Каннын 65 дахь кино наадмын тэргүүн шагнал “Алтан дал мод”-ны эзэн Австрийн найруулагч Майкл Ханеке боллоо. “Хайр” нэртэй кино нь түүнд уг нэр хүндтэй шагналыг авчирч өгчээ. Найруулагч өмнө нь 2009 онд “Цагаан тууз” киногоор мөн “Алтан дал мод” шагналын эзэн болж байсан гэнэ. Данийн кино жүжигчин Мэдс Миккелсен “Ан” киноны дүрээр, жүжигчин Кристина Флутур, Космина Стратан нар “Толгодын цаана” хэмээх румынь киноны дүрээр Каннын кино наадмын шилдэг дүрийн шагналын эзэд болжээ. Каннын 65 дахь кино наадмын шүүгчдийн нэрэмжит шагналын эзнээр Их Британийн найруулагч Кен Лоуч “Тэнгэрийн хишиг” хэмээх бүтээлээр шалгарчээ. Каннын кино наадмын шилдгүүдийн нэрсийг ахлах шүүгч Нэнни Морети 12 хоног үргэлжилсэн кино наадмын сүүлчийн өдөр зарласан байна. Австрийн кино найруулагч Майкл Ханекегийн “Хайр” нэртэй шидээвэр бүтээлийг өнгөрсөн долоо хоногт Каннын кино наадамд дэлгэн үзүүлснээс хойш үзэгчид, шүүмжлэгчид ам сайтай байжээ. Жинхэнэ хайрын тухай сэтгэл хөдөлгөм түүх, гайхалтай зураг авалт, гол дүрийн жүжигчдийн чадварлаг тоглолт хосолж, киног шидээвэр бүтээл болгосон аж. “Цагаан тууз” киногоор “Алтан дал мод”, “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн болж байсан Майкл Ханекегийн хувьд хайр дурлал дуртай сэдэв нь аж. Майкл Ханеке жинхэнэ хайр олон сорилтыг даван туулж буй тухай өгүүлдэг бүтээлдээ хөгшрөхөөс айдаг хүн төрөлхтөний айдсыг ч харуулсан ч мелодрам руу хэт хальтираагүй нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан байна.
Австрийн найруулагч “Алтан дал мод”-ны эзэн болов
Н.ЭНХ