Эрчим хүчний диваажин байгуулах боломж бий

Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний диваажин байгуулах боломж бий

“Coaltrans Mongolia” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 23, 24-нд болж өндөрлөлөө. Хоёр дахь жилдээ болж буй нүүрсний бага хурлаа “Коалтранс конфренсес” компани Монголоос эхлүүлж байгаа нь энэ. “Тогтвортой нүүрсний уул уурхайн салбарыг бий болгох” нүүрсний бага хурал үргэлжилсээр, энэ оны арваннэгдүгээр сарын 21-нд Мозанбикт өндөрлөх аж. Нүүрсний бага хурал манайхаас гадна дэлхийн долоон оронд ирэх өдрүүдэд болох юм. Азийн нүүрсний зах зээлийн талаарх сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг солилцох төв зангилаа нь Монгол гэж тэд онцолж байлаа.

Манай орон нүүрсний нөөцөөрөө дэлхийн эхний 15-д багтаж байна. Геологийн таамаг нөөцөөрөө 162.3 тэрбум тонн гэсэн үнэлгээтэй учраас Монголыг Азийн бүс нутагт буй боломжит зах зээл хэмээн хөрөнгө оруулагчид тодорхойлжээ. Түүнчлэн  Монгол Улс ирээдүйн нүүрс олборлогчдын хувьд боломж бололцоогоор дүүрэн улс хэвээр байна хэмээн хуралд оролцогчид хэлж байлаа. Энэ удаагийн бага хуралд 30 гаруй томоохон төлөөлөгч иржээ. ТэдМонголын нүүрсний салбар дахь түлхүүр тоглогч болох нууцхан хүсэлтэй ирсэн хэмээн хошигнож байв. Хурлыг зохион байгуулагч, менежер Сара Робертсон “Монгол шинээр гарч ирж байгаа нүүрсний орон. Тиймээс бид дараагийн жилүүдэд ч танай улсад хурал чуулган зохион байгуулна” гэж хэллээ. Бага хурлаар Нүүрсний салбарын чиг хандлага, Эрэлт ба нийлүүлэлт, Дэд бүтэц, уул уурхайн төслийн санхүүжилт, Нүүрсний үнэ цэнийг нэмэгдүүлэх, Хайгуулын салбар дахь боломжууд , Тогтвортой хөгжил гэсэн найман асуудлыг хөндсөн юм. Тус хуралд оролцогчдын сэтгэгдэлийг сонслоо.

Төмөр замгүй байгаа нь зах зээлийн түгжээ


Луиза Пратт / Коалтранс конфренсс лимитед компанийн захирал/

-Монгол Улсын хувьд нүүрсний зах зээлээ олон улсын нүүрсний зах зээлтэй холбох нь чухал. Тиймээс Монголд төсөл хэрэгжүүлж буй компаниудын хувьд зах зээлээ олон улсын эрэлтэд хандуулах нь чухал. Төмөр замын дэд бүтцийн хөгжил муу байгаа нь дотоодын уул уурхайн салбарт томоохон бэрхшээлтэй байгааг хөрөнгө оруулагчид хэлж байна. Эдийн засгийн үр ашигтай төсөл хэрэгжиж байгаа учраас төмөр зам барих ажлаа түргэвчлэх хэрэгтэй. Төмөр замгүй байгаа нь зах зээлийн түгжээ болж байна.

Яриа хэлцэл царцанги байдалд шилжсэн


Граеме Ханкок /“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагааны захирал/

-Энэ удаагийн нүүрсний бага хуралд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн өнөөдрийн үйл ажиллагааны бодит мэдээллийг хүргэлээ. Манай компанийн хувьд одоогийн байдлаар 2.2 сая тонн нүүрс олборлоод байна. Өнөө жил 4.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөсөн. Уурхай 2017 он гэхэд жилдээ 20 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай болж, үйл ажиллагаагаа өргөтгөх юм. Уурхайг дунджаар 50 жилийн настай гэж тооцсон. Түүнчлэн одоогийн байдлаар боловсруулаагүй түүхий нүүрс гаргаж байна. Цаашдаа угаасан нүүрс гаргахаар хэлэлцээр хийж байна. Уурхайд өнөөдрийн байдлаар 300 хүн ажиллаж байгаа. Нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орохоор 1000 гаруй хүн ажиллана гэсэн тооцоо бий. Баруун цанхийн талбайд яриа хэлцэл Загсийн газрын хэмжээнд өрнөж байна. Уг яриа хэлцэл царцанги байдалд шилжсэн. Сонгууль өнгөртөл асуудал ийм байдалтай байх болов уу. Баруун Цанхийн уурхайн хувьд 48 жил ашиглахаар тооцож үзсэн. Эдийн засгийн хувьд үр ашигтай орд. Тиймээс орд газраа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд бидэнд дэд бүтэц шаардлагатай. Ирэх 2017 он гэхэд боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, бүрэн хүчин чадлаараа ажиллах зорилт тавиад байна. Усны хувьд 70 км зайнаас усны нөөц илрүүлсэн. Үүнийгээ ашиглана. Мөн 300 МВт дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсрууллаа. Станцын өртөг 500 сая ам.доллар гэсэн урьдчилсан тооцоо гарсан.

Нүүрсний ирээдүй өөдрөг байна


Аршад Саиед /”Пийбоди Энержи” компанийн Монгол ба Энэтхэгийг хариуцсан ерөнхийлөгч/

-Дэлхийн эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг нүүрсээр хангаж байна. Үлдсэн хэсгийг нь цөмийн эрчим хүч болон хийн түлш эзэлдэг. Сүүлийн 10 жилийн хугацаанд эрчим хүчний гол түүхий эд нь нүүрс байлаа. Азийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг гол төлөв нүүрс хангаж байна. Дэлхийн эрчим хүчний анхдагч хэрэглээний 30 хувийг дангаараа нүүрсийг эзэлж байгаа. Өнөөдрийн байдлаар нүүрс дэлхийн нийт эрчим хүчний 49 хувийг үйлдвэрлэж байна. Нүүрс бол дэлхийн гол түлш. Тиймээс Монголд эрчим хүчний диваажин байгуулах боломж бий. Нүүрсний эрэлт хэрэгцээ өсөж байна. Тухайлбал, 2010-2035 он хүртэл нүүрсний эрэлт хэрэгцээ 60 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрсний үйлдвэрлэл 2035 гэхэд 65 хувиар өсөх таамаг бий. Нүүрс эрчим хүчний нийлүүлэлт тухайн нүүрсний эрэлт хэрэгцээ, чанараасаа хамааралтай ч ерөнхийдөө нүүрсний ирээдүй өөдрөг. Нүүрсийг дэлхийд 50 оронд олборлож байна. Эдгээр 50 уурхайд 70 сая хүн ажиллаж байгаа гэсэн тоо бий. Эдийн засгийн эрэлт хэрэгцээгээ аваад үзсэн ч нүүрс удаан хугацаанд өөрийн зах зээл, шинж чанараа хадгалах тодорхой. Тиймээс Монголын Засгийн газар говийн бүсийн дэд бүтцийн төлөвлөгөөг нэгдсэн байдлаар хөгжүүлэх хэрэгтэй. Үр шимийг олон хүнд хүртээх нь чухал.

Б.Баяртогтох

Эх сурвалж: "MONGOLIAN ECONOMY" сэтгүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж