-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийг УИХ баталлаа. Энэ хууль гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоох хууль боллоо хэмээн зарим хүмүүс шүүмжлэнгүй хандаж байна. Харин та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулиар харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл, уул уурхай гэсэн гурван салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг зохицуулахаар болсон. Монголын хэвлэл мэдээллийн аль нэг байгууллага 100 хувь гадны мэдэлд орчихно гэж бодохгүй байгаа. Харин уул уурхайн салбарт энэ хууль үйлчилснээр хөрөнгө оруулагчид үргэх, Монголд цаашдаа орж ирэх хөрөнгө оруулалт багасах магадлал өндөр. Энэ талаар шүүмжилж буй хүмүүсийн зөв гэж бодож байна. Монголын уул уурхайн салбарт шинээр эрэл хайгуул хийхээр орж ирэх гадаадын компани зөвшөөрөл авах гэж нэлээд ажил болох юм байна лээ. Төрийн хүнд суртал, авлигын систем нь томорчихоор Монголын уул уурхайн салбарт шинээр хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байх. Мэдээж, хууль батлагдахаас өмнө зөвшөөрлөө авчихсан компаниудад бол энэ хууль эргэж үйлчлэхгүй биз.
-Өмнөговийн Овооттолгойд үйл ажиллагаа явуулж байгаа Монголын “Саус гоби сэндс” компани хяналтынхаа хувьцааны 60 хувийг Хятадын “Чайлко”-д өндөр үнээр зарахаар гэрээ хэлэлцээр хийж байсантай холбоотойгоор дээрх хуулийг УИХ-аар батлуулах асуудал хөндөгдсөн. Тэр үеэр олон хүмүүс стратегийн онцгой ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах нь зөв гэсэн байр суурьтай байсан. Та ч мөн адил ийм байр суурь илэрхийлж байсан шүү дээ?
-Чиний хэлдэг үнэн. Гэхдээ тэр үед бид нэг зүйл дээр онцгойлж ийм асуудлыг зохицуулах хууль байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Нийтээр нь хавтгайруулаад асуудлыг бүгдэд хамруулна гэж бодоогүй байсан юм. Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль дэлхийн олон оронд байдаг. Гэвч манайх шиг бүгдийг нь хоморголоод шийдвэрлэчихдэггүй юм шүү дээ. Бидний хэлээд байгаа асуудал бол хамгийн гол нь гадаадын төрийн өмчит компанийн эрх мэдэл давамгайлсан тохиолдолд үүнийг хуулиар зохицуулах ёстой гэдэг байр суурийг баримталж байсан болохоос гадаадын хувийн хэвшлийн компани Монголын аж ахуйн нэгжид 100 хувийн хөрөнгө оруулах асуудлыг буруутгаагүй. Төрийн өмчит компани Монголын стратегийн ач холбогдол бүхий салбарт 100 хувийн хөрөнгө орууллаа гэхэд тус улсын төрийн мэдэлд шилжчихэж байгаа хэрэг. Гадаадын хувийн компаниуд Монголд урьдын адил хөрөнгө оруулалт хийгээд явах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж яаж чардайлаа. Одоо болохоор хуулиа байсхийгээд л өөрчлөөд хөрөнгө оруулагчдыг үргээгээд байх юм. Хэрвээ гадаадын хувийн компани Монголд 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд УИХ-аас зөвшөөрөл авах ёсгүй байсан. Гэтэл одоо бол авахаар болчихлоо. Харин гадаадын төрийн өмчит компани Монголд 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийвэл УИХ-аас хэлэлцэж шийдвэрлэх ёстой юм.
-Уул уурхайнхан үүнийг авлигын систем томорлоо гэдэг өнцөгөөр нь хүлээж аваад байх шиг.
-Төрийн хүнд суртал нэмэгдэхийг дагалддаг сөрөг асуудлууд нь нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Төрийн оролцоо ихсэхийн хэрээр авлигын асуудал томордог хойно доо. Энэ чинь бичигдээгүй хууль шүү дээ.
-Энэ сарын эхээр болсон уул уурхайн олон улсын чуулга уулзалтын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт урт нэртэй хуулийн дагуу 98 компанид л нөхөн олговор өгнө гэдгээ илэрхийлсэн. Үүнийгээ нөхөн сэргээлтээ цагтаа хийсэн, татвараа цагтаа төлсөн компаниудад олгож байгаагаар тайлбарлаж байна лээ?
-Тийм ээ, миний авсан мэдээллээр бол компаниуд нөхөн олговор авах мэдээлээл Ашигт малтмалын газарт ирүүлээгүй гэж сонссон. Компаниудын өөрсдийн буруугаас болоод нөхөн олговроо авах боломжгүй болсон ухааны юм ярьсан шүү, холбогдох албаныхан. Нийтдээ 254 алтны шороон ордын лицензийг цуцлахаас 98 компани л нөхөн олговор авна гэдгээ илэрхийлсэн юм биш үү. Бусад нь яагаад материалаа явуулаагүй юм бүү мэд. Ашигт малтмалын газар нь болохоор аль эртнээс л нөхөн олговор авах компани материалаа ирүүлээрэй гэж зарласан, цөөхөн компани хандсан гэсэн юм л яриад байна лээ. Гэхдээ яг 98 компани биш 120 орчим компани л материалаа ирүүлсэн бололтой. Тэднээс 98 аж ахуйн нэгжид олгохоор болсон гэхээр мэдээж үлдсэн компаниудад ямар нэгэн асуудал байсан биз. Би сайн мэдэхгүй байна.
-АТГ-аас Ашигт малтмалын дөрвөн даргыг хууль бусаар лиценз олгосон, авлига авсан хэрэгт буруутган шалгаж байгаа. Зарим нэг нь бүр зугатчихлаа. Та энэ талаар ямар бодолтой байна?
-Хэнд эрх мэдэл их байна, түүнд нүгэл их байдаг гэдэг шүү дээ. Уг нь лиценз олгох үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой юм. Хаанахын хэнд ямар ордыг өгч байгааг иргэд мэдэж байх, мэдээлэл авч байх ёстой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ асуудалд далд яригддаг болсон. Ил тод байх ёстой асуудлыг хэн нэгэн далд шийдвэрлэж байна гэдэг цаанаа бас асуудалтай байгаа хэрэг. Хэрвээ энэ асуудал ил тод байсан бол тэд мэдээж АТГ-т дуудагдахгүй байсан гэж би бодож байна. Ер нь хүнд суртал хаана их байна тэр газар юу их байдаг гээч.
-Юу?
-Авлига. Ганцхан Ашигт малтмалын газар ч биш, элдэв янзын лиценз олгодог төрийн байгууллагыг бүхэлд нь шалгах ёстой. Ашигт малтмалын газрын дарга нар АТГ-д шалгагдаж байгаа асуудал төр муу байсны нэг илрэл. Тэр хариуцлагатай, сайн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Ганцхан хувийн хэвшлийнхэн хариуцлагатай байх биш, төр өөрөө хариуцлагатай байж сурах ёстой. Ашигт малтмалын газрын дарга нарыг АТГ-т дуудагдаж байгаа асуудлыг би лиценз олгодог төрийн эрх мэдэл бүхий байгууллагын идээ бээр шахагдах нь ээ гэж л харж, дүгнэж сууна. Ер нь лиценз олгодог, эрх өгдөг төрийн нэг байгууллага ийм байна гэдэг бусад нь ч бас тийм байна гэсэн үг шүү дээ.
-Та тэгэхээр АТГ-ыг өөр бусад лиценз олгодог бүх байгууллагыг шалгах ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна, тийм үү?
-Ер нь бол аливаа лиценз олголтын асуудал олон нийтэд ил тод зарлагдаж байх ёстой юм. Уул уурхайн лиценз олголтын асуудал нэг хэсэг сонин хэвлэлээр зарлагдаж, олон нийтэд бас ч үгүй ил тод байсан л даа. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал хумигдаад далд шийдвэрлэдэг болчихсон. Асуудлыг бусдаас нууж, хааж далд шийдвэрлэнэ гэдэг авлига их бага хэмжээгээр байна л гэсэн үг. Одоо уул уурхайн салбарт шинээр олгогдож байгаа лицензийн асуудлыг ил тод болгох, олон нийтэд цаашид зарлаж явахгүй бол дахиад ийм асуудал гарахыг үгүйсгэхгүй. Ганц уул уурхайн салбарт биш бусад салбарт лиценз олголтын асуудлыг ил тод болгох ёстой.
-Сонгуулийн дараа Монголын эдийн засаг яах бол гэдэг айдас олон нийтэд байна. Уул уурхайн салбарт ямар нэгэн өөрчлөлт орох болов уу гэж танай салбарынхан эмээж байна уу?
-Сонгуулийн дараа уул уурхайн салбарт нэг их өөрчлөлт орохгүй гэж би бодож байна. Сонгууль болдгоороо болж, уул уурхайнхан мөрөөрөө ажлаа хийгээд явах биз. Харин сонгуулийн үеэр уул уурхайн салбарыг битгий улстөржүүлээсэй гэж бодож байна. Монголын эдийн засгийг авч яваа уул уурхайн салбарыг битгий харлуулаасай гэж бодож байна даа. Манай улстөрчид чинь олон нийтэд таалагдаж л байвал бусдын хийж бүтээж байгааг ямар ч аргаар харлуулж чадах л хүмүүс шүү дээ. Мэдээж, уул уурхайн салбарт алдаа оноо байгаа юу гэвэл байна. Алдаа онооноос илүү амжилт байна уу гэвэл байгаа. Уул уурхайн салбарыг яримаар болоод хэл нь загатнаад байвал давс хужирыг нь тунгааж байгаад яриасай гэж хүсч байна.
-Урт нэртэй, уршиг ихтэйгээрээ дуудуулах болсон Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт нэлээд удаашралтай байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд уул уурхайхан бас багагүй саад учруулсан хэмээн та нарыг буруутгах хүмүүс цөөнгүй байна лээ?
-Энэ хуулийг УИХ ямар хууль баталдагийн нэг илрэл болсон гэж боддог. Хуулийг хэдхэн минутын дотор хэлэлцэж, нэг дор бөөн бөөнөөр нь баталдаг явдал Монголоос өөр парламентэд байхгүй байх. Сая хар л даа хаврын чуулганы завсарлахтай зэрэгцээд бөөн, бөөн хуулийг ёстой жинхэнэ утгаар нь бөөндлөө шүү дээ.
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Монголын төрийн бодлого гацчихаад байгаа. Улстөрчид сонгуулиар амьсгалаад энэ талаар анхаарлаа хандуулах манатай байх шив?
-Тавантолгой орд хувийн хэвшлийнхний мэдэлд байсан бол аль хэзээний ажил ид буцалж байх байсан юм, тэнд. Олон хүн ажлын байртай, цалинтай болчихсон байхгүй юу. Харин төрийн мэдэлд шилжээд юу болов. Яг л тэр хэвээрээ, гадаадынханд ломбардчихаад мөнгийг нь урьдчилж аваад идээд дуусчихлаа шүү дээ. Энэ ордыг эргэлтэд оруулах ажил ирэх жилээс л яригдах болов уу гэж бодож байна. Энэ янзаараа бол энэ чигээрээ хичнээн жил ч болж магадгүй байна. Төр засгийн байгууллагууд ажлыг хурдан хийж чаддаг байх ёстой юм. Харамсалтай нь төрийн оролцоо ихсээд ирвэл ажил цалгардаад, унаад эхэлдэг гаж үзэгдэл тогтчихож.
-Стратегийн орд газруудын жагсаалтад багтсан 15 ордын 7 нь хятадуудын мэдэлд шилжчихээд байгаа. Энэ нь үндэсний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ?
-Стратегийн орд гэдгийг монголчууд өөрсдөө гаргаж ирсэн нэр томьёо. Дэлхийд ийм нэртэй орд газруудаа үүгээр ангилсан явдал байдаггүй юм байна лээ. Яахав, төр өөрсдийнхөө оролцоог нэмэгдүүлэх гэж, баталгаажуулах гэж нэг ийм худлаа юм гаргаад ирчихсэн. Түүгээрээ уул уурхайг зохицуулах гээд л үзэж байна л даа. Зохицуулж чадсан ч юм байхгүй, хэдэн ордны нэр жагсаачихаад, тэр орд дээрээ баахан төрийн агентлаг байгуулж, төсвийн тэлэлтийг л нэмэгдүүлэх арга юм даа. Төрийн нэрээр, төрөөр далайлгаж идэх гэсэн нэг муу заль шүү дээ, үнэндээ. Хэн нэгэн хайгуул хийгээд том орд олчихвол төр стратегийн орд газрынхаа жагсаалтад багтаагаад энэ нэр томьёогоороо далимдуулж өөрсдөө л идэх гэсэн санаа.
-Үнэндээ Монголын нүүрсний ихэнх ордод хятадууд эзэн суугаад байна. Үүнийг та тэгээд зөв гэж бодож байгаа юм уу?
-Үгүй, маш буруу. Гэхдээ яая гэхэв. Өрнөдийнхнөө өшигчиж гаргачихаад үнэнийг хэлэхэд авлига авдаг, өгдөг нь үлдчихлээ шүү дээ.