“Фэйсбүүк”-ийн зах зээлийн үнэлгээ 207 тэрбум болно

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

“Фэйсбүүк”-ийн зах зээлийн үнэлгээ 207 тэрбум болно

Олон нийтийн харилцааны вэб сайт “Фэйсбүүк” хувьцаагаа арилжиж эхэлсэн нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн энэ сарын хамгийн том дуулиан болж байна. “Фэйсбүүк”-ийн IPO төсөөлж байснаас бага хэмжээгээр борлогдсон нь NASDAQ биржийн техникийн саатлаас шалтгаалсан, шалтгаалаагүй гэх хэрэг дуусалгүй үргэлжилсээр байна. Арилжаанд оруулсан анхны өдрөө буюу 18-нд 38 ам.долларын дундаж ханштай байсан тус компанийн IPO өнгөрсөн долоо хоногт огцом хямдарч 31.12 ам.долларт ч хүрсэн. Харин өнгөрсөн баасан гаригт сэргэлт аван ширхэг бүр нь 33 ам.доллар болсон байна.

Энэхүү үнийн хэлбэлзлийн улмаас хөрөнгө оруулагчид “Фэйсбүүк”-ийн хувьцаанд итгэх итгэл алдарч эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд шинжээчдийн дунд ч “Фэйсбүүк”-ийн хувьцааны үнэн ханшийг тогтоох гэсэн эрмэлзэл бий болж буй. Өөрөөр хэлбэл, эхний өдөр нь олон мянган ширхгээр нь “Фэйсбүүк”-ийн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчид өнгөрсөн долоо хоногт ширхэг хувьцаа бүрээс багаар бодоход таван ам.долларын алдагдал хүлээсэн гэсэн үг.

“Charted Financial Analyst” байгууллагын шинжээч Брайн Уайзер энэ сарын 7-нд “Фэйсбүүк”-ийн хувьцааны ирээдүйн талаарх судалгаагаа танилцуулсан байна. Үүндээ тэрбээр уг хувьцааны ханшийг 23-81 ам.долларын хооронд ирэх таван жилийн хугацаанд хэлбэлзэнэ гэж дүгнэсэн төдийгүй тус компанийн зах зээлийн нийт үнэлгээ нь 59-207 тэрбум ам.доллар байх болно гэж урьдчилан тооцоолжээ. Түүний бодлоор “Фэйсбүүк”-ийн үнэт цаасны үнэ дийлэнх хугацаанд 30 ам.доллараар арилжигдах гэнэ.

Аливаа компанийн хувьцааны ханшийг чангарна гэсэн үүднээс хөрөнгө оруулагчид үнэт цаас худалдаж авдаг. Ялангуяа, түүхий эдтэй холбоотой байгууллагуудын зах зээлийн үнэлгээ болон хувьцааны ханшийг урьдчилан тооцоолоход арай хялбар байдаг аж. Тухайлбал, төмрийн хүдэр олборлогчийн үнэт цаасны ханш хэрхэн хэлбэлзэхийг төмрийн хүдрийн үнэ зах зээлд ямар байхаас урьдчилан таах жишээтэй.

Харин интернэт зар сурталчилгаа, тэр дундаа олон нийтийн харилцааны вэб сайтад тулгуурласан зар сурталчилгаанаас ашиг олж буй компанийн хувьцааны ханшийг хэрхэхийг таана гэдэг өвсөн дотроос зүү хайхтай адил. “LinkedIn”, “Google”зэрэг “Фэйсбүүк”-тэй ижил төрлийн үнэт цаасны ханшийн хэлбэлзлийг харвал, дийлэнхийнх нь IPO нэлээд өндөр үнэтэй арилжигдаж, тухайн өдрөө 10-20, зарим нь 50-60 хувиар өссөн ч тодорхой хугацааны дараа анхны өсөлтөөсөө 2-3 дахин хямдарсан түүхтэй. Тиймээс хөрөнгө оруулагчид “Фэйсбүүк”-ийн хувьцаанаас ихэд болгоомжилж буй нь өнгөрсөн долоо хоногийн ханшийн сулралтад хүчтэй нөлөөлсөн байна.

А.БОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж