгааны албаны дарга дэд хурандаа н.Ганболд шинэ цэрэг гэж битгий бичээрэй гэсэн л дээ. Гэхдээ аав, ах нар минь цэргийн тухай ярихдаа ихэвчлэн шинэ цэргийн тухай ярьдаг, тэр нь их л сонирхолтой санагддаг байсан тул “шинэ цэрэг” гэж бичихгүй л бол цэргийн тухай биш өөр зүйлийн тухай бичиж байгаа юм шиг санагдаад ингэж бичлээ. Тэд энэ л хугацаанд жин­хэнэ хал үзэж, халуун чу­луу бага ч гэсэн долоодог байх гэж бодогддог шүү дээ. Тэд­нийх энэ оны эхний ээлжинд зургаан аймаг, гурван дүүрэг, 29 сумаас ир­сэн шинэхэн байлдагч нараа хүлээж аваад байгаа аж. Биднийг очиход цэргүүд хоолоо идэхээр гал тогооны зүг алхаж байсан юм.

Тэд ирээд удаагүй тул ганц нэг нь гар хөлөө зөрүүлсэн бололтой салаан даргын дуу үе үе чангарна. Тэднийг даган ангийн гал тогоо руу ороход шинэхэн талхны үнэр ханхийв. Цэргүүд хооллохдоо хүртэл эгнээ жагсаалаараа. Даргын “Суу” гэх командаар суух гэсэн боловч “орхиё”, “Яагаад сандал чирээд байна” гэснээ сая нэг суухыг зөвшөөрөв. Ийнхүү цэрэг эрс маань сая нэг хөц будаатай шөл, гоймонтой хуургаа идлээ. Бүхэл бүтэн анги цэрэг хооллож байгаа ч аяга халбага харшилдах чимээ үл гарах аж. Ангийн эмч бүсгүй тэдний дундуур явж “Хоолондоо цадаж байна уу, шүд чинь яаж байна, битгий баашлаад бай” гэхчлэн ярилцана. Шинэ цэргүүд сургалтын 30 хоногийг өнгөрүүлчихвэл дасаад, бэлтгэл сургуулилалтдаа ч гаршаад ирнэ дээ гэж тус ангийн дэслэгч  н.Энхтайван хуучилсан юм. Цэрэг эрсийг хоолоо идэж байх зуур  хэнтэй нь ярилцах билээ гэж бодож суулаа. “Манайд хоёр ихэр цэрэг бий. Тэр хоёроос ярилцлага авах уу” гэж ангийн дарга хэлсэн юм. Энэ санал таалагдасан тул ихэр хоёртой уулзлаа. Тэднийг Б.Чойжамц, Б.Гэндэнжамц гэдэг.

ИХЭР ХОЁР АМЬ НЭГТЭЙ

-Та хоёр аль нутгийнх вэ?
 
Б.Чойжамц: -Бид хоёр Архангий аймгийн Эрдэнэбулган сумаас ирсэн. Манай аймгийн төвийг ингэж нэрлэдэг юм. Хүмүүс Цэцэрлэг хот гэдгээр нь мэдэхээс энэ нэрээр нэг их мэддэггүй.

-Алхаа гишгээ жигдэрсэн биз дээ?

-Б.Гэндэнжамц: Анх ирээд сайн чадахгүй жаахан чанга байсан. Одоо сурсан.

-Б.Ч: Би өмнө нь цэрэг шиг нэг ч удаа алхаж үзээгүй байсан болохоор зөрөөд жаахан хөглөсөн л дөө. Гэхдээ одоо гайгүй. Ер нь сурсан шүү.

-Цэргийн амьдрал сайхан байна уу. Цэр­гийн хатуу дэглэмийг эрх биш гадарлах болсон биз дээ?

-Б.Ч: Хэцүү зүйл бараг байхгүй. Ер нь цэргийн амьдралыг гоё гэж дурлаж ирсэн болохоор надад сайхан л байгаа.

-Б.Г: Зурагтаар цэргийн парад, жагсаалыг хараад ингэж нэг жагсч явах юмсан гэж ярьдаг байсан. Тэгээд л бөөн сонирхол ирсэн дээ. Надад бол хэцүү гэхээсээ илүү сайхан санагдаж байгаа.

-Та хоёр тэгэхлээр өөрсдийн саналаар ирсэн байх нь ээ. Ээж аав нь юу гэж захив?

-Б.Ч: Тийм ээ. Өөрсдийнхөө саналаар ирсэн. Аав “Албаа сайн хаагаад ирээрэй” гээд үлдсэн. Харин ээж л уйлаад үлдсэн дээ.

-Б.Г: Ихэр цэргүүдийг нэг ангид байхыг зөвшөөрдөг болохоор ээж жаахан тайвширсан. Аав болохоор хоёулаа байж юу гэж хүнд дээрэлхүүлэхэв. Албаа хийморьтойхон, нэр төртөй хаагаарай. Хэчнээн тайван цаг, ганцхан жил ч гэсэн та хоёр ямар эр хүн гэдгээ тэнд харуулна шүү гэж захьсан. 

-Та хоёр хүнд дээрэлхүүлнэ гэж байхгүй юм байна тийм үү?

-Б.Г: Нэг нэгнээ дээрэлхэнэ, зодно гэсэн ойл­голт байхгүй ээ. Бид хоёр амь нэгтэй.

-Б.Ч: Ер нь хүнд дээрэлхүүлэх эсэх нь цэргээс өөрөөс нь л шалтгаална шүү дээ. Өөрөө зөв, шударга, сэргэлэн байж чадвал хэн ч хэнийг ч дээрэлхэхгүй. Ихэр гээд энэ ангид ялгаатай юм байхгүй.

-Та хоёр ямар мэргэжилтэй вэ?

-Б.Г: Гэр ахуйн цахилгаан барааны засварчин мэргэжилтэй.

-Б.Ч: Барилгын засал чимэглэлчин.

-Цэрэгт байхын сайхан эсвэл хэцүү нь юу байна вэ? 

-Б.Ч: Олон найз нөхөдтөй, олон аавын хүүхдүүдийн дунд мэдсэн сурснаа нэг нэгэндээ зааж, сургах сайхан шүү дээ.  Өглөө эрт “Сэрээд сэрээд” гэсэн команд нь хэцүү санагддаг байсан. Одоо ч бараг даслаа даа. Хэдийгээр алхах гишгэх, сууж босохоо хүртэл хүнээр заалгадаг ч иймдээ л цэрэг гэж хэлэгдэнэ гэж бодоход сайхан санагддаг гэж тэд ярьсан юм. Орчин үеийн илүү дутуу маяг, чамирхал сураагүй энгийн төлөв даруу ярих тэдний ярианаас эгэл жирийн монгол ухаан, аав ээжээ, ахмад хүнийг хүндэтгэх сэтгэл харагдаж байсан юм.

Үүний дараа нэгэн шүлэгч цэрэгтэй таарлаа. “Чинийхээ төлөө үхнэ гэж эх орондоо би хэлнэ” гэж унших энэ цэргийг Э.Нямбаяр гэдэг аж. Төв аймгийн Алтанбулаг сумаас ирсэн гэнэ. Түүнтэй товч ярилцсан юм.

-Шүлэг уншдагаа яагаад мэдэгдчихэв. Ямар шүлэг унших дуртай вэ?

-Урлагийн үзлэгээр Б.Лхагвасүрэнгийн “Боржигоны бор тал”шүлгийг уншсан юм. Тэгээд л мэдсэн дээ. Би яруу найрагч Ч.Билэгсайханы “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-т бас дуртай.

-Шүлэг уншуулах гээд зовоож байна уу?

-Уншуулдаг. Гэхдээ сайхан шүү дээ.

-Эдэндээ ямар шүлэг илүү уншиж өгдөг вэ?

-“Цэл залуу насныхаа…” гээд л өөрийн эрхгүй аманд уншигдаад, дотроос эх оронч сэтгэл омогшоод байх шиг санагддаг.

Энд  Дархан-Уул аймгийн Дархан сумаас хөлбөмбөгийн өсвөрийн шигшээ багийн тамирчин хөлбөмбөгийн I зэрэгтэй хүү ирсэн байна. Ийнхүү цэрэг эрсийн байранд өнгөрүүлсэн хором бүр яаралтай давчуу.

ТАВАН ТАВАН ХОШУУНЫ ТӨЛӨӨ УРАГШАА

Цэргүүдийн байраар орлоо. Цэмцийтэл хураасан ор, гялалзсан шал, шатар, тоглоом, телевиз гээд дутуу юм алга. Тус ангийн харуул хамгаалалтын заставын мэдээлэл соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч Ц.Соёл-эрдэнэ цэргийн алба хаагчдын дунд урлагийн үзлэг, спортын тэмцээн уралдаан, сэтгэлзүйн чиглэлийн үйл ажиллагаа явуулах ажлыг хариуцна. Тэрбээр яг одоо тэргүүний салаа шалгаруулах  ажилд ханцуй шамлан орж, өдөр бүр ангийн ариун цэвэр, сахилга бат, ор дэрээ хураасан зэрэгт нь анхаарал тавьдаг гэнэ. Нэгэн бодлын “ээж”-ийн үүрэг гүйцэтгэдэг аж. Мөн “таван таван хошууны эзэн”-ийг шалгаруулах гээд тун завгүй ажиллаж байгаа гэсэн. Түүний нэг бахархаж ярих дуртай зүйл нь цэргүүдийн боловсролын түвшин жилээс жилд дээшилж, бичиг үсэг мэдэхгүй цэрэг гэж ганц ч байхгүй болсон явдал гэнэ. Харин хамгийн бахархууштай ажил нь тамхигүй салаа аян өрнүүлсний хүчинд 25 тамхи татдаг байлдагч байсан бол одоо дөрөв нь л тамхи татаж байгаа гэлээ.

МАСТЕР ТОГООЧИЙН ҮЗЭМТЭЙ ТАЛХ

 
Энэ ангид алба хааж байгаа цэргүүд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр нарын хоолыг хийж явсан мастер тогооч, бэлтгэл хошууч Х.Монхорын гарын хоолыг иддэг азтай цэргүүд ажээ. Тэр дундаа түүний гарын үзэмтэй талх, сайхан амттайн дээр гэрт барьдаг ээжийн талхыг санагдуулдаг талаар цэргүүд хуучлах дуртай гэнэ. Х.Монхор гуай жил бүр наадмын өмнө Улсын заан М.Өсөхбаяр, Д.Баасандорж, арслан Д.Ганхуяг нарын хоолыг хийдэг гэсэн. Тэрбээр цэргийн хоолны орц хангалттай байдаг талаар онцолж байсан. Нэг цэрэгт өдрийн 600 грамм талх, 420 грамм мах оногддог талаар дуулгасан. Цэргүүдэд загас, тахианы махаар хоол хийж өгөх нь ядаргаанд сайнаас гадна, зардал хэмнэх ашигтай гэдгийг хэлж байлаа. Мөн хад, тошлойн чанамал, халиар сонгиноор хоолоо амтлахын чухлыг ч дуулгаж байсан. Ийнхүү тус ангийн цэргүүд мастер тогооч Х.Монхор, талхчин Ц.Амгалан нарын гарын хоолыгг амтархан иддэг юм байна лээ. Тус ангийн тогооч Б.Мөнхтуяа хүнд өвчин тусч үхэх сэхэхийн даваанд байхад нь ангийн бие бүрэлдэхүүн сэтгэл санаа, мөнгөн тусламж  үзүүлсний үр дүнд эдгэрсэн гэнэ. Энэ тухайд сониноороо талархал дэвшүүлж өгөхийг дэд хурандаа Н.Ганболд уламжилсан юм.

145 ХҮҮХЭД “ХАС” ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖТАЙ БОЛЛОО

 
Ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс олон улсын эх үрсийн баярыг тохиолдуулан нийт офицер, ахлагч, ажилчдын 145 хүүхдэд “Хас банк”-ны “Ирээдүйн саятан” хадгаламж нээж өгч байгаатай таарлаа. Нэг хүүхдийн дансанд 3000 төгрөг байршуулж, нийт 438000 төгрөг зориулж байгааг тэд бахархан ярьж байсан юм. Хүүхдүүд энэхүү хадгалажийн дэвтрээр сугалаанд оролцож, бэлэг авах, урамшуулал эдлэх болсондоо баяртай байгаа талаар тус ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга ахлах ахлагч Г.Хишигбат ярьж байсан.

АНГИ БУУРИА СЭЛГЭНЭ

Монгол Улсын хязгаарын болон дотоодын цэргийн анги салбаруудад төвлөрсөн хангалт, тээврийн үйлчилгээ үзүүлдэг тус ангийн үүрэг их. 1970-аад оны үед орос ах нарын барьж өгсөн БАМ-ын гэх модон барилуудыг засч янзлаад өнөөдрийг хүрчээ. Одоо шүүрэн шанага шиг болж, энд тэндгүй борооны дусаал гоождог болсон гэнэ. Аз болж Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи зэрэг хүчний байгуулагуудын боловсон хүчнийг бэлтгэдэг хэдэн сургууль нэгдэн Дотоод хэргийн дээд сургууль болж байгаа тул эднийх Хилийн цэргийн дээд сургуулий байранд нүүж орох болсон гэнэ. Харин энэ ангийн хуучин буурин дээр Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын дарга, офицер, ахлагч, албан хаагч нарт зориулсан 2000 айлын орон сууц барьж байгааг танилцуулав. Энэ жил эхний ээлжийн 320 айлыг оруулах гэнэ. Энэ барилга дээр монголчуудаас гадна 150 хятад ажилчин ажиллаж байгаа аж. Ийнхүү хилийн цэргийн 0164 дүгээр ангид сурвалжлага хийгээд буцахад шинэхэн цэрэг эрс жигдхэн ногоон хувцсаа засах аядаж, малгайгаа тэгшлэн даргынхаа командаар ёсолж үдлээ.

Н.ЛХАГВА, Ч.БАТСАРУУЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж