
сонгуульд оролцох намууд нэр дэвшигчдээ тодруулж дууссан. Энэ сарын
30-наас өмнө СЕХ нэр дэвшигчдийг бүртгэж дуусах ёстой. Харин энэ сарын
25-нд багтаан аливаа нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах ёстой байсан
юм. Үүний дагуу УИХ-ын сонгуульд оролцох 11 нам, хоёр эвсэл нэр
дэвшигчдээ тодруулсан. Харин одоо Сонгуулийн ерөнхий хорооны хийх ажил
үлдэж байна.
Сонгуулийн хуулийн дагуу нам, эвсэл нь нэр
дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш тав хоногийн хугацаанд багтаан
тойрогт нэр дэвшигчийн баримт бичгийг тойргийн хороонд, тойрогт нэр
дэвшигчдээс бусад нэр дэвшигчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий
хороонд тус тус ирүүлсэн байх ёстой. Энэ хугацаа ирэх лхагва гаригт буюу
тавдугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болж нэр дэвшигчдийн нэрс
хороодод хүрэх учиртай билээ.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн
дагуу нэр дэвшигчид Улсын дээд шүүх, ЦЕГ-аас ял шийтгэл байхгүйг
тодорхойлсон тодорхойлолтыг Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороонд
зургадугаар сарын 2-ноос урьдаж өгөх ёстой. Намуудын нэр дэвшигчдийн
жагсаалтад буй эрхмүүдээс одоогоор энэ тодорхойлолтын дагуу хасагдах хүн
алга. Харин энэ шалтгаанаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд
оролцуулахгүй болгох гэж байна гэсэн хар байсан ч түүнд холбогдсон
хэргийн шүүх хурал ирэх сарын 4-нд болохоор болсон билээ. Тиймээс
одоохондоо нэр дэвшигч нарт ял шийтгэлтэй хүн байгаа эсэх нь тодорхойгүй
байна.
Шуудхан хэлэхэд, зургадугаар сарын 6-ны дотор нэр
дэвшигчид албан ёсоор сонгуульд оролцох эрхтэй болох юм. Энэ өдрөөс
эхлэн сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
Одоогоор санал өгөх
ажиллагааг зохион байгуулах ажил төлөвлөсөн графикийн дагуу үргэлжилж
байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал, УИХ болон НИТХ-ын сонгуульд
цахим үнэмлэхээр санал өгөх 64 мянга 940 хүн бий. Эдгээр иргэдийн цахим
үнэмлэхийг ирэх сарын 28 буюу сонгуулийн санал авах өдрөөс өмнө тарааж
дуусах үүргийг Засгийн газраас Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн.
Үүний дагуу цахим үнэмлэх хэвлэх ажил эхэлсэн гэдгийг УБЕГ-аас
мэдэгдсэн. Харин бусад хүмүүс одоогийн ашиглаж байгаа иргэний үнэмлэхээр
УИХ-ын болон НИТХ-ын сонгууль өгөх юм.
Цахим үнэмлэхээр
сонгууль өгөх иргэдийн тухайд, 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны
өдрөөс хойш энэ оны тавдугаар сарн 1-ний өдрийг хүртлэх хугацаанд
иргэний үнэмлэхээ хаясан, гээж үрэгдүүлсэн 64 мянга 940 лавлагааны
хуудастай иргэдийн сонгуулийн насны 40 гаруй мянган хүнийг цахим
үнэмлэхжүүлэх юм. Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 10-ны өдөрт багтаан
үйлдвэрлэн дуусгаж, 25-ны өдрөөс өмнө дүүрэг, хороо, орон нутагт нь
хүргэж дуусгах юм. Гэхдээ хэн нэгэн ажилтан хариуцлага алдвал иргэдэд
цахим үнэмлэхийг нь өгч амжихгүй. Үүнээс шалтгаалж тухайн сонгогч
сонгуульд оролцох боломжгүй болж ч магадгүй байна.
Өөр нэгэн
онцлог нь энэ жилийн сонгуулиар анх удаа гадаадад сурч, амьдарч байгаа
иргэдийн саналыг авна. Гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдийн бүртгэл
тавдугаар сарын 11-ний өдрөөс эхэлсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригийн
байдлаар 2005 иргэн бүртгүүлсэн байгаа аж. Мөн шинэчилсэн бүртгэлд
хамрагдаагүй иргэд шинэчилсэн бүртгэлээ хийлгэснээр санал өгөх иргэдийн
тоо нэмэгдэх боломжтойг албаныхан дуулгасан.
Санал өгөх иргэд
оршин суугаа улс, хотын дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр
бүртгүүлэх эсвэл утас, интернэтээр буюу өөрийн биеэр очихгүйгээр
бүртгүүлэх боломжтой юм. Харин санал өгөхдөө заавал өөрийн биеэр ирж
намд өгөх ёстойг албаныхан анхааруулж байгаа. Монгол Улсаас гадаадад
амьдарч, ажилладаг нийт 170 гаруй мянган иргэн байдаг. Үүнээс 33 мянга
орчим нь шинэчилсэн бүртгэлд хамрагдсан аж. Тиймээс эдгээр иргэд
бүртгүүлсэн бол санал өгөх боломжтой гэж ойлгож болно. Түүнээс гадна
гадаадад суугаа иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй ч сонгуульд
оролцохоор бүртгүүлэхдээ шинэчилсэн бүртгэлд хамрагдах боломжтойг
албаныхан хэлж байна. Монгол Улсаас гадаадад буй нийт 39 дипломат
төлөөлөгчийн газарт зургадугаар сарын 10-нд санал өгөх юм. Гадаадад
санал өгсөн иргэдийн саналыг битүүмжилж, УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнтэй
хамтатган тоолохоор болсон билээ. Нэг зүйлийг сануулахад Гадаадад
ажиллаж, амьдарч байгаа иргэд зөвхөн намд санал өгөх юм. Тиймээс УИХ-д
нэр дэвшиж буй нам, эвсэл гадаадад суугаа иргэдэд чиглэсэн сурталчигаа
хийх байсан ч олон улсын хуулинд өөр орны сонгуулийн сурталчилгаа
хийхийг хориглосон заалттай учраас энэ удаад намууд сурталчилгаа хийх
боломжгүй болжээ. Гадаадаас саналаа өгөх иргэд нам эвслийн талаархи
мэдээллийг цахим хуудаснаас авах боломжтой юм байна.
Иймэрхүү байдлаар энэ удаагийн УИХ, НИТХ-ын сонгууль багахан хугацаанд ширүүхэн өрнөх бололтой.
