Мөн Канадын “Power Network Corporation” компанийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Лев Карп Оросын Владивосток, Сочи, Калининградад байгуулагдах тоглоомын бүсийг сонирхож байгаа аж. Гадаадын компаниуд казинод хөрөнгө оруулахаас гадна олон улсын жуулчлалын урсгалыг Орос руу чиглүүлэхэд туслахаа мэдэгджээ.
Алс Дорнодын мөрийтэй тоглоомын бүсэд бие даасан хөрөнгө оруулагчид доод тал нь хоёр тэрбум доллар оруулна гэж оросууд найдаж байна. Тэдний тооцоолсноор казино жилд үүнээс 2-3 дахин их ашигтай ажиллаж, хөрөнгө оруулалтаа 2-4 жилд нөхөх аж.
Хятадын тусгай бүс болох Макаод зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр Оросын “Манай гэр Приморье” компанийн ерөнхий захирал Марина Ломакина “Тоглоомын бүсийг таван жилийн дотор байгуулж дуусна. Хятадаас гадна Солонгос, Япон, АНУ-ын иргэд ирнэ гэж бид найдаж байгаа. Оросууд өөрсдөө ч энд тоглож болно” хэмээн мэдэгдлээ.
Алс Дорнодын тоглоомын бүс нь Номхон далай дахь Оросын гол боомт Владивостокоос 50 км зайд байрлах тул Бээжингээс хоёр, Токиогоос нэг, Сөүлээс 1,5 цаг нисээд хүрнэ. Нийт 2,6-6 км.кв талбайд казиногоос гадна люкс ангиллын зочид буудал, худалдааны төв, гольф зэрэг спортын талбай, яхт клуб сүндэрлэх аж. Дашрамд сонордуулахад энэ оны есдүгээр сард Владивосток хотод АТЭС-ийн орнуудын саммит болно. Үүнээс өмнө Владивосток хотынхоо өнгийг засахаар Оросын эрх баригчид олон тэрбумыг тээвэр, эрчим хүч гээд дэд бүтцэд зарцуулж байгаа аж.
ОХУ 2009 оноос мөрийтэй тоглоомыг хориглож, зөвхөн дөрөвхөн бүсэд буюу Краснодар, Калининград, Владивосток, Алтайд зөвшөөрсөн билээ. Одоогоор эдгээрээс зөвхөн Краснодарын хязгаарт “Азов-Сити” казино 2010 оны нэгдүгээр сараас эхлэн ажиллаж байна.
Нэмж өгүүлэхэд Вьетнам, Филиппин зэрэг орон мөн тоглоомын бүс байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахаар өрсөлдөж байна.