Эмэгтэйчүүд зургадугаар байрт шалгарав

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд зургадугаар байрт шалгарав

Японы нийслэл Токио хотноо болсон чөлөөт бөхийн Дэлхийн цомын төлөөх эмэгтэй багийн тэмцээнд Монголын бүсгүйчүүд зургадугаар байрт шалгарлаа. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад багийн амжилтаар эхний найман байрт шалгарсан орны бөхчүүд зодоглосон тус тэмцээнд Монголын баг Япон, Канад, ОХУ, Азербайжан, БНХАУ, АНУ болон Украйны тамирчид өрсөлдсөн юм. Тэмцээний В хэсэгт ОХУ, Украйн болон Азербайжаны багтай сугалаа таарч, хэсэгтээ гуравдугаар байрт шалгарсан манай эмэгтэй бөхчүүд тавдугаар байрын төлөө Украйны багтай өрсөлдөж, 2:5 харьцаатай дийлдэв. Өнгөрсөн жилийн тэмцээнд тавдугаар байрт шалгарч байсан Монголын баг энэ удаад дөрвөн багтай барилдаан хийснээс нэг л хожил авчээ.

Тэмцээнд дэлхийн аварга Японы баг тэргүүлж, ОХУ болон Хятадын багууд удаалав.

Багийн “Дэлхийн цом”-д манай бөхчүүд хэрхэн барилдсан талаарх мэдээлэл хүргэе.

51 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг дөрвөн ялалт авсан. Түүнээс 48 кг-ын жинд олимпийн эрхээ аваад буй Украйны алдарт бөх, олимпийн аварга И.Мельник-Мерленийг ялжээ. Мөн жин өгсч, 67 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин О.Насанбурмаа гурван ялалт авсан байна. Харин 63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг тус жинд олимпийн эрхээ аваад буй ОХУ-ын бөх Л.Волосовад цэвэр, Украйн бөх Ю.Остапчукт оноогоор дийлджээ. Харин 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл дөрвөн удаа ялагдсан байна. 

Украйны багтай хийсэн барилдааны дүнг танилцуулъя.

48 кг:        Эрдэнэсүхийн Нарангэрэл – Олександра Когут          0:3, 0:1
51 кг:        Даваасүхийн Отгонцэцэг – Ирина Мерлени               3:1, 1:0
55 кг:        Сүндэвийн Бямбацэрэн – Ирина Хуцяк                      0:3, 0:1
59 кг:        Тунгалагийн Мөнхтуяа – Анна Василенко                 3:1, 1:0
63 кг:        Соронзонболдын Батцэцэг – Юлия Остапчук              0:5, 0:1
67 кг:        Очирбатын Насанбурмаа – Алёна Стадник                 0:5, 0:1
72 кг:        Бадрахын Одончимэг – Катерина Бурмистрова        0-3, 0-1

Тэмцээний дүн:

  1. Япон
  2. ОХУ
  3. БНХАУ
  4. Канад
  5. Украйн
  6. Монгол
  7. АНУ
  8. Азербайжан
С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж