Одоогоор БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдсон 10 хүний хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцсэн байна. Түүнээс гадна эдүгээ хар тамхи зөөсөн хэрэгт 17 иргэн шалгагдаж байна. Ингэхээр тус улсад хар тамхины хэргээр ял эдлэх монгол иргэн 27 болж байна. Ийнхүү “хаширдаггүй” хар тамхи зөөвөрлөгч монголчуудын тоо удахгүй 30 хол давах нь тодорхой болж, тэдний цаана ч баригдаагүй хүмүүс бий гэдгийг албаныхан хэлж буй.
Дээрхи арван иргэний тавд нь цаазаар авах ял оноосон бол гуравт нь насаар нь хорих ял оноож, бусад нь хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн байна. Хар тамхи хэрэглэдэггүй хэрнээ зөөвөрлөгч, дамлагч хүмүүсийн тоог судалгаагаар гаргахад тэдний дийлэнхи нь эмэгтэйчүүд байдаг аж. Насны хувьд ангилаад үзвэл 30-45 насныхан илүү оролцдог, 18-25 насны эмэгтэйчүүд ч мэр сэр холбогддог байна. Хар тамхи зөөвөрлөгчдийн гол зорилго нь асар богино хугацаанд их хэмжээнийн мөнгөтэй болох гэж улайрдаг. Баригдсан иргэд ихэвчлэн нэгээс хоёр удаагийн үйлдлээр баригдалгүй хар тамхи нууж, хил гаалиар гарч чадсан байдаг. Ийм байдалдаа эрдэж, баригдахгүй мэт явсаар сүүлдээ баригдаж балардаг ажээ.
Нөгөө талаар монголчууд хэт давардаг байна. Яагаад гэвэл цаазын ял сонссон иргэдийг хоёр талын холбогдох байгууллагууд ярилцаж ялыг нь хөнгөлөх, эсвэл ялтан солилцох гэрээгээр эх оронд нь авчирдаг болсон гэвэл буруудахгүй. Жишээлбэл, хятадад ял эдэлж байсан эгч дүү хоёр Н.Норжмаа, Н.Цэвэлмаа хоёр эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдэлж байгаа. Тэдний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан нутагт нь авчирсан. Түүнчлэн Монгол Улсын иргэн Төмөрчөдөр нарын дөрвөн залуу Малайз улсын нисэх онгоцны буудлаас Хонгконгийн чиглэлийн онгоцонд суухдаа 800-900 грамм героин залгиж улмаар тус улсын хууль сахиулагчдад баригдсан. Тэдэнд холбогдох шүүх хурал хоёр удаа болж цаазаар авах ял оноосон. Харин уг ялыг манай талаас Хятадын Консулын газартай удаан ярилцаж, зөвшилцсөний эцэст хэргийг нь хүн бүрт нь таслан тусгаарлаж шалгахаар болоод мөрдөн байцаалтад буцаасан. Ингэснээр тэд тус бүрдээ дээд тал нь 18 жилийн хорих ялаар шийтгүүлж цаазын ялаа хөнгөрүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг. Тэдний ахлагч гэх залуу хэд хэдэн удаа хар тамхи зөөвөрлөсөн “хаширдаггүй” толгой явсан гэнэ. Монголын иргэн хар тамхи зөөвөрлөж яваад амиа алдсан тохиолдол гарч байсан. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 30 настай А гэгч эрэгтэй гэдсэндээ 30 грамм хар тамхи тээвэрлэж яваад БНХАУ-ын Гуанжоу хотод бусдын гарт амиа алдсан билээ.
Хятад улсад 2007 онд Монгол Улсын иргэн Ж.Дамдин биедээ хоёр кг хар тамхи авч яваад баригдсан нь монголчуудын сэтгэлийг сэрдхийлгэсэн явдал болсон. Энэ явдлаас хойш 2009 онд түүний эхнэр Б.Хулан, төрсөн дүү Б.Билгүүн, бэр С.Оюунзаяа нарын хамтаар хар тамхи тээвэрлэж яваад Какахстан улсын хууль сахиулагчдад баригдсан билээ. Тэд тус улсын шүүхээс 4-18 жилийн хорих ял сонссон. Ирэх жил Б.Билгүүн, С.Оюунзаяа нарын хоригдох хугацаа дуусах ажээ. Ж.Дамдины цаазын ялыг хэлтрүүлж өгөөч гэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны зургадугаар сард явуулж байсан бол саяхан захидлын хариу ирж ял гүйцэтгэх хугацааг нь хоёр жилээр хойшлуулахаар болсон. Хоёр жилийн хугацаанд ямар нэгэн гэмт хэрэг үйлдэхгүй бол цаазаар авах ялыг нь бүр гүйцэтгэхгүй гэсэн үг. Харин насаараа хоригдох ял сонссон Л.Байгальмаагийн хувьд ялыг 19.6 жил болгон өөрчилсөн билээ. Одоо түүнийг Ялтан солилцох гэрээний дагуу эх оронд нь авчрах талаар хоёр улс хоорондоо ярилцаж байгаа юм билээ. Харин одоо Хятадын цагдаагийн байгууллагад Малайзаас Хятад руу орж ирэхдээ хар тамхи зөөвөрлөсөн гэх гурван иргэнийг хэргийг шалгаж байгаа. Тэд ерөөсөө хэргээ хүлээхгүй байгаа гэнэ. Нэг айлын эгч дүүс ч байгаа юм байна. Тэр хоёр Малайзаас брэндийн бараа Монголд оруулж ирдэг гэнэ. Харин дүү нь брэндийн хэдэн цүнхийг авч орж иртэл цүнхнээс нь хар тамхи илэрчээ. Түүнийгээ тэрбээр “Би хийгээгүй. Хэн нэгэн миний цүнхэнд санаатай хийсэн” гэж мэдүүлээд хэргээ хүлээхгүй байгаа гэнэ. Мөн оны өмнөхөн Хятадад ажиллаж амьдардаг манай улсын иргэн Малайз Хонгконгийн хооронд бараа зөөдөг нэрээр хар тамхи зөөж байгаад баригдсан билээ. Түүнийг шалгах мөрдөн байцаалт дуусч, хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байгаа аж. Малайз руу хар тамхины хэрэгт байнга оролцдог нь нотлогдсон монголын нэг иргэнийг Хятадын хил гаалийн ажилтнууд илрүүлсэн. Түүнтэй холбоотой гэх монголын хоёр иргэн хар тамхи зөөвөрлөхийг завдаад баригдсан гэх мэдээлэл үнэн болохыг эх сурвалж хэлсэн ч манай Консулын газраас үгүйсгэж байгаа бөгөөд “дахин лавлаж асууна” гэсэн тайлбараар ам таглаад байгаа юм.
Зүүн Өмнөд Азийн мафийн “Алтан гурвалжин” бүлэглэлийн бүс нутаг хариуцсан хятад гаралтай Малайзын иргэн Эдварт гэх этгээд монголын хэд хэдэн иргэнийг сүлжээндээ элсүүлсэн байдаг гэх мэдээлэл ч байсан. Түүний золиос болсон М.Ойгонбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх хянан хэлэлцээд 12 жил хорих хүнд ялыг нь 15 жилийн хөнгөн ялаар сольж шийтгэсэн билээ. Энэ мэтчилэн хар тамхины хэрэгт холбогдож хорих ял авч хүний болон өөрийн нутагтаа хоригдож буй олон хүн бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хар тамхитай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай санаачлага гаргаж “Хар тамхитай холбоотой гэмт хэрэгтэнд өршөөл гэж үгүй” хэмээн мэдэгдсэн. Тийм болохоор монголчууд нэгийг бодож нөгөөг тунгаана биз дээ. Түүнчлэн эцэг эхчүүд болон хамаатан садангууд үр хүүхэд, ах дүү нараа хаана юу хийж явааг нь анхаарах хэрэгтэй цаг болсон шүү гэдгийг хэлмээр байна.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин