”Орон сууцны банк”-ийг тойрсон олон асуудлууд

Хуучирсан мэдээ: 2012.05.26-нд нийтлэгдсэн

”Орон сууцны банк”-ийг тойрсон олон асуудлууд

Төрөөс "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа. Хөтөлбөрийн хүрээнд олгогдох зээлийг "Капитал" болон “Төрийн банк” хоёр хариуцаж буй билээ. Эдгээр банкууд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгоно. Банкуудын хувьд иргэдээс 10 хувийн урьдчилгаа төлбөрийг шаардаж байгаа. Энэ утгаараа хөтөлбөр хэдийгээр бага, дунд орлоготой иргэдэд чиглэгдэж байгаа ч эцсийн дүндээ мөнгөө төлж чадах хүмүүс л хөтөлбөрт хамрагдахаар байгаа юм.

Харин Засгийн газрын хувьд аль болох бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулахыг зорьж буй. Тийм ч учраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд Орон сууцны банк байгуулахаар болжээ. Энэ хүрээнд Төрийн банкны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, орон сууцны чиг баримжаатай болгох талаар Сангийн яаман дээр асуудал яригдаж байгаа юм байна. Эцсийн байдлаар асуудлыг Засгийн газрын төвшинд хэлэлцсэнээр батална. Ингэснээр Төрийн банк, Орон сууцны банк болж хувирах ажээ. Ингэхэд Орон сууцны банк гэж юу вэ.

ЯДУУ ИРГЭДЭД ЗЭЭЛ ОЛГОНО

Үндсэн зорилгын хувьд бага, дунд орлоготой боловч барьцаа хөрөнгөгүй иргэдээ орон сууцжуулахад гол зорилгоо чиглүүлнэ. Ядуу, орлого муутай иргэд энэ банкинд cap бүр 250 мянган төгрөгийн хуримтлал төвлөрүүлээд байхад жилийн дөрвөн хувийн хүүтэйгээр тооцвол хоёр жилийн дараа таван сая 400 мянган төгрөгтэй болох боломжтой. Бага, дунд орлоготой иргэд барьцаа хөрөнгө муутай, зээлийн харилцаанд орж үзээгүй учраас авсан зээлээ чанаргүйдүүлэх өндөр магадлалтай гэж байгаа. Тэгвэл тухайн хүний cap бүр хуримтлалдаа хийсэн 250 мянган төгрөг энэ удаад баталгаа болох ажээ. Ингэснээр орон сууцныхаа урьдчилгаа төлбөртэй болж, зээлд хамрагдах боломж бүрдэх юм байна. Өөрөөр хэлбэл, хоёр жилийн хугацаанд урьдчилгаа төлбөрөө цуглуулаад, дараа нь зээлд хамрагдах нь. Зээлд хамрагдахад гол баталгаа нь өнгөрсөн хоёр жилийн турш хуримтлал үүсгэсэн дэвтэр нь болох ажээ.

Өөрөөр хэлбэл, тухайн иргэн cap бүр дансандаа 250 мянган төгрөгийг хоёр жилийн турш хийж чадсан байвал зээл авсан ч гэсэн зээлээ цаг хугацаанд нь төлөөд явах чадвартай болсон гэж үзэх гэнэ. Нөгөөтэйгүүр Орон сууцны банк учраас барилгын компаниудын үйл ажиллагааг дэмжих, тоног төхөөрөмж, эргэлтийн хөрөнгийн гэх мэт зээл олгоно. Ингэснээр орон сууцны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхэд дэмтэй гэж албаны хүмүүс үзэж байна. Хадгаламжийн хувьд жилийн ердөө дөрвөн хувийн хүүтэй учраас бусад банкуудтай өрсөлдөхгүй гэдгийг ч мөн албаны эх сурвалжууд дуулгаж байгаа юм. Бас нэг давуу тал бол төрийн аппарат нүсэр дээрээ улам нүсэр болохгүй.

Өөрөөр хэлбэл, бидэнд нэг л Төрийн банк байхад хангалттай. Тусад нь Орон сууцны банк байгуулах шаардлагагүй гэж эдийн засагчид үзэж байгаа. Тэр утгаараа Сангийн яамныхан Төрийн банкийг өөрчлөн зохион байгуулах замаар орон сууцны банктай болох чиглэлтэй ажиллаж байгааг дээр дурьдсан билээ.

БАС НЭГ ПОПУЛИСТ ШОУ БАЙХ ВИЙ

Эрх баригчид өмнө нь бэлэн мөнгө амладаг байсан бол энэ удаад хямд зээл олгох маягтай, бас нэг популист санааг бодож олж л дээ. Тэр нь Орон сууцны банк болж хувирах нь. Үнэндээ Орон сууцны банкийг байгуулаад, дээрээс нь ядуу иргэдээс хадгаламж татна гэдэг зүгээр нэг мөрөөдөл шиг сонсогдож байна. Ядуу, орлого багатай иргэд үнэхээр орон сууцанд оръё гэж хүсээгүй л бол банкинд мөнгө хуримтлуулах талаар бодох ч сөхөөгүй явж байгаа билээ.  Тэдний хувьд "Хэрвээ би сонгогдвол таныг мөнгөгүй байсан ч гэсэн орон сууцанд оруулж өгнө" гэдэг үг тун сайхан сонсогдоно. Тэгээд ч энэ удаад яг сонгуулийн өмнө гэнэт иймэрхүү популист шинж чанартай зүйл яригдаж эхэлсэн нь зүгээр л шоу байх талтай. Хэрвээ энэ шоу буруугаар эргэвэл дөнгөж сэргэж буй санхүүгийн системийг самарч орхих эрсдэлтэй билээ. Нөгөө талаараа төр дэргэдээ банктай байх нь тийм ч зөв зүйл биш гэдэг. Санхүүгийн системд төрийн оролцоо аль болох бага байх шаардлагатай.

Гэтэл төр дэргэдээ бүхэл бүтэн банктай болж байгаа нь өөрөө хэр зөв алхам бэ гэдэгт эргэлзэж болох юм. Уг нь Төрийн банкийг удахгүй хувьчлах ёстой байсан. Гэсэн хэдий ч эсрэгээрээ бүтэц, зохион байгуулалтыг нь өөрчилж, харин ч бүр төрийн бодлогыг хэрэгжүүлэх шууд үүрэгтэй банк болгож хувиргах нь.

АРИЛЖААНЫ БАНКУУДАА ДЭМЖИХИЙГ ХҮССЭНГҮЙ

Ер нь бол үнэхээр бага хүүтэй зээл олгох гээд байгаа юм бол яагаад заавал Төрийн банкийг сонгосон нь сонирхолтой. Уг нь банк, санхүүгийн системээ дэмжье гэвэл арилжааны банкуудаараа дамжуулж хийсэн нь дээр баймаар юм. Төрд хангалттай эх үүсвэр байгаа. Хөгжлийн банкны бонд, олон улсын маш хямд эх үүсвэртэй зээлүүд гэх мэт. Энэ бүгдийг ганц нэг арилжааны банкинд хуваарилах замаар зах зээлийн шударга өрсөлдөөнийг тэтгэж болмоор. Гэтэл яг эсрэгээрээ төр өөрөө бүх зүйлийг хариуцна хэмээн дайрах аж. Төр хэзээд муу менежер байдаг билээ.

Нөгөөтэйгүүр санхүүгийн системд төрийн гар хөл дэндүү гүн шургалан орж байгаагийн нэг хэлбэр болох нь. Аливаа улс орны санхүүгийн зах зээл төрөөс аль болох хараат бус, бие даасан байж гэмээн хөгждөг жамтай. Энэ утгаараа төр өөрийнхөө бүтцийг улам л данхайлгаж, өөр дээрээ хүлээж байгаа хариуцдагаа улам нэмэгдүүлж байна. Уг нь зарим хариуцлагыг хувийн хэвшилд шилжүүлэх замаар асуудлыг шийдэж болдог л баймаар.

Л.ДЭЛГЭР

"МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж