Замын-Үүдэд чөлөөт бүс хэзээ байгуулагдах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.28-нд нийтлэгдсэн

Замын-Үүдэд чөлөөт бүс хэзээ байгуулагдах вэ?

Хот, хөдөөгүй барилгын ажил ид эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд нэгэн бэрхшээл тулгардаг нь дэд бүтцийн асуудал. Сүүлийн жилүүдэд байрны үнэ огцом нэмэгдсэн нь  барилгын материалын үнэ өссөнтэй холбоотой бөгөөд барилгын материалын үнийн өсөлтийн гол шалтгаан нь  Замын-Үүдийн  боомт дээрх бөөгнөрөл. Ялангуяа долоо наймдугаар сард Замын-Үүдийн боомт ачааллаа дийлэхгүйд хүрч, барилгын материал доод тал нь 14 хоног хил дээр саатах нь элбэг. Хэрвээ Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс аль хэдийн баригдсан бол магадгүй барилгын материалын болоод байрны үнэ ингэтлээ хөөрөгдөхгүй байсан ч байж болох юм. Улаанбаатар хотоос 780 км-т орших Дорноговь аймгийн Замын-Үүд өртөө эдүгээ Монгол, Хятадыг холбосон гол боомт. Ачаа эргэлтийн оргил үед урд хөршөөс хоногт 250-300 вагон ачаа орж ирдэг гэнэ. Урд хөршөөс импортоор ирж буй ачааг дотор нь ангилвал барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн гол хувийг эзлэх бол Монгол Улсаас БНХАУ-руу экспортлох ачааны төрөлд ангилалт хийвэл малын гаралтай түүхий эд, хоёрдогч түүхий эд хамгийн их хувийг эзэлдэг ажээ. Ачаа тээвэрлэлтийн хэмжээг улсаар нь нарийвчлан гаргасан тооцоогоор сүүлийн жилүүдэд өмнөд хөршөөс орж ирэх ачаа 50 хувиар, Монгол Улсаас өмнөд хөрш рүү экспортлож буй ачаа 13-20 хувиар өсчээ.

Монгол Улс 2002 онд чөлөөт бүс байгуулах асуудлыг парламентаараа хэлэлцэж шийдвэрлэсэн бөгөөд Алтанбулаг, Цагааннуурт худалдааны, Чойр, Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар болсон  юм. Гэвч энэхүү эдийн засгийн чөлөөт бүс өнөөдөр ч яриа төдий, цаасан дээрх мөрөөдлийн төлөвлөгөө хэвээрээ байна.  Төлөвлөгөөнд дурдсанаар бол, Замын-Үүдэд инженерийн шугам сүлжээ, зам тээвэр, ногоон байгууламж, амралт зугаалга, аялал жуулчлал, орон сууц, үйлдвэрлэлийн бүс гэсэн үндсэн зургаан том дэд бүтцийн ажил хийх ёстой байж. Харамсалтай нь энэ ажил бүтэл муутайхан байгаа нь  Үндэсний аудитын газрынхны шалгалтаар илэрсэн байна.  Тус газраас чөлөөт бүсийн мастер төлөвлөгөөний явц, үр дүнгийн талаар аудитын шалгалт явуулсан бөгөөд “Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг мөрдөөгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

“Замын-Үүд”-ийг эдийн засгийн чөлөөт бүс болгох мастер төлөвлөгөөнд тусгаснаар энэ ажил 20 жилийн хугацаанд үргэлжлэх юм байна. Гэтэл өнгөрсөн хугацаанд Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулагдах нь байтугай, боомтынхоо нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж чадаагүй хэвээр байгааг олон нийт шүүмжилдэг.  Харин БНХАУ-ын 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр төмөр замын салбарын хөдлөх бүрэлдэхүүнийг сайжруулах, шинэчлэх, Замын-Үүдэд ачаа шилжүүлэн ачих байгууламж барих төслийг хэрэгжүүлсэн. Эхний төсөл нь хэрэгжээд одоо дуусах шатандаа явж байгаа талаар салбарын яамны мэргэжилтнүүд нь ярьж байгаа ч үнэндээ Замын-Үүдийн чөлөөт бүс яг хэзээ байгуулагдах вэ гэдэгт тодорхой хариулт өгөх хүн өнөөдөр алга байгаа юм.
Анх 2005 оны дөрөвдүгээр сард Замын-Үүдэд чөлөөт бүс байгуулах шав тавьж байжээ. Тухайн үед уг төслийг  гадаадын хөрөнгө оруулалттай “Бест Парадайз” компани хэрэгжүүлэхээр болсон байна.  Гэвч уг компани чөлөөт бүс байгуулах талаар ямар ч ажил хийгээгүй, төсөвлөсөн цөөхөн хөрөнгийг нь үрэн таран хийчихсэн учраас цуцалж Засгийн газраас  “Вин Бийл Буллион” компанид итгэл үзүүлсэн гэдэг. Харамсалтай нь хятадууд мөн л Монголын төрийг хулхидаад алга болсон байна. Тиймээс монголчууд чөлөөт бүс байгуулах төслөө өөрсдөө хэрэгжүүлэхээр болсон юм.

Одоогоор тус бүсэд төсвийн 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хашаа, харуулын байр, 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 250 кВА-гийн трансформаторын дэд станц, Замын-Үүд боомтоос бүсийн талбай хүртэлхи нэгдүгээр  зэрэглэлийн  зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай 1,2 км авто зам, авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай пүү, хөрсний инженер геологийн болон хот төлөвлөлтийн тойм судалгаа, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, усны хайгуул, усан хангамжийн судалгаа төдийхөн ажил л хийгдээд байгаа юм байна. Тус чөлөөт бүсийн захирагч Д.Батсайхан байгууллагынхаа сайтад  Замын-Үүдийн чөлөөт бүсийг ирэх 2013 он гэхэд байгуулахаа амалж. Гэхдээ энэ нь эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулна гэсэн үг биш. Үнэхээр монголчууд амалсандаа хүрч, ажлаа хийсэн шиг хийдэгсэн бол Замын-Үүдэд эдийн засгийн чөлөөт бүс аль хэдийн байгуулагдчихсан байх байлаа. Монголын маргааш дуусдаггүй гэгчээр өнөөдөр, маргааш, нөгөөдөр хэмээн хойш тавих тусам Замын-Үүдэд байгуулах эдийн засгийн чөлөөт бүсийн асуудал замхарчихаж магадгүй л байна, энэ янзаараа бол шүү дээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж