АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн комиссар Д.Наранбаатар “Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ц.Батбаяр нарыг яллагдагчаар татсан ч түр түдгэлзүүлээд байгаа. Тэднийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа энэ хэргийг шалгах ажил үргэлжилнэ” гэсэн мэдээллийг өгч байсан. Өмнө нь нийслэлийн Прокурорын газраас УИХ-ын гишүүн Л.Гүндалайд холбогдох хэргийг түр түдгэлзүүлсэн гэх мэдээллийг өгч байсан. УИХ-ын гишүүний бүрэх эрх нь дуусгавар болох хүртэл түр түдгэлзүүлсэн гэсэн ч гишүүн өөрөө үгүйсгэсээр байгаа. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үеэр УИХ-ын гурван гишүүн бүрэн эрхэд халдсан хэмээн гомдоллож байсан. Энэ мэт УИХ-ын гишүүд нь дархан эрхтэй. Хууль зөрчсөн ч бүрэн эрхийн хугацаа дуусахаар хэргийг нь шалгана хэмээн хууль хяналтынхан хэлдэг ганц үгтэй.
Эрхэм түшээдэд бүрэн эрх гэж нэг “ямба” бий. Гэхдээ энэ нь гэмт хэрэг хийсэн бол хүндэтгэн үзэх эрх биш. Хэн ч хуулийн өмнө эрх тэгш. Хийсэн хэргийнхээ зохих шийтгэлийг эдлэх л ёстой. Харамсалтай нь тэр ёс энэ улсад үйлчилдэггүй юмсанж.
Ер нь хэрэг хийсэн нь тогтоогдсон бол түүнийг баривчлах, яллагдагчаар татчихаад бүрэн эрхийг нь дуустал хүлээгээд суувал хууль хяналтын байгууллага өнөөдөр байх шаардлага бий гэж үү. Адилхан л байя л даа. Саяхан Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга Л.Даваацогтыг бас баривчилсан. Түүнийг ажлаа хийж байхад нь л баривчилсан. Монгол банкны гурван ажилтныг ажлаа хийж байхад нь алтны хэргээр мөн баривчилж л байсан. Яагаад УИХ-ын гишүүн нь хэрэг хийж, авлига авсан нь нотлох баримтаар тогтоогдож, яллагдагчаар татсан байхад хуулийг хүлээлгэж, харин бусад нь хуулийн өмнө бөхийж байх ёстой гэж.
АТГ-аас яллагдагчаар татаад бүрэн эрх нь дуусаагүй гэсэн шалтгаанаар Ц.Батбаяр гишүүн дахин Хан-Уул, Багахангай дүүргээс нэр дэвшихээр болсон. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь ял шийтгэлгүй, өмнө нь ял шийтгэл авч байсан бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх ёстой гээд заачихсан. Тиймээс хэрэв Ц.Батбаяр нэр дэвшин дахин сонгогдвол түүнд холбогдох хэргийг УИХ-ын гишүүнээс буутал нь хүлээх болох нь. Тэгвэл АТГ хэдийд нь шалгаж, хэзээ нь ажлаа хийх хэрэг вэ?