Дуучин Леди Гага лалын хэт туйлширсан үзэл баримтлагчдаас хүлээн авсан заналхийллийн улмаас 5 сарын 27-ны ням гарагт индонезийн Жакартад хийх байсан тоглолтоо цуцаллаа.
Хэдэн өдрийн өмнө Леди Гагагийн Жакартын концертыг “Исламыг хамгаалагчдын фронт” (FPI) эсэргүүцэж, дуучин бүсгүйг “чөтгөрийн элч” гэж зарлажээ. FPI-ийнхан тоглолт болсон тохиолдолд “замбараагүй гамшиг” тарихаа мэдэгджээ.
Дуучин өөрөө 5 сарын 26-нд твиттертээ дээрх бүхнийг тайлбарлаж “Үзэн ядалтанд Ариун юм огт үгүй” гэсэн ганц өгүүлбэр тавьжээ. Леди Гагагийн микроблогийг 24 сая хэрэглэгч уншдаг байна.
Шоу зохион байгуулагчид харин орон нутгийн эрх баригчид арга хэмжээг хориглоогүй, харин ч дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн тухай мэдээлсэн юм. Гэвч тэд аюулгүй байдал, юуны түрүүнд, тоглолтонд ирсэн үзэгчдийн аюулгүй байдалд ноцтой санаа зовсон байна.
Индонезийн хүн амын 90 хувь нь лал шүтлэгтэй. Леди Гагагийн шоунд 50 мянган билет зарагдаад байсан юм. Өмнө нь дуучин бүсгүйн тоглолтыг шашны үзэл суртлаас шалтгаалан Филиппин, Өмнөд Солонгост хүчтэй эсэргүүцэж байсан ч энэ нь арга хэмжээг цуцлах хэмжээнд хүрч байгаагүй билээ.