Хуучирсан мэдээ: 2012.05.27-нд нийтлэгдсэн

Англи хэлэнд strongman гэдэг хэллэг бий. Үгчилбэл “хүчтэй эр” гэсэн утгатай. Хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг бадриун эрсийг хүчтэй эр гэж нэрлэнэ. Хүчтэй эрсийг хооронд нь өрсөлдүүлдэг тэмцээн XIX зуунаас эхтэй бөгөөд орчин үед телевизийн цуврал шоу нэвтрүүлэг болтлоо хөгжжээ. Харин улстөрд бол голдуу дарангуйлагч нарыг хүчтэй эр гэж цоллосон байх юм. Иосиф Сталин, Фидель Кастро, Уго Чавес, Муамар Кадафи, Ким Чен Ир, Хосни Мубарак зэрэг хүчтэй эрсийн жишээ олон. Энэ сард Кремльд эргэн ирсэн Владимир Путиныг Барууны ертөнцөд хүчтэй эрсийн жагсаалтанд оруулдаг. Хүчирхэг Орос гүрнийг хүчтэй эр л удирдах ёстой биз.

1999 оны 12-р сарын 31-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин албан тушаалаасаа гэнэт огцорч, Владимир Путиныг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Нас өндөр болсон Ельцин еврей гаралтай олигархиудын улстөрийн ашиг сонирхлыг хязгаарлаж хүчрэхгүй байсан учраас Улсыг Аюулаас хамгаалах хорооны (КГБ) тусгай ажилтан асан Путиныг дээш нь татсан гэж тайлбарладаг нь ортой. Борис Березовский Лондонд, Михаил Ходорковский шоронд . . . бусад нь Путиныг дагажээ. Путин Оросын улстөрийг тогтворжуулсан гэж үнэлэгддэг. 12 жилийн турш Орос орныг Санкт Петербург хотын бүлэглэл тасралтгүй удирдаж байна. Путин – Медведев – Путин. Ерөнхийлөгч – ерөнхий сайд – ерөнхийлөгч. Улстөрийн тогтвортой байдал гэж тодорхойлохоос өөр яах юм. Оросын “тогтвортой байдал” ирэх 12 жил, магадгүй цаашаа ч үргэлжилнэ. 2024 онд Путин Зөвлөлт-Оросын түүхэн дэх хамгийн удаан засгийн эрхийг барьсан хүн гэсэн тодотголтойгоор халаагаа өгч магадгүй. Оросын түүхэн дэх хамгийн агуу удирдагч гэсэн тодотгол ч дагалдах магадлалтай.

Геополитикийн салбарт гялалзаж буй Энэтхэг гаралтай Параг Ханна нэртэй Америк судлаач бий. Байгалийн асар их баялагтай Монгол улсыг Minegolia гэж сурталчилж байсан залуу. Параг Ханна Монголын нэгэн телевизэд өгсөн ярилцлагандаа хүчтэй эрсийн тухай ингэж хэлж байв. “. . . Хүмүүс үр дүнд дуртай. Сингапурын Лий Куань Ю, Казахстаны Нурсултан Назарбаев хүмүүст үр дүн харуулж чадсан. Гэтэл ардчилсан засаглалтай Тайланд улсад долоо хоног алгасахгүй жагсаал цуглаан . . .” Тийм ээ, Путин Орос улсад үр дүн авчирсан. Путиныг засгийн эрхийг барьж байх хугацаанд Оросын эдийн засаг 9 жил дараалан өссөн. Цаашид ч өснө. Путин Орос улсыг дэлхийн тав дахь том эдийн засаг болгоно гэж амласан. Путины засаг захиргаа макро эдийн засгийн үр дүнтэй бодлого, татварын шинэтгэл, Барууны хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар хүчирхэг Оросыг дахин сэргээж чадлаа. Дээр нь Орос улсыг “эрчим хүчний супер гүрэн” гэж цоллож байна. Баруун, Өмнөд, Зүүн Европ тэр чигээрээ Оросын байгалийн хий, газрын тосноос хараат болох цаг ойрхон байна. Нэг удаа Украйн Орос хоёр муудалцав. “Танай байгалийн хий манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг биз гэж Украйнчууд асуув. Та нар манай хийнээс хангалттай хусдаг биз дээ гэж Оросууд хариулав.” Энэ маргааны уршгаар Европчууд дүн өвлийн хүйтнээр хэд хоног халаалтгүй өнжсөн. Оросын хүчтэй эрд энэ дүр зураг таалагдсангүй. Nord Stream буюу Умардын урсгал нэртэй асар том төсөл хэрэгжүүлэв. Балтийн тэнгис доогуур Орос-Германы хооронд байгалийн хий дамжуулах хоолой татчихлаа….. Үргэжлэлийг Үндэстний Тойм сэтгүүлээс

Г.Ганбаяр

Эх сурвалж: www.toimsetguul.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж