Н.Цэвэгням: Гэрийнхээ бууринаас адис авахад аавдаа үнсүүлэх шиг болдог

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Н.Цэвэгням: Гэрийнхээ бууринаас адис авахад аавдаа үнсүүлэх шиг болдог

Мэргэжлийн сүмо бөхийн “Алтан хараацай”-нуудын нэг Кёкvтэнхо Н.Цэвэгнямтай “Их Монголын алтан одод-2” сагсан бөмбөгийн халз тоглолтын дараа ярилцлаа. Хугацаа  бага байсан учир хувцас солих өрөө, хөшигний ард, хүүхдийн паркт байрлах “Харш” ресторан зэрэг газар хамт явж хариултаа  “цуглуулсан” юм. Хэдийгээр тэрбээр Япон улсын иргэн болсон ч гавьяат тамирчин маань Монгол Улсдаа илүү элэгтэй. Түүний хэлсэн үг бүрээс нь монгол ахуй ханхлах шиг болсон. Тэрбээр монгол сүмочдоосоо анхалж сэкиваки цол хүртсэн. Мөн өнгөрсөн башёд 38 насандаа түрүүлж, 802 дахь даваагаа авсан гээд түүний амжилт ар араасаа хөвөрнө.

-“Их Монголын алтан одод-2” шоуны талаар сэтгэгдлийг тань сонирхьё…

-Би анх удаа оролцож байна. Сайхан болдог юм байна. Тэр тусмаа башёд түрүүлчихээд оролцож байгаа болохоор бүр ч гоё. Монгол бөхийн өргөөд цугларсан хүмүүс халуун дулаан сэтгэл, нижигнсэн алга ташилтаар угтсанд нь маш их баярласан шүү.

-Башёгоо дөнгөж дуусгаад ирсэн болохоор та нар бэлтгэл хийж амжаагүй байлгүй дээ?

-Амжаагүй ээ. Бэлтгэл байтугай өмсгөлүүдээ ч өмсч үзээгүй ирсэн. Тоглолтынхоо өмнө уутнаас нь гаргаж үзлээ, сайхан болж.

-Хувцаснуудаа Японд захиалгаар хийлгэсэн үү. Түмэн наст хээтэй байгаа харагдсан?

-Тийм. “Хондома” компанид захиалга өгч хийлгэсэн. Тоглолт эхлэх үед миний цүнхэнд нэг пүүз байхаар нь гаргаад өмссөн чинь багадаад болдоггүй. Тэгсэн Харүмафүжи Д.Бямбадорж өөрийхтэйгөө солиод хийчихэж. Хэрэв тэр пүүз минийх гээд ирчихсэн байсан бол багадаад балрах нь байлаа шүү.

-Өөр пүүз байсан болов уу?

-Байгаагүй. Цаг нь тулчихсан юм чинь таньдаг хүмүүсээсээ гуйх л байх даа (инээв).

-Өнгөрсөн башёд түрүүлсэнд тань баяр хүргэе. Түрүүлнэ гэдэгтээ хэр итгэлтэй байв?

-Саяхнаас би өөр дэвжээнд очсон шүү дээ. Тиймээс сайн барилдахыг хичээсэн. Муу барилдвал тэтгэвэртээ гарсан багшийн маань санаа нь зовохоос гадна шинэ багш маань ч орчин, бэлтгэлжилт тохирохгүй байгаа юм болов уу гэж бодно. Бас надад итгэх итгэлээ алдана. Иймд би 50 хувийн амжилт үзүүлье гэж барилдсан.

-Энэ башёд зориулж өмнөхөөсөө илүү бэлтгэл хийсэн үү?

-Үгүй ээ. Өмнө нь хийдэг бэлтгэлийнхээ дагуу л хийсэн.

-Японы эзэн хааны цом гардаж авахдаа уйлсан зургийг тань харсан. Тэр үед юу бодож байв?

-Гэр бүлийнхэн, эх орон, багш нүдэнд харагдсан. Тэгэхээр өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Монгол бөхчүүдийнхээ 50 дахь түрүүг авсандаа баяртай байна.

-Та сүмочдоосоо хамгийн ахмад нь. 38 настайдаа түрүүлсэн бөх хэр олон байдаг юм бэ?

-1909 онд Японы нэг аварга 39 настайдаа түрүүлсэн байдаг юм билээ. Би энэ амжилтаараа түүний дараа бичигдлээ.

-Зодог тайлах тухай бодол байна уу?

-Байхгүй ээ. Ямар ч байсан 40 хүртлээ барилдана.

-Тун удахгүй эх үрсийн баяр болно. Та багадаа хэрхэн тэмдэглэдэг байв?

-Айл айл хэсч чихэр, боов цуглуулж л тэмдэглэдэг байлаа. Ижил олон чихэртэй болчихвол зарим найзынхаа чихэрнээс харж байгаад байхгүйгээ солино.

-Таны хамгийн дуртай  баяр юу вэ?

-Мэдээж улсын их баяр наадам, цагаан сар.

-Та үндэсний хэр олон хувцастай вэ?

-Өмсөх боломж байдаггүй болохоор нэг их байхгүй ээ.

-Барилдахаасаа гадна ямар нэгэн бизнес хийж байгаа юу?

-Хийгээгүй. Хийх ч зав гарахгүй юм байна шүү дээ. Барилдаж байх хугацаандаа сэтгэлээ хоёрдуулаад яах вэ гэж боддог.

-Таны төрсөн дүү сүмогоор барилддаг. Ямар зиндаад байгаа вэ?

-Барилдахаа больсон. Японд хувиараа нэг ажил хийж байгаа.

-Эх орныхоо өвлийг хамгийн сүүлд хэзээ үзсэн бэ?

-Удаж байна аа. Эх орондоо ирэх болгонд зун таарчихаад байдаг юм. Хааяа Монголынхоо хацар эсгэм тачигнасан жаварт цохиулж алхах юмсан гэж боддог.

-Дулаан уур амьсгалтай оронд олон жил амьдарсан та даарах байхдаа?

-Гайгүй байх. Учир нь би бага насаа халуун, хүйтэнд халшралгүй өнгөрөөсөн шүү дээ. Налайхынхаа тоос, шороотой гудмаар саахалт айлынхаа хүүхдүүдтэй тэрэгтэй ус түрж, тэвэг, бөглөө тоглож өссөн.

-Нутагтаа очиж амжив уу?

-Амжуулсан. Би ирэх бүртээ төрсөн нутагтаа очдог. Тэнд манай хамаатнууд байдаг юм. Гэрийнхээ бууринаас адис авчихаад буцдаг.

-Өндөр хөгжилтэй оронд байгаа хүн тийм их тоос, шороотой газар очихоор ямар санагддаг вэ?

-Миний төрсөн нутаг болохоор хэчнээн бохир байлаа ч надад сайхан санагддаг. Тэгээд ч агаар нь гоё. Японы агаараас тэс өөр шүү. Маргааш (баасан гариг) буцах ч долдугаар сард дахиад ирнэ. Тэгэхээрээ дахиад очино доо. Мөн орон нутгаар аялж амарсан шиг амарна аа. Энэ удаа шоуны арга хэмжээнд оролцоод найз, ах дүү нартайгаа тухтай уулзалдаж амжсангүй.

-Гэрийнхээ буйрнаас адис авахаар ажил бүтэмжтэй болох юм шиг санагддаг уу?

-Тэгэлгүй яах вэ. Аав маань хэдэн жилийн өмнө бурхны оронд заларсан шүү дээ. Тиймээс гэрийнхээ бууринаас адис авахаар аавдаа үнсүүлэх шиг болдог.

-Та 17 настайдаа нутгаасаа гарч Кёкшүзан Д.Батбаяр, Кёкүтэнзан Д.Энхбат нартай Японыг зорьсон. Тухайн үед сүмо бөхийг хэрхэн төсөөлж байв?

-Ямар ч төсөөлөл байгаагүй ээ. Хүүхэд байсан болохоор гадаадад гарах хүслээр дүүрэн байлаа. Гэтэл бэлтгэл хийгээд шантарсан. Ямар сайндаа бид Монголынхоо ЭСЯ-руу очиж буцах өргөдөл өгч ирж билээ.

-Хамгийн хэцүү нь юу байв?

-Хоол. Хэсэг хугацаанд идээшихгүй хэцүү байсан шүү. Тэглээ ч багшийнхаа шахалтаар идсээр байгаад төд удалгүй дассан.

-Тэр үед дөрвөн бөхтэй эх орондоо ирсэн ч Д.Батбаяр, Д.Энхбат та гурав буцсан. Хэрвээ та Монголд үлдсэн бол өнөөдөр юу хийгээд явж байх байсан бол…

-Цаг хугацаа, хувь тавиланг би яаж хэлж мэдэх вэ дээ. Тухайн үеэсээ л болох байх. Манай улсын нийгэм ч ямар билээ. Ямар ч байсан амьдрахын төлөө нэг юм хийгээд явж байсан биз.

-Үндэсний бөх рүү урвахгүй байсан гэж үү?

-Мэдэхгүй. Манай удамд бөх хүн байгаагүй болохоор сэтгэл минь тийшээ хөрвөх нь юу л бол. Би чинь туранхай, өндөр шар хүү байсны зэрэгцээ сүмогоор барилдах идэвхтэй байсан болохоор л тэнцсэн юм шүү дээ. Тэгээд ч Япон явахаас өмнө ах, эгч нар “Өндөр нуруутай юм чинь бөх бол” гээд секцэд явуулдаг байлаа. Тэр л намайг бөх болоход нөлөөлсөн байх.

-Эргээд очиход багш тань хэрхэн угтав?

-Толгой илээд угтахгүй нь ойлгомжтой. Тэглээ ч нэгэнт шийдсэн гээд л уйлах үедээ уйлж, инээх үедээ инээлдсээр өнөөдрийг хүрлээ.

-Хамгийн тодоор сэтгэлд үлдсэн барилдаан гэвэл алийг хэлэх вэ?

-Их аварга Таканахонаг унагаасан барилдааныг хэлнэ. Тэр үед япончууд их дургүйцсэн шүү.

-Сүмочид барилдахынхаа өмнө харцаараа тулалддаг. Харин та тэгдэггүй. Яагаад тэр вэ?

-Би тэгж чаддаггүй юм аа. Өнөөдрийг хүртэл би өрсөлдөгчийнхөө өөдөөс нэг ч удаа ширүүн харж байсангүй.

-Ширүүн харвал илүү сайн барилдах юм биш үү?

-Миний хувьд эсрэгээрээ байвал илүү тайван байдаг. Энэ миний онцлог байх л даа.

-Яагаад?

-Тодорхой шүү дээ. Тэдний хамгийн их хайрлаж, хүндэлдэг хүнийг нь унагачихсан юм чинь.

-Ээж тань хаана байгаа вэ?

-Японд.

-Та ээжийнхээ хийсэн цуйванд дуртай гэж ярьдаг. Хамт байгаа юм чинь байнга зооглож байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Хүссэн үедээ захиалж байгаад л иднэ шүү дээ. Бэлтгэл тарсны дараа сайхан хоол идмээр санагдвал ээж рүүгээ ярьж “Цуйван хийж байгаарай. Одоо очих гэж байна шүү” гэж хэлдэг. Тэгээд очихоор жинхэнэ монгол цуйван бэлэн болчихсон байна даа. Мөн гэр бүлийнхээ хүний хоолонд ч дуртай.

-Таныг Японы иргэн болоход хүмүүс “Дэвжээгээ өвлөхийн тулд ийм шийдвэр гаргалаа” хэмээн ярьцгааж байсан. Үүнд та юу гэж хариулах вэ?

-Тэр үед интернэт, сонингоор янз бүрийн л мэдээлэл гарч байсан. Би нэг их ач холбогдол өгөөгүй. Гэхдээ хамгийн гол нь тэгж бичсэн хүмүүс учрыг нь тайлж, хужрыг нь тунгаасан бол дээр байсан.

-Харин япончууд хэрхэн хүлээж авсан бэ?

-Баярласан. Учир нь миний харъяалагддаг дэвжээг өв залгамжлах хүн нь монгол байх ёстой байв.

-Япон улсын нэр дээр гарч барилдахад ямар санагдаж байв?

-Эхэндээ хэцүү байсан ч яваандаа дассан.

-Таныг тийм шийдвэр гаргахад гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авав?

-“Өөрөө л мэд” гэсэн. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг болохоор энэ шийдвэрээ гаргасан даа.

У.БАЯРСАЙХАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж