
Түүхэндээ увсчууд “цэнхэртсэн” нь үгүй. Орос, Хятад гэсэн хоёр их гүрнээс Монголыг туурга тусгаар авч үлдэхийн тулд 44 жилийн турш тэмцсэн Ю.Цэдэнбалын өлгий нутаг болоод ч тэр үү, увсчууд байнга л МАХН-аас нэр дэвшигчдийг сонгосоор ирсэн байх юм. МАХН/өнөөгийн МАН/ увсын цэнхэр хязгаарт өнөөг хүртэл хүчтэй байж ирсэн гавъяа нь Ю.Цэдэнбалтай л холбоотой.
Түүнээс бус энэ нутагт хүлээн зөвшөөрөгдсөн, илүү хүчтэй лидерүүдээ нэр дэвшүүлсэндээ МАН тэднийг төлөөлөх эрх авч байсан гэвэл дэндүү гэнэн хэрэг болно. МАХН үнэмлэхүй олонхи болсон нь 2000 он. Увсад Сангийн сайд асан Н.Баяртсайхан, Ч.Авдай, Ц.Нямдорж нар нэр дэвшиж, ялалт байгуулж байлаа. Увсчууд 2004 онд ч ялгаагүй, бас л улаан өнгийг дугуйлсан. 2008 онд ч бас л “улайсан” учраас өнөөгийн УИХ-д Увсыг төлөөлж МАН-ын Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, дээр нь Б.Чойжилсүрэн нар суугаа. Улааныг тууштай сонгоод Увсынхны амьдрал дээшилсэн үү гэвэл бас үгүй. Тиймээс ч “улааныг дагавал уруудахын шинж” хэмээн өөр сонголт хийхэд бэлэн ийм л цаг үед энэ удаагийн сонгууль болох гэж байна. УИХ-ын ээлжит сонгууль урд жилүүдийнхээс өөр болох салхи сэвэлзэж эхэлсэн учраас илүү сонирхол татаж байгаа. Сонгууль мажоратори давамгайлсан холимог тогтолцоогоор явна гэдэг нь ч бас л урьд урьдын сонгуулиас огт өөр сонсогдоод байгаа юм.
Ингэснээр Увс аймагт ногддог байсан гурван мандат нэгээр цөөрч хоёр мандаттай болсон. Сонгуулийн ерөнхий хорооноос авсан мэдээллээр Увс 45 мянга 433 сонгогчтой юм билээ. Харин намууд хэнийгээ сойж, сонгогчид руу илгээж байгааг одоо хүргэе. Нэр дэвшигчдийн талаар сонсохнээ Увсад энэ сонгуулиар нэлээд ширүүхэн “тулаан” өрнөх бололтой. Дахиад улааныг сонгох уу, аль эсвэл өөр өнгийг сонгох уу гэдгийг тэр өдрийн тэнгэр л харуулах байх.
Ингээд ууган намын нэр дэвшигчдийг эхлээд танилцуулъя. МАН Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хоёрыг илгээхээр шийдевэрлэжээ. Увсад нэр нүүр тааруухан байгаа учраас Ц.Нямдорж намынхаа листэнд жагсч азаа үзэхээр шийдсэн бололтой. Тойрогт нэр дэвшихгүй нь.
Ч.Хүрэлбаатар. Олонд танигдсан улстөрч ч гэлээ түүний талаарх таагүй мэдээлэл таатайгаасаа олон байх юм. Татвар төлөгчдийн мөнгө болох төсвийн хөрөнгөөр Увсад хийж буй ажлыг өөрөө хийлгэж байгаа мэтээр хүмүүсээрээ байнга л тоть мэт давтуулдаг. Гэхдээ булавч бултайна, даравч далдайна гэгчээр Увсчууд үүнд нь хууртах нь юу л бол. “Тендерийн наймаачин” гэсэн нэр хоч түүнийг дагаастай. Гэвч тендер луйвардсан гэдгийг нь баримтаар нотолчихсон зүйл өнөөдөртөө алга. Харин Ч.Хүрэлбаатарын гэсэн тодотголтой аймгийн удирдлагуудын хууль бус тендерийн хэрэг хэзээний ил болж хариуцлага тооцоод байгаа. Төрийн ажлыг түүний хийсэн ажил гэж рекламдангаа улсын хөрөнгийг зувчуулж, хувьдаа завшин, хамаатан садандаа тараадаг аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Засаг дарга Э.Цасчихэр нар өнөөдөр авлигын хэргээр “аавын” хаалга татчихаад байна. Тэгээд ч Бөхмөрөнгийн уурхайг гадныханд зарсан гэх яриа яг одоо шуугиан тарьж байна. Хэрэг хуучирдаггүй юм хойно хэзээ нэгэн цагт сэргээж мэдэх л байх.
Б.Чойжилсүрэн. УИХ-д Увсчуудыг төлөөлөн дөрвөн жил суулаа. Гай ч тарьсангүй, гавьяа ч байгуулсангүй. Дөрвийн дөрвөн жил суучихаад ядахдаа малчид, орон нутгийнхандаа чиглэсэн дорвитой ганц хууль батлуулсангүй хэмээн шүүмжлэх хүн бишгүй. Хааяахан нэг байнгын хорооны хуралдаан дээр дуугарч харагддаг ч танхимынх нь нөхөд “Хуралдаа сууж, асуудлаа мэдэж байж ярьж бай” хэмээн амыг нь таглаж байгаа харагддаг. Намын бүлэг юу гэж шийднэ түүгээр л явдаг нөлөө багатай “намхан улстөрчдийн” нэг. Харин хувийн хөрөнгө мөнгөний хувьд бол УИХ-д толгой цохих баячуудын нэг. Өнгөрсөн сонгуулиар л гэхэд баруун солгойгүй арван мянгат тарааж байж УИХ-д сонгогдсон. Гэхдээ энэ удаад тэр хэмжээний мөнгөөр иргэдийн саналыг худалдаж авах нь юу л бол. Түүнийг салшгүй дагаж явдаг нэг асуулт өнөөг хүртэл нууц хэвээрээ л байна. Тодруулбал, нийслэлийн ундны усны эх ундарга дээр орон сууцны хороолол барих эрхийг түүнд хэн, хэзээ, хэрхэн яаж олгосон нь “но”-той. Хувийн орон сууцны хорооллоо хотод Хатан туулын эрэг дээр босгосон хэрнээ Улаангомыг орон сууцжуулна гээд усанд хаясан чулуу шиг таг чиг алга болсон нь нутгийнхны бухимдлыг төрүүлж байгаа. Улаангомыг орон сууцжуулна гэж шав тавиад, шаггүй хошгоруулсан ч өнөөдөр овоолсон шорооноос өөр орон сууц Улаангомд босгоогүйд нь Увсчууд түүнд гоморхохоос ч аргагүй. Үүнээс ч илүү нутгийнхны гоморхолыг төрүүлж магадгүй бас нэг зүйл сүүлийн үед чих дэлсэх боллоо. Энэ нь Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарын зуучилж Тавантолгойгоос нүүрс зөөх машины жолооч болгосон нутгийн иргэдтэй холбоотой явдал. Мянгаар тоологдох хүмүүсийг ингэж ажлын байраар хангасан. Гэхдээ энэ нь ч араасаа бараан сүүдэр бас дагуулах нь. Өмнөговьд байгаль хэрхэн талхлагдаж буйг энд бичих нь илүүц биз. Түүнээс ч илүү хөнөөлтэй, чимээгүйхэн аюулын харанга дэлдэж буй нэгэн мэдээлэл байна. Тавантолгойгоос Өмнөд хөрш рүү нүүрс зөөдөг жолооч нар хэзээний хар тамхины төрөл болох “Ми ми” нунтаг хэрэглэдэг болохыг цагдаагийнхан олж, тогтоожээ. Бүр энэ нунтагийг борлуулдаг сүлжээ хүртэл бий болж. Амьдралаа өөд нь татах гэж нойр, хоолгүй шахам явсан жолооч нар унтахгүй, цалингаа бүрэн авахын эрхэнд хар тамхины төрлийн бодис хэрэглэн мансуурч, эцэстээ бие сэтгэлээ татаж авч чадахгүй хэмжээнд ортлоо донтсон талаар ч эх сурвалжууд мэдээлж буй. Ингээд олон арван гэр бүлийн өмнө “өвсөнд донтуулсан” хэрэг түүнд ногдож тун магадгүй бололтой.
Д.Нямхүү. Ардчилсан намын хувьд Увсаас гаралтай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд асан Д.Нямхүүд нэлээд найдлага тавьж байгаа сурагтай.
Түүний товч намтарыг сөхөж харвал 1966 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн,1989 онд ЗХУ-ын Хмельницкий хотын Хөнгөн үйлдвэрийн технологийн дээд сургууль төгссөн. Инженер мэргэжилтэй нэгэн байх юм. Савхин гутлын үйлдвэрт мастераас эхэлсэн амьдралын гараа нь Ардчилсан Намын гишүүн, 2004 оноос Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, 2009 оноос Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд гэхчлэн үргэлжилжээ. Улстөрд 2004 оноос нэлээд гүнзгий хутгалдаж эхэлсэн бөгөөд УИХ-д хүртэл нэр дэвшиж явсан байх юм.
Тэрээр улстөрчийн хувьд НИТХ-д олонхи болсон МАН-ынхны хуудуутай үйлдэл, хавтгайрсан газрын наймааны эсрэг ганцаараа гэлтгүй сөрөг хүчний сүр хүчийг харуулж чадсан гэдгээрээ намынхныхаа дунд нэр хүндтэй юм байна. Харин нөгөө намынхан нь түүнийг нэг нүдээрээ ч үздэггүй гэлцэх юм билээ. Нийслэлийн МАН-ынхан түүнийг өөр зуураа “мангас” хэмээн шивнэлддэг гэнэ. Хүүхдээс паркийг нь, тоглоомын талбайтай нь хэрхэн дээрэмдсэн, хөгшдөөс салхилах саравчийг нь яаж булааснаас эхлээд хотын удирдлагуудын хуудуутай явдал, элдэв бульхайг нь уудлаад амар заяа үзүүлэхгүй болохоор аргаа барахдаа “мангас” гэсэн бололтой. Ямартай ч Увс аймгийн Улгаангомын унаган хүү учраас түүнд нутгийнхан нь нэг удаа найдаад үзэж магадгүй юм. Мэргэжлийн хувьд инженер. Инженерийн сэтгэлгээгээ ашиглаж чадвал энэ төрд хэрэг болж мэдэх л юм.
Т.Мэндсайхан. Ардчилсан намаас нэр дэвшүүлж буй бас нэгэн эрхэм. “Bona Lex” хууль зүйн фирмийн гүйцэтгэх захирал, хууль зүйн ухааны профессор. Ардчилсан намын урдаа барьдаг хуульчдын нэг. Хамгийн сүүлд л гэхэд оюутанд нэмж олгох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаанаас оюутанд олгосон сургалтын төлбөрөө буцаан суутган авахаар болж байгаа нь оюутныг хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн явдал гэж үзэн Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгөөд байгаа нөхөр.
С.Жавхлан. “УИХ-д зөв хоолойтой нэг ч нөхөр байхгүй юм билээ” гэж нөхөн сонгуулиар ярьж явсан нийтийн дууны Ханхүү маань энэ сонгуулиар МАХН-аас нэр дэвшихээр болоод буй. С.Жавхлан өөрийн сурталчилгаагаа Ю.Цэдэнбал даргаар хийхээр төлөвлөжээ. Тиймээс хуучин цэргийн хувцасаар гангарч, стиль имижээ бүрдүүлээд амжжээ. Ямартай ч тэрээр сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийн тоонд зүй ёсоор орно. Өнөөг хүртэл Ю.Цэдэнбал даргын толгойлж явсан МАХН өнөөгийн МАХН уу, эсвэл МАН нь уу гэдгийг энгийн иргэд байтугай өөрсдөө ч ойлгохгүй л яваа. Тиймээс түүнийг сонгох хүн цөөнгүй л бий. Гэхдээ XI зуунд эхнэрээ араг тэврүүлж төрүүлдэг улстөрч хэрэгтэй ч үү, үгүй ч үү.
Тэгвэл ИЗНН-аас Улс төрийн академийн Г.Чулаанбат, Б.Бат-Эрдэнэ нар тус тус нэр дэвшихээр болоод буй аж.
Ямартай ч иймэрхүү байдлаар намууд Увсад нэр дэвшигчдээ “сойж” эхэллээ. Харин хэдэн хүн бие даах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Увсад шинэчлэлийн салхи сэвэлзэх үү, үгүй юу гэдгийг сонгогчид л мэдэх хэрэг.
Нэр дэвшигчдийн талаар дурдахад нэг иймэрхүү.
