Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

 

Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй юм бол хөнгөн бийрийг хөших юун гэдэг үг байдаг. Харин хүмүүний сонирхлыг хөндөж чадахгүй бол шоу хийгээд ч яах вэ гэдэг маягаар шоу бизнес өрнөдөг болсон, өнөөдөр

Монголд. Өөрөөр хэлбэл, ямар нэг гайхалтай өрнөл, сэтгэл татам үйл явдлыг илэрхийлж, олны сонирхлыг татсан жүжигчин, дуучныг сонгоод гайхамшигтай сайхан ролик бүх телевизээр цацахад хүмүүсийн хөнгөн сэтгэлийн “бийр”-ийг татаж болдог. Угаасаа ч хүн гэдэг сониуч юм хойно бүх сувгаар явж байгаа сонирхол татам сурталчилгааг хараад тэр киног үзэхээс ч өөр яахав, үзэхгүй гээд ч яахав. Тийм ч учраас шоу зах зээлд гаргаж байгаа киноны нэр хийгээд сурталчилгаа нь тэр ч хөнгөн хийгээд гоёхон хүмүүсийн “бийр” ч юм уу сэтгэлийг хөндөх ёстой. Өнгөрч буй бямба гаригт буюу уржигдар нээлт нь болсон “19” киног шоу бизнесийн аль жанрт хамаатуулж болохыг хэлж чадахгүй нь. Яагаад гэвэл нэг их шоудаагүй, гял цал юм байхгүй. Гэхдээ хэчнээн шоудаагүй ч киног бүтээгчдийн нэрийг жагсаавал үнэн “аймаар”. Найруулагчид өнөөдөр хэн ч нэрийг нь сонсоод сүрдэм эрхмүүд Баатар, Балжинням, Нямдаваа, зохиогч нь /ерөнхий гэж өөрөө тодорхойлж байна лээ/ Цэнддоо гэхээр. Тэгээд киног бүтээгчдийг тайзан дээр гаргах гэсэн чинь бараг багтахгүй байсан гээд л бодчих, Хамгийн сонирхолтой нь нэг цаг гаруйн киног нэг найруулагч хийдэг. Гэтэл энэ киног гурван хүн хийсэн гэнэ ээ. Гурвуулаа “лайтай” найруулагч юм чинь хэн хэнийгээ үзэх гээд ч байгаа юмуу. Ийм гурван найруулагчийн бүтээлийг нэг дор үзэх нь бас сонирхолтой юм уу. Эхний 30 минут бол ядуухан бор өнгөтэй. Арга ч үгүй биз. Шагийн архи энэ тэргээд тухайн үеийн борогдуухан амьдралыг ерөнхийд нь илэрхийлсэн. Тэр үед бараг бүх хүний амьдрал хэцүү байсан юм чинь. Харин яг энэ хэсгийн хамгийн гол зангилаа бас өөрийнхаа дүрийг хамгийн сайн илэрхийдж чадсан нь жижигхэн Үүрцайх л. Аав нь үхсэн ээж нь амьдралаа бодохоос яахав дээ гэдгийг найруулагч энгийн өгүүлэмжээр илэрхийлэв. Дараагийн анги дээр Үүрцайхын цайлган нас, амсхийм хөөрхөн дурлалын түүх үргэлжилнэ. Энэ киноны эцсийн бөгөөд эмгэнэлтэй үе. Долдугаар сарын 1-нд таван хүн амиа алдсан эмгэнэлт түүх бий. Үүрцайх тэр дөрвөн хүнтэй хамтдаа байгаагүй ч гэсэн өөр ертөнц рүү тавуулаа явсан. Үүрцайх буунд дайруулагдан унахад цагаан будан дундаас цусанд будагдсан дөрвөн хүн дөтлөөд ирдэг. Цусанд будагдсан дөрвөн залуу Үүрцайхыг зөрөөд өнгөрөх болов уу гэтэл тэд тавуулаа хаашаа ч юм бэ явчихдгийн. Цагаан манан руу явах таван залуу. Таван залууд зориулсан хөшөө босгож өгөөч гэж ар гэрийнхэн нь гуйгаад дийлээгүй гэсэн. Цагаан манан руу өөрсдийн хүслээр биш хоргодон хоргодон явж байгаа ”19” киноны тэр дүрс ямар ч хөшөөнөөс илүү хүний сэтгэлд хоногшин үлдэм. Тэр дөрөвтэй Үүрцайх цуг яваа байх. Гэхдээ Үүрцайх диваажинд байгаа эмээ дээрээ ганцаараа очдог. Эмээ зэмлэнгүй уйтгартай хардаг, Үүрцайх ийм залуугаараа эмээгийнхээ араас ирээсэй гэж эмээ нь хүсээгүй билээ. Энэ бол “19” киноны кадр, уйлмаар кадр. Цэл залуухан, хайр татам залуугийн цохон дундуур аймшгийн улаан ус урссан кадр. Гэхдээ дахиад д үүр цайна. Үүрцайх байгаа.

"19" киноны нээлтийн зургийг ЭНД дарж үзнэ үү

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж